sonin.mn

Цагдаагийн ерөнхий газраас Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн үүрэг” зөвлөгөөнийг өнөөдөр /2024.04.11/ өдөр зохион байгуулж байна.


Арга хэмжээний зорилго нь Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд төрийн болон төрийн бус байгууллага, эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.


Тус арга хэмжээнд Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн байгууллага, Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газар, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Эрчүүд гэр бүл, хүүхэд хөгжлийн нийгэмлэг төрийн бус байгууллагууд болон иргэд хамтран оролцож байна.


 Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд эрэгтэйчүүдийн үүрэг, оролцоо зөвлөгөөн нь хоёр хэсгээс бүрдэх ба “Гэр бүлийн харилцааны талаар, кэйс, сайн туршлага”, “Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршиг, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил, арга хэмжээ” зэрэг сэдвүүдийн хүрээнд иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм. 


Энэхүү зөвлөгөөнд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 анги, байгууллага, иргэд хамрагдаж байгаа бөгөөд нэг өдрийн турш үргэлжилнэ. 

Арга хэмжээг зохион байгуулснаар гэр бүлийн эерэг харилцаа, хүчирхийллийн хор уршиг, хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэхэд иргэн бүрийн үүрэг, оролцоо ач холбогдолтой талаар иргэдийн ойлголт, мэдлэг нэмэгдэнэ.