ДУШАНБЕ, 2024 оны зургаадугаар сарын 11 /TASS/. Тажикистан улс 2037 он гэхэд ногоон эрчим хүч рүү бүрэн шилжихээр төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон “Тогтвортой хөгжлийн төлөөх ус” дээд түвшний олон улсын гуравдугаар бага хурлын нээлтийн ёслолд үг хэлэхдээ мэдэгдлээ. "Бидний тавьж буй бас нэгэн зорилт бол Тажикстаныг 2037 он гэхэд “ногоон” орон болгох явдал юм" гэж Э.Рахмон хэлэв.
Тус улс ногоон эдийн засагт шилжих хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд усны нөөц гол үүрэг гүйцэтгэж байгааг тэрбээр онцоллоо.
“Тажикистан улс цахилгаан эрчим хүчнийхээ 98 хувийг усан цахилгаан станцуудаас үйлдвэрлэдэг. Бид 2032 он гэхэд энэ үзүүлэлтийг 100 хувь болгох зорилт тавиад байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчийг бүхэлд нь ногоон эрчим хүчний нөөцөөс үйлдвэрлэдэг болно” гэж Э.Рахмон мэдэгдэв. Түүнчлэн “мод тарих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2 тэрбум гаруй суулгац тарихаар төлөвлөж байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ. Тажикистан улс нь мөн усны асуудлаарх хил дамнасан хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулдаг.
Үүнтэй холбогдуулан тэрбээр хэлэхдээ "Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, усны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бүтээлч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа дахин илэрхийлж байна” гэлээ.
“Тогтвортой хөгжлийн төлөөх ус-Олон улсын арван жилийн үйл ажиллагаа 2018-2028” дээд түвшний гуравдугаар бага хурлын албан ёсны нээлтийн ажиллагаа өнөөдөр Душанбе хотноо болжээ. Энэ удаагийн бага хуралд дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, олон улсын байгууллагуудын төлөөлөгчид зэрэг 2 мянга гаруй зочид төлөөлөгчид оролцож байна.
Тус хурлын хүрээнд төрөл бүрийн форум, наадам, үзэсгэлэнг зохион байгуулж, Тажикистаны усны нөөц, боломжийг танилцуулах ажээ.
2016 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор тунхагласан “Тогтвортой хөгжлийн төлөөх ус” олон улсын арван жилийн үйл ажиллагааг дэмжих зорилготой энэхүү бага хурлыг Душанбед гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд үүнээс өмнө 2018, 2022 онд болжээ. Тус хурлыг Тажикстаны засгийн газар НҮБ болон олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр зохион байгуулдаг.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл3
Монголчууд 21 дүгээр зуунд Хар нүүрстэйгээ үлдэх нь гарцаагүй
Дэлхий нийтээрээ нүүрс газрын тос шатахуун байгалийн хийнээс татгалзаж цэвэр эрчим хүч рүү яаралтай шилжих цаг болсон байна.
chaajiindoo