sonin.mn

2022 оны 12-р сараас эхлэн иргэд Төв талбай дээр сүрт жагсаал хийн, нүүрсний хулгайг эсэргүүцэж эхэлсэн билээ. Нийгмийн уур амьсгал ч ихээхэн ширүүн болоод байв. Учир нь сүүлийн 10 жилд 6.5 сая тонн нүүрс хулгайд алдсан байж болох үндэслэл тогтоогдоод байсан юм. Үүнийг өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөг орчим болдог. Энэ бүхэн Эрдэнэс Тавантолгой компаний нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдаатай холбоотой, хоёр улс дамнасан, төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон ихээхэн том луйвар болох нь тодорхой байв.



Гэтэл энэ үед УИХ-ын гишүүн асан Лувсангийн Энхболд гэнэт гарч ирэн, нүүрсний хулгай гэх ерөнхий сэдвийн доор 40 их наяд төгрөгний луйврын талаар биш ажиллагсдынх нь дийлэнхийг төрөлх нутгийнхан нь бүрдүүлдэг, Өмнөговийн орон нутгийн өмчит "Тавантолгой" компани дээр гарсан данс, тооцоо зөрсөн байж магадгүй асуудлыг ярих болсон юм.



Пиарын онолд яг иймэрхүү үйлдлийг анхаарал сарниулах, фокус холдуулах гэж нэрлэдэг. Маш энгийнээр тайлбарлавал нүүрсний хулгай гэсэн үг сонсмогц тухайн хүнд дарга нарын оролцсон 40 их наядын луйвар биш орон нутгийн компаний жижиг маргаан л төсөөлөгддөг болох бөгөөд ингэснээр жинхэнэ хулгай ба жинхэнэ хулгайчдад ашигтай гэсэн үг. Үнэхээр нүүрсний хулгайн хэргээр ял шийтгэгдсэн үндэслэлд Өмнөговьчуудын өмч, орон нутгийн Тавантолгойн уурхайн маргаан биш "Эрдэнэс Тавантолгой"-н захирал асан Б.Ганхуяг нарын мөнгө угаасан шалтгаан байгааг шүүх тогтоосон юм. Харин Лувсангийн Энхболд тухайн үед нүүрсний хулгай гэсэн нэрийн доор 40 их наядын луйврыг биш төрөлх нутгийнхаа орон нутгийн өмчит компаний тухай ярьсан нь Монгол Ардын Намын дарга нарт ихэд сайшаагдаж, магтагдсан байна. Саяхан Өмнөговь аймгийн Монгол Ардын Намын хорооны даргаар сонгогдсон нь ч үүнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй юм.




С.Сарнай