sonin.mn

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж: "Цагдаагийн байгууллагын алба хаагчтай холбоотой мэдээлэл цахим орчинд гарсан. Цагдаагийн Ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газар нь хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг нэгж.


Тус нэгжээс цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаар илрүүлж, холбогдох албаны шалгалт явуулж, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн ерөнхий газрын тусгай субьект үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтэст харьяаллын дагуу шилжүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.



Дээрх нэр бүхий 4 алба хаагчийг цагдаагийн албанаас чөлөөлж, албан үүргийг нь түр түдгэлзүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.



Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллээс харахад иргэдийн зүгээс цагдаагийн байгууллага өөрийн алба хаагчдаа үнэнч шударгаар шалгаж чадах уу? гэсэн асуултууд явж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гол зарчим бол гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг бүрэн илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх юм. Цагдаагийн байгууллага энэ зарчмаа л барьж ажиллана. Дээрх алба хаагчид гэм буруутай нь тогтоодвол тэднийг өмөөрөх ёсзүй цагдаагийн байгууллагад байхгүй. Тийм эрхзүйн боломж ч байхгүй. " гэв.



Х.Цэцэн