sonin.mn

983 онд би хөгшин цэрэг цэргийн албанд татагдлаа. Үнэнийг хэлэхэд, цэрэгт явахад дурамжхан байсан юм. Учир нь Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан би тэр хавар нь Бээжинд Элчин сайдын яаманд ажиллахаар явах болж бэлтгэлд ороод байлаа. Яамны харьяа Гаалийн газрын дэд дарга Минжин гуай Худалдааны зөвлөхөөр, намайг орчуулагчаар нь явуулахаар удирдлагаас шийдээд байтал би ингээд цэрэгт татагдчих нь тэр. Хүний хувь заяа, зураг төөрөг гэж тэр биз ээ. Бараг хорин жилийн дараа 2001 онд сая Элчинд ажиллах боломж гарсан даа. 

Одоо яая гэхэв. Хэд хоног гүрийгээд байж байтал нэг өглөө хаалга тогшоод л, гүйцээ. Цэрэг татлагын комиссынхон цагдаагийн хамт иржээ.

-Та иргэн Галаа мөн үү? 

-Мөн...

-За тэгвэл, хувцаслаарай. Явья!... 

Цэргийн үзлэгээр орж тэнцээд шууд Таван толгой руу ачигдав. Тэр үед татагдсан шинэ цэргүүд Улаанбаатарын баруунтай, Сонгинын буланд байх Таван толгойд бөөгнөрч тэндээс хуваарилагдсан газар руугаа явдаг байв. Зүүнбаян руу, Дорнод руу, Алтай руу, ер хаашаа л бол хаашаа хуваарилагдаж одно. 

Тэр ёсоор шинэ цэрэг би Төв аймгийн Баянчандманьд байх карантинд ирлээ дээ. Цэргийн алба гэдэг аргагүй л олон аавын хүүхдүүдийн чадал чансааг шалгаж, тэвчээр хатуужил, сэтгэлийн хат, хүн чанар, юм юм л сорьж, суулгаж өгдөг, нэг ёсны ажил, амьдралын бас нэгэн гараа, эр хүний заавал туулах үе шат байдаг ажээ. 

Чөлөөтэй, задгай өссөн залуус цагийн дэглэмд орж, өглөө эрт босч, өдөржин нарийн хуваарьт хичээл сургуулилт, жагсаал, биеийн тамир гээд сул зав зай байхгүй амьдралд ороод ирэхээр юм юм бодогдоно. 

“Хүний эрхэнд жаргахаар, өөрийн эрхээр зов” гэдэг үг ч санагдана. Тэр үед армид дэг багассан ч, бүрмөсөн алга болоогүй байсан цаг. Шууд зодож нүдээд байхгүй ч, жагсаалын аргаар дэглэх нь хэвээрээ байсан юм. Шөнө ид унтаж байхад сэрээж босгон гадаа шумууланд хазуулаад зогсоочихно. Тэгээд нэг офицер ирээд үүр цайтал үг хэлж үүрэг тавина. 


Хоолоор дэглэнэ. Хуучин цэргүүд орж ирээд: “Ахын дүү нар өлсөж байна уу? Хэн өлсөж байна? Гараа өргө!” гэнэ. Хөгшин цэргүүд хашир юм болохоор өлсөж байсан ч дуугарахгүй. Хөдөөнөөс ирсэн голдуу, арван наймтай залуу хүүхдүүд тэсэлгүй гараа өргөнө. 

-Алив, ахын дүү хүрээд ир! Аавын хүү ардын цэрэгт өлсөж болохгүй ээ. Наашаа гараад ир! Ах нар нь чамайг цатгана аа. Май, энийг бүгдийг нь ид! гээд өмнө нь хувин дүүрэн хоол, бүтэн талх авчраад тавьчихна. Болоогүй ээ, бас суран бүсийг нь татаж хамгийн нарийхан дээр нь бүслүүлчихнэ. Тэгээд өөдөөс хараад суучихна даа. Шахаж өгнө. “Ид, хурдан ид! Бүгдийг нь иднэ шүү! Үлдээхгүй шүү!” гэж шахна. Өнөөх чинь эхлээд бөөн дур цохиж гарна. Гэвч удалгүй орохоо байж эхэлнэ. Хувин хоол яаж барахав. Дунд нь ч хүргэхгүй. Гэсэнч хал цэргүүд шахахаа болихгүй, харин ч дарамталж өгнө. 

-Чи өлсдөг гээ биз дээ? Ид, сайн ид! Дуустал нь ид! Чи армид ирээд өлсөж байна гэж аав ээждээ бичдэг үү? Ардын арми чамайг өлсгөөд байна уу? гэж ирээд л дэглэж өгнө. Өнөөх чинь аргагүйн эрхэнд цэрийтэл баахан идээд, сүүлдээ амаар нь гарах шахан огиж, бөөлжиж эхэлнэ. Бүр нус нулимстайгаа холилдоно гээч.  


Хөдөөний хүүхдүүд бол ёстой үйлээ үзнэ. Тэд мал дээр л байсан болохоос ямар, сургууль соёлоор тууштай явсан биш. Ухаан нь биеийн тамирын хичээл энэ тэрд орж байгаагүй болохоор ёстой хэцүүдэнэ. Турник, савлуур, модон морин дээр яаж ч чадахгүй. Тэгэхээр нь савлуураас бүсээр нь хүлээд дүүжилж орхино. Халуун наранд тэрэн шиг зовлон байхгүй биз. 

Мань мэт нь харин дунд сургууль, их сургуульд олон жил биеийн тамирын хичээл энэ тэрээр явчихсан юм болохоор гайгүй, гэхдээ л цуварсан олон савлуураар нэг талаас нь нөгөө талд нь хүртэл дүүлэн дүүжлэгдэн яваад буухад хоёр гарын алга цэврүүтээд, зарим нь хагарч цус гараад, хорсоно гэж жигтэйхэн. 

Манай карантинд хөгшин цэргүүд ихтэй. Арван найм, естэй хүүхдүүд голдуу цэрэгт явдаг байхад их, дээд сургууль төгссөн, ажиллаж байгаад татагдсан хорин хэдтэй залуус бол хөгшин цэрэг, хөгшчүүл гэгдэнэ. Бидний дунд Орост, Болгарт, Германд, бас дотооддоо их, дээд сургууль төгссөн, тэр байтугай төгсөөд хэдэн жил ажиллачихсан, бүр хорин найман настай, тэр жилээ л татагдалгүй үлдэж чадвал дараа жил нь цэрэгт татагдах нас нь өнгөрөх “азгүй нэгэн” хүртэл байсан юм. 

Цэргийн алба олон жилийн туршид гурван жилийн хугацаатай байснаа намайг цэрэгт татагдсан тэр жилийн өмнөхөн хоёр жилийн хугацаатай болсон байлаа. Үүнд сайн тал ч бий байх, муу тал ч бий байх. Харин өнөөдөр бол бүр нэг жил болгочихсон, тэр байтугай, оюутан цэрэг ч гэнэ үү, дүйцүүлэх алба ч гэнэ үү, нэг тийм алба өнгөрөөж, оромдсон хачин юм бий болсон байна лээ. 

Бид карантинаас буугаад хэд хонож байлаа. Карантинд харин ч гайгүй байж. Ангид ирсэн хойно биднийг хүлээж авсан хуучин цэргүүд дэг гэж ийм байдаг юм гэсэн шиг дарга, офицеруудын сиймхийгээр дэглэн хөөрхөн шоглож эхэллээ. Онжавууд маань дэгэнд ороод хөх няц болчихсон, сэтгэл гундуу, уруу царайтай явах болов. 


Шөнө унтаж байтал “Босоод!, Жагсаад!” гэх хахирган дуу казармаар дүүрэн хадахад чихэнд чийртэй ч, босохоос аргагүй. Бушуухан босч нойрмоглосоор хувцсаа өмсч гүйлдэн жагсацгаана. Хэдэн хал цэрэг халамцуу бололтой, тамхи баагиулан, суран бүс эргэлдүүлэн, ёстой танхайрч гарна. 


Жагссан цэргүүдийн урдуур алхлан зарим нэгийг нь дуудаж гарган шанаа өгч, өндөр өсгий нэмж дэглэсэн тахтай гутлаараа элэгдэн эвхрүүлж, юм юм л болно. Тэгснээ шал лаадаж зүлгүүлэн баахан мөлхүүлсний дараа ор дэр хураалгаж, засуулна. Дараа нь суниалгаж эхэлнэ. Зүгээр ч суниалгахгүй. Цээж, элгэн дор лааны өөдөс асааж тавьчихаад, эсвэл зүү зоочихоод командаар хорь, гуч суниалгахад хоёр гар цуцаад мэдээ алдан хачин юм болно. Гэхдээ арай ч зүүн дээр унагаачихгүй. Хожим хойно бодоод байхад, энэ бүхэн цэргүүдийн сэтгэлзүйд илүүтэй нөлөөлж, хат суулгаж өгдөг байжээ...  

Нэг өдөр хэдэн хөгшин цэрэг цуглалаа. Намайг ч дуудлаа. Очвол Германд сургууль төгссөн Чука, Орост төгссөн Зориглон, бас хэн хэн ч билээ, хэдэн хөгшчүүл байж байна. Баахан ярилцлаа. Дэг дэндэж байна, яах вэ? гэнэ. Бүгдээрээ санаа бодлоо уудлая, зовлон жаргалаа ярьцгаая! Ингээд байгаад байх юм уу, цаашаа яах вэ? гэлцэж байна. 

Чука хэлж байна: Цаашдаа ингээд байгаад байж болохгүй ээ! Цөмөөрөө ангийн даргад гомдол гаргая! Тэгэх үү? Та нарын санал бодлыг сонслоо. Би нэг юм бичиж захирагчид өгнө өө. За, тохирлоо шүү!... Бид тэгсгээд тарцгаасан юм. 

Гэтэл маргааш нь ангийн захирагч өрөөндөө дуудлаа. Нэрийг нь мартжээ. Харин хочийг нь Уграаз гэнэ. Орос хэлний Угроза буюу аймшиг, айдас, аюул занал гэсэн утгатай үг. Гаднаа бол хочиндоо таарсан аймшигтай чанга хутуу, хайр найргүй хар нөхөр л дөө. Гэхдээ цаанаа бол өөр хүн байсан юм. Орвол нөгөө хэд маань бас байж байна. 

-За, Галаа, цэргийн алба ямар байна? Хэцүү юм байна уу? 

-Зүгээр.

-Зүгээр ч биш л байна даа. 

...

Та нар гомдол гаргасан байна. Болохгүй бүтэхгүй юм байгаа юм биш үү? 

...

Өргөдөл гомдлыг хүлээн авч танилцаж байна. Энд бичсэн бүгд үнэн үү? 

Би дуугарсангүй. Чука дээшээ гомдол гаргана гэж байсан болохоор “Мань хүн гомдол гаргаснаараа мэдэж байгаа байлгүй” гэж бодоод түүн рүү харав. Чука над шиг л дуугүй царайлан зогсч байна. 

Биднийг удалгүй гаргав. Харин дараа нь Уграаз хуучин цэргүүдийг ёстой чангалж өгчээ. Ёстой л дүрмээр дэглэнэ гэдэг л болж. Хулхи нь буучихсан хуучин цэргүүд хаачсан нь мэдэгдэхгүй, үзэгдэхээ байв. Харин надтай гайгүй байдаг нэг хал цэрэг тааралдаад:

 -Цэргийн амьдрал гэдэг цэргийн л амьдрал шүү дээ. Хатуу чанга дэг журамтай байж л цэрэг болдог юм! “Хал үзэж цэрэг болдог” гэж үгтэй биз дээ. Бид ч тийм л байсан. Эр хүн бусдыгаа матаж, ар өврөөр нь элдэв юм ярьж хов зөөж явах муухай! Дахиж битгий тэгээрэй! гэж байна.  


Явсан хойно нь янз бүрийн юм бодогдлоо. Намайг буруутгаад байхыг нь бодох тусам би тэднийг матчихсан юм шиг санагдаад байна гээч. Уграаз ч над руу хараад яриад байсан, энэ цэрэг ч над руу чичлээд байх шиг санагдав. Сүүлд нь олж мэдэхнээ нь, Чука тэгж биднийг цуглуулж хатгаж ярьчихаад, харин гомдол бичихдээ ганцхан миний нэрийг л тавьсан байсан гэдэг. Тэгээд “Өөрөө өгч чадахгүй, намайг өгчихөөрэй гэсэн юм аа” гэж хэлжээ. Матахад ч бас гүйлгээ ухаан хэрэгтэй ажээ. Хүний гараар могой бариулна гэдэг чухам ийм байдаг санж... 

Олон жилийн дараа, 2010 он гарсан хойно би түүнтэй тааралдсан юм. Ажлаасаа гарчихаж. Уг нь улсын тархи болсон байгууллагад ажилладаг байсан юм. Одоо ажилгүй, гэртээ байдаг гэнэ. Саяхан хүүхдүүд нь Америкт явж байгаад машины осолд орчихсон гэнэ. “Бүгдээрээ бурхан болсон” гэж ярихдаа харин ямарч халагласан эмгэнэсэн шинжгүй, зүгээр л шинэ сонин дуулгаж байгаа аятай ярихад нь би ёстой мэл гайхав.  

Тэгснээ, “Маш том судалгааны ажил хийж байгаа. Зүүнгарын хаант улсын түүхийг судалж байгаа, удахгүй Ойрад Монголын холбоо байгуулна” гэж баахан ярьснаа бүр, эртний баруун монгол аялгаар ярьж эхлэхэд нь яриаг нь үнэндээ ойлгосонгүй. Юу ч гээд байгаа юм, бүү мэд. Эртний удган эмгэний үгийг улаалж байна ч гэх шиг, Галдан бошогт хаан гэрээслэл буулгаж байна ч гэх шиг. Хэдэн зууны тэртээх эртний хүн амилаад өмнө зогсч байх шиг хачин жигтэй бодол салахгүй байлаа. Мань хүн уг нь орос, герман, англиар ус цас шиг л дээ. Одоо бүр эртний монгол хэлээр ярьдаг болж... 

Хараад байхад мань хүн нэг л хэвийн биш болжээ. Нүд нь гялалзаад, завьжинд нь хөөс сахран, намайг үг хэлүүлэхгүй зогсоо зайгүй лекц уншчихав. Ямарч их юм мэддэг юм, яасанч сайн мэддэг юм. Гэхдээ түүний ярьсан түүхийг би хаанаас ч олж үзээгүй юм. Лав тийм бичмэл түүх байхгүй. Тэгэхлээр мань хүн тэр бүгдийг өөрөө л бодож олсон хэрэг. Цэвэр ургуулан бодож санаанаасаа зохиожээ. Эсвэл өөрийнх нь яриад байгаа шиг “Дээд тэнгэрээс авшиг буулгасан” юм бол уу. Тэгээд түүндээ бүрмөсөн итгэж, бүрэн автаж, өнөө үед биш, өнгөрсөн цаг үед амьдрах болжээ. 


 Түүнээс хойш хаа нэг түүнтэй таарахаараа, үнэн худал нь мэдэгдэхгүй яриаг нь сонсч цаг үрэхээс залхахдаа би холуур өнгөрдөг болов. Бодоод байхад сэтгэцийн ямар нэгэн юмтай болсон нь илт. Тийм ээ, номын цагаан солио. Шизофрени гэдэг дээ. Тийм хүн юманд санаа зовохоо больчихдог юм гэсэн. Ямар сайндаа л хүүхдүүдээ осолд орсон гэж ярихдаа ямарч сэтгэлийн хөдлөлгүй байсан нь тэр. 

Эхэндээ би цэрэгт байсан үеийнхээ тэр нэгэн явдлыг ярья гэж боддог байсан ч сүүлдээ больсон юм. Ийм хүнтэй юугаа ч ярих билээ. Монголчууд ийм юмыг нохой зан, ийм хүнийг нохой хүн гэдэг дээ... 

За, ингээд өндөрлөе. Энэ бол миний дурсамж романы нэг хэсэг юм аа. Бага насныхаа тухай “Сансарын хүүхдүүд”, залуу, идэр насны он жилүүдийнхээ тухай “Гүүр” хэмээх хоёр роман бичсэн. Гэхдээ хэвлүүлээгүй байгаа. Хэрэв уншигч танд сонирхолтой бол өөр олон зүйлийн тухай дараа дахин хүүрнэсү.


   Дурсамж хөтөлсөн Я.Ганбаатар