sonin.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн буюу 2021 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн агсан Ц.Шинэбаяр нарын үүсгэн байгуулсан Монгол Ардын Хувьсгалт Нам татан буугдан, Монгол Ардын Намд нэгдсэн билээ. Энэ нь МАН-ын хувьд хоёр ач холбогдолтой байсан.


Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд Сайнхүүгийн Ганбаатарыг нэр дэвшүүлж, Ухнаагийн Хүрэлсүхтэй өрсөлдүүлэхгүй байх

Хоёрдугаарт, Өөрийнхөө хамгийн том санал хуваагч намаа бүрмөсөн устгах.

Харин МАХН-ын хувьд, Монголын хамгийн том, төрийн эрх барьж буй намын нэг хэсэг болж, албан тушаалд хүрэх зорилготой байв.


Аман дээрээ бол хувьсгалт өөрчлөлтийн төлөө явна, хамтран тэмцэнэ гэх мэтийн марзан тайлбартай.



МАН-ынхан санасандаа хүрсэн. Тийм ч учраас Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн холимог тогтолцоог ямар ч эргэлзээгүйгээр сонгосон билээ.

МАХН-ынхан харин санасандаа хүрээгүй. МАХН-ын дарга асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар УИХ-ын гишүүн болж, Н.Энхбаярын зөвлөх Б.Тулга Боомтын Сайд, Н.Энхбаярын хувийн телевизийн ТУЗ-ийн Дарга П.Баттөр Соёлын Дэд Сайд болсныг эс тооцвол шүү дээ...

МАН, МАХН нэгдэхдээ УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн квотын 30 хувийг МАХН-д өгнө гэсэн гэрээ байгуулсан байдаг. Гэвч МАН-ынхан МАХН-ынхныг хуурч, энэ гэрээ гэгчээ хэрэгжүүлэхгүй нь нэгэнт тодорхой болсон гэдгийг эх сурвалж өгүүлж байна.


МАНын удирдлагууд экс МАХН-ынханд УИХ-д нэр дэвших 10 хүрэхгүй мандат өгч магадгүй бөгөөд тэдгээрийн дийлэнхийнх нь тойрог ялалт байгуулах магадлал хамгийн багатай газрууд байх аж. Яахав, МАХН угшилтай нэг залуу эмэгтэйг намын жагсаалтын эхний 15-д бичиж магадгүй юм байна. 

Ер нь МАН, МАХН нэгдсэний дараачаас л гэрээ гэгч нь зөрчигдөж эхэлсэн байдаг. Тодруулбал МАН-ын Удирдах Зөвлөл, Бага хурал, бүх шатны намын хороодод МАХН-ын төлөөлөл 30 хувийн квоттойгоор орно гэсэн заалт байсан нь дүр исгэсэн байдлаар хэрэгжжээ.


Тодруулбал МАХН-ын квотоор орж буй гэх МАН-ын Бага Хурлын шинэ гишүүд нь МАХН-д ямар ч хамааралгүй, компаний захирлууд, олигархиудын өв залгамжлагч, хунтайж нар, МАН-аас хасагдсан байсан С.Мөнхчулуун зэрэг есөн шидийн нөхөд байсан билээ. Энэ үйл ажиллагаанд гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих учиртай МАХН-ын экс генсек нь өөрөө оролцсон байх магадлалтай тул ямар ч хэл үг, шүүмжлэл гараагүй юм.


Нөгөөтэйгүүр МАН-ын МАХН-ынханд өгч буй 10 хүрэхгүй мандат ч олигтой үр дүн дагуулахгүй байх төлөвтэй байгаа аж. Тодруулбал УИХ-ын 2024 оны сонгуульд МАН-аас нэр дэвшихээр горилогчдын намын гишүүдтэй хийх уулзалтуудын реакци нь МАХН-ынханд нэг л хүнийрхүү, дургүйцсэн өнгө аястай байсан байна. 

Энэ байдлаараа бол 30 хувь гэх том тоо ярьж, МАН-тай нэгдсэн "экс МАХН-ынхан" айсуй парламентад Э.Батшугар ба жагсаалтад орсон нэг эмэгтэй гэсэн хоёр УИХ-ын гишүүнтэй л үлдэж магадгүй болжээ.


М.Гал