ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И хоёрдугаар сарын 21-ний өдөр Йоханнесбург хотноо зохион байгуулагдсан “Их 20”-ийн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын үеэр Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеалатай уулзав.
Ван И уулзалтын үеэр Хятад улс НҮБ-ыг үүсгэн байгуулагч орны хувьд олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг баримталж буйгаа илэрхийллээ. Тэрбээр НҮБ-ыг төв болгосон олон улсын тогтолцоо болон ДХБ-аар зангилаа болгосон чөлөөт худалдааны тогтолцоог Хятад улс тууштай дэмжиж байгааг дурдаад, өнөөдөр ганц талт үзэл, протекционизм газар авч буй ч эдийн засгийн даяаршлын чиг хандлага хэвээр үргэлжлэх ёстойг онцлон тэмдэглэж, улс орнууд худалдааг чөлөөлж, хөнгөвчлөхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн сэргэлтийг хурдасгахын төлөө хамтран ажиллах шаардлагатай гэжээ.
Хятад улс ДХБ-ын шинэчлэлийг тууштай дэмжиж, хөгжиж буй орнуудын дуу хоолойг сонсох, цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг дагах Ерөнхий захирлын санаачилга, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ Ван И илэрхийлэв. Түүнчлэн Хятад улс хөгжиж буй орны статусаа баримталж байгаа ч олон улсын өмнө хүлээсэн үүргээсээ хэзээ ч ухрахгүй бөгөөд том гүрний хариуцлагаа үргэлжлүүлэн биелүүлсээр байх болно гэв.
Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала Хятад улс дэлхийн тогтворгүй нөхцөл байдал дунд тогтвортой хөгжин, НҮБ-ын ядуурлыг бууруулах зорилтыг хугацаанаас нь өмнө биелүүлж, аж үйлдвэржилтийг хурдацтай хөгжүүлж, боловсролын салбарт өндөр амжилтад хүрч буйг онцлов. Тэрбээр Хятадын эдгээр ололт амжилт нь хөгжиж буй улс орнуудад үлгэр жишээ болж байгааг дурдлаа.
Мөн Хятад улс яриа хэлэлцээ, зөвшилцлийн зарчмыг баримталж, олон талт механизмын хүрээнд худалдааны маргааныг зохицуулах бодлого хэрэгжүүлж байгааг ДХБ өндрөөр үнэлж буйг тэмдэглэв. Түүнчлэн ДХБ-ын бүтцийн өөрчлөлтийг Хятад улс үргэлжлүүлэн дэмжин ажиллахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
Лхагва - 04 сарын 22,
2026
Сэтгэгдэл0