sonin.mn

025 оны 3-р сарын 7-ны үдээс өмнө 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын 3-р чуулганы хэвлэлийн бага хурал болжээ. ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад Харилцааны сайд Ван И Хятадын гадаад бодлого, гадаад харилцааны талаар олон улсын сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.



АНУ “Энэтхэг-Номхон далайн стратеги”-аа хэрэгжүүлснээс хойш юу хийсэн бэ?


Ван И хэлэхдээ, "21-р зуунд Ази тив хурдацтай хөгжиж, дэлхийн хөгжлийн өндөрлөг газар, энх тайван, тогтвортой байдлын баян бүрд болж чаджээ. Энэ бүхэн хялбархан ирээгүй бөгөөд үүнийгээ нандигнан хамгаалах ёстой. Ази тив бол Хятад улс болон Азийн бусад улс орнуудын оршин амьдрах хамтын гэр орон юм. Өнөөдөр Хятад улс нь Азийн тогтвортой байдлын төв, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр, бүс нутгийн аюулгүй байдлын тулгуур хүчин болж байна. Хятад Улс өөрийн эргэн тойрны бүс нутагт Америкийн дунд зайн тусгалтай пуужинг байршуулахыг эрс эсэргүүцэж байна. АНУ “Энэтхэг-Номхон далайн стратеги”-аа боловсруулж хэрэгжүүлснээс хойш бүс нутгийн орнуудын төлөө юу хийсэн бэ? Тэд зөвхөн үймээн самуун дэгдээж, хагалан бутаргахаас өөр юу ч хийгээгүй, улам их хор хөнөөл учруулсаар ирсэн. Ази тив нь том гүрнүүдийн өрсөлдөөний дайны талбар биш, харин олон улсын хамтын ажиллагааны үлгэр жишээ газар байх ёстой. Бид нээлттэй бүс нутгийн үзлийг дэмжиж, харилцан хүндэтгэж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд тулгуурлан Азийн хөгжлийн боломжийг хуваалцахыг баримталдаг гэжээ.


Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгисийн эрх ашгаа хууль эрх зүйн дагуу тууштай хамгаалах болно


Хятад Филиппиний тэнгисийн маргаантай холбогдуулан Ван И хэлэхдээ, Хятад улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгисийн эрх ашгаа хууль эрх зүйн дагуу тууштай хамгаалах болно. Рэнь-ай шүрэн арал, Хуан-Яньдао арлыг хянахдаа бодит шаардлагад нийцүүлэн хүмүүнлэгийн үзэл баримтлалыг тусгана. Гэхдээ өдөөн халдлага үйлдэгчид үүнээс үүдэлтэй үр дагаврыг өөрсдөө хариуцах ёстой. Шатрын хөлөг бологсод эцэстээ хаягдах нь зайлшгүй гэдгийг анхааруулъя гэжээ.




Хятад улс дэлхийн засаглалын илүү шударга, үндэслэлтэй тогтолцоог бий болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн


Ван И хэлэхдээ, энэ жил НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Өнгөрсөн хугацаанд НҮБ олон сорилтыг даван туулж, олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэснийг практик үйл ажиллагаа нотолж байна.



Өнөөдөр дэлхий дахины нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, ганц талт үзэл, хүчний улс төрийн нөлөөгөөр зарим улс орон НҮБ-д эргэлзэх хандлагатай болсон. Гэвч зөрчилдөөн нэмэгдэхийн хэрээр НҮБ-ын ач холбогдлыг улам бүр тодотгон харуулах шаардлагатай. Сорилтууд улам хурцадсан үед НҮБ-ын эрх мэдлийг хамгаалах нь нэн чухал гэж Хятад улс үзэж байна.

Хятад улс бүрэн эрхт байдал, эрх тэгш байдлын зарчмыг тууштай баримталж, том, жижиг, хүчирхэг, хүчгүй аливаа улс орон олон улсын хамтын нийгэмлэгийн тэгш эрхтэй гишүүн байх ёстой гэсэн байр суурийг баримтална гэж онцлов.




Өөрсдийн нүдээр илүү бодитой, тод томруун Хятад Улсыг харахыг урьж байна


Ван И хэлэхдээ, ард түмний найрамдал нь хоёр талт харилцааны ул суурь бөгөөд энх тайвныг бэхжүүлэх чухал хүчин зүйл юм. Хятад улсын эдийн засаг, нийгэм тогтвортой хөгжиж, олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлснээр дэлхийн улс орнууд болон Хятадын ард түмэн улам ойлголцох болжээ. Хятад улс хөгжиж буй олон оронтой харилцаагаа үргэлж чин сэтгэлээсээ өргөжүүлж ирсэн бөгөөд Хятадыг таньж, ойлгох нь өндөр хөгжилтэй орнуудын иргэдийн дунд ч эрэлттэй чиг хандлага болоод байна.


Иймд улс орнуудын ард иргэд өнгөт шилээсээ салж, илүү бодитой, эрч хүчтэй Хятадыг өөрийн нүдээр харж, 1.4 тэрбум хятадын ард түмний хөгжил дэвшил, эрч хүчийг бодитоор ойлгохыг урьж байна гэжээ.




Хятад Улс дэлхийн эдийн засгийн даяарчлалыг тууштай дэмжих болно


Ван И хэлэхдээ, өнөөгийн дэлхий ертөнц өөрчлөлт хувиралт ихтэй байгаа бөгөөд тодорхойгүй байдал ноёлох болжээ. Ялангуяа их гүрнүүд ямар сонголт хийх нь цаг үеийн чиг хандлагыг тодорхойлох бөгөөд дэлхийн тогтолцоонд нөлөөлөх болно. Хятад Улс түүхийн зөв талд, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн талд тууштай зогсож, Хятад улсын тогтвортой байдлаар өнөөгийн дэлхийд тодорхой хүчин нэмэрлэхийг хичээнэ. Мөн бид улс орныхоо ашиг сонирхлыг тууштай хамгаалах болно. Хятадын 1.4 тэрбум иргэд ямар ч дарамт шахалт, айлган сүрдүүлэлтээс айхгүй бөгөөд Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтын түүхэн алхааг хэн ч хориглож чадахгүй.

Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай сахин хамгаалагч байж, эрх тэгш, нээлттэй хамтын ажиллагаа, дэлхийн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн өргөжүүлж, халуун цэгийн асуудлыг Хятадын онцлогтой шийдэх болно. Энх тайван хөгжлийн замнал бол гэгээн саруул зам гэдгийг бодит практик дээр нотолж, дэлхийн улс орнуудын хамтын сонголт байх учиртай.


Хятад улс олон улсын шударга ёсыг тууштай сахин хамгаалах дэвшилт хүчин болж, олон талт үзлийг тууштай мөрдөж, хамтдаа зөвшилцсөн, хамтдаа байгуулсан, хамтдаа хуваалцсан дэлхийн засаглалыг ахиулж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг даган мөрдөж, эмх цэгцтэй, эрх тэгш дэлхийн олон туйлт байдлыг бий болгоход илүү их нийтлэг ойлголтыг бүрдүүлнэ. Бид дэлхийн хамтын хөгжлийг ахиулах бүтээлч хүчин болж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байхаа улам өргөжүүлж, улс орнуудтай Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн өргөн боломжийг хуваалцаж, олон талт чөлөөт худалдааны тогтолцоог хамгаалан, нээлттэй, багтаамжтай, ялгаварлан гадуурхахгүй олон улсын хамтын ажиллагааны орчинг бий болгож, дэлхийн эдийн засгийн даяарчлалыг тууштай дэмжих болно гэжээ.




Анд нөхдийн харилцаа өнө мөнх байх ёстой


Олон улсын дэг журамтай холбоотойгоор Ван И хэлэхдээ, улс орнууд мөнхийн найзууд байх ёстой бөгөөд нийтлэг ашиг сонирхолтой байх ёстой гэж онцолжээ. Тэрээр том гүрнүүд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг хөөцөлдөж, бусд улс оронтой дээрэнгүй харьцаж болохгүй хэмээн тэмдэглэсэн байна.


Дэлхийн өмнөдийн орнууд дэлхийг тогтворжуулах зангилаа хүчин болж байна 


Ван И хэлэхдээ, дэлхийн өмнөдийн орнуудын эгнээ улам өргөжиж байгаа нь цаг үеийн онцлох үзэгдэл болж байна. Одоогоор дэлхийн өмнөдийн орнуудын эдийн засаг дэлхийн эдийн засагт 40 хувийг эзэлж байгаа бөгөөд дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг хангах, дэлхийн засаглалыг сайжруулахад голлох үүрэг гүйцэтгэж байна. Зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтийн үед зүүн, баруун, умард, өмнөдийн харилцаанд түүхэн чанартай өөрчлөлт гарч байна. Иймд дэлхийг тогтвортой байлгахад дэлхийн өмнөдийн орнуудын хүчин чармайлт чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.



Ван И Хятад, Оросын харилцааны талаар тайлбар хийв


Ван И хэлэхдээ, олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Оросын найрамдалт харилцаа өөрчлөгдөхгүй юм. Хоёр тал сайн хөршийн найрамдалт харилцаагаа хадгалж, стратегийн иж бүрэн зохицуулалт хийж, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагааг эрэлхийлнэ. Энэ нь хоёр орны ард түмний үндсэн ашиг сонирхолд бүрэн нийцэж, цаг үеийн хөгжлийн чиг хандлагад нийцэж байгаа юм. Хятад, Орос хоёр улс эвсэл бүлэг байгуулахыг эрмэлзэхгүй, сөргөлдөхгүй, гуравдагч талд чиглэхгүй харилцааг хөгжүүлэх арга замыг олсон. Бид шинэ маягийн том гүрнүүдийн харилцааны тэргүүн эгнээнд явж, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээг бий болгосон. Хятад-Оросын тогтвортой харилцаа нь ямар ч үйл явдлаас болж өөрчлөгдөхгүй бөгөөд гуравдагч талын хөндлөнгийн оролцоог хүлээн зөвшөөрөхгүй. Дэлхий дахинд тогтвортой байдлыг бий болгодог хүчин зүйл болохоос геополитикийн тоглоомын хувьсагч биш юм гэжээ.


Ван И цааш нь хэлэхдээ, энэ жил дэлхийн II дайны ялалтын 80 жилийн ой тохиож байна. Хятад, Орос хоёр улс Азийн болон Европын дайны талбарт амь насаа зориулан тэмцэж, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт байгуулахад асар их хохирол амсаж, үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Бид хамтдаа Дэлхийн II дайны ялалтыг тэмдэглэж, уг дайны түүхийг зөв оновчтой сурталчлан таниулж, ялалтын үр дүнг хамгаалж, НҮБ--аар цөм болгосон олон улсын тогтолцоог бэхжүүлэн, олон улсын дэг журмыг илүү шударга, зохистой болгоход хувь нэмрээ оруулах болно гэжээ.




Энэ намар Хятадын Тяньжинь хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болно


Ван И хэлэхдээ, энэ жил Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын “Хятадын жил” юм. ШХАБ нь Хятадад байгуулагдсан бөгөөд Шанхай хотын нэрээр нэрлэгдсэн нь онцгой ач холбогдолтой. ШХАБ-ын хурлыг “эх нутаг”-т нь зохион байгуулах гэж буйд маш их баяртай байна.

ШХАБ-ын 24 жилийн хөгжлийн үр дүнд 6 гишүүн оронтой байснаа 26 оронтой том гэр бүл болтлоо өргөжиж, дэлхийд хамгийн өргөн уудам газар нутаг, хамгийн олон хүн амыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болж хөгжжээ. Шанхайн үзэл санааг ямагт ахиулж, харилцан итгэлцэх, харилцан ашигтай байх, эрх тэгш зөвшилцөх, олон талт соёл иргэншлийг хүндэтгэх, хамтдаа хөгжихийг эрмэлзэх анхны зорилгоо тууштай баримталж, бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ замд орсон нь ШХАБ-ын хөгжил, өсөлтийн гол түлхүүр юм.



Энэ намар Хятад улс Тяньжинь хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид амжилттай туршлагаа дүгнэж, хөгжлийн шинэ төлөвлөгөө гаргаж, ШХАБ-ын хувь заяаны цогц нэгдлийг байгуулахыг эрмэлзэх болно.


Ван И Тайванийн асуудлаарх Хятадын байр суурийг дахин нотлов


Ван И хэлэхдээ, НҮБ-д Тайвань бүс нутгийн цорын ганц албан ёсны нэр нь "Хятадын Тайвань муж" бөгөөд Тайвань хэзээ ч бие даасан улс байгаагүй, цаашид ч байх боломжгүй гэжээ.

Мөн тэрээр "Тайванийн тусгаар тогтнол"-ыг дэмжих нь улс орны хагаралд хүргэхээс гадна Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй явдал бөгөөд энэ нь Тайванийн хоолойн тогтвортой байдлыг алдагдуулж байна гэдгийг сануулав.


"Бүрэн эрхт байдал нь НҮБ-ын дүрмийн үндэс суурь бөгөөд ямар ч улс орон, ямар ч хүн давхар стандарт баримтлах ёсгүй. Хэрэв улс орнууд бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчмыг баримталдаг бол Хятад улсыг бүрэн нэгтгэхийг дэмжих ёстой" хэмээн Ван И онцлон тэмдэглэв.


Ван И Украйны хямралын талаар ярив


Ван И хэлэхдээ, Украины хямрал эхэлсэн эхний өдрөөс Хятад улс хэлэлцээ хийхийг зорьж, улс төр, энхийн арга замаар хямралыг шийдвэрлэхийг дэмжиж, эрэлхийлсээр ирсэн. Хятад улс энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтыг сайшааж, дэмжиж ирсэн бөгөөд энэхүү хямралын үндсэн шалтгаан будлиантай бөгөөд нэг л өдөр нэг шалтгаанаас болсон биш гэдгийг олж мэдэж, мөргөлдөөнийг зогсоох нь ч нэг л өдрийн явдал биш, мөргөлдөөнд ялагч гэж байдаггүй, энх тайванд хохирогч гэж байхгүй, хэлэлцээ хийх нь мөргөлдөөнийг зогсоох арга зам, энх тайвны гараа байх ёстой. Энэ асуудалд талууд санал зөрөлдөөнтэй байсан ч талуудад хүлээн зөвшөөрөгдсөн шударга, өнө батын, хязгаарлах хүчтэй энхийн хэлэлцээрт хүрэхийг бүгд найдаж байна. Энэ бол бидний хамтын зорилго юм. Хятад улс холбогдох талуудын хүсэл эрмэлзэлд нийцүүлэн, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар хямралыг эцэслэн зохицуулж, урьдын энх тайвныг тогтоохын тулд бүтээлч үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхэд бэлэн байна.



Украины хямрал гурван жил үргэлжилж байна. Эргэн харахад энэ эмгэнэлт байдлаас зайлсхийх боломжтой байсан. Талууд хямралаас сургамж авах ёстой, аюулгүй байдал нь харилцан, эрх тэгш байдаг. Нэг улсын аюулгүй байдлыг бусад улс орнуудын аюулгүй бус байдалд тулгуурлаж болохгүй, нэгдсэн, иж бүрэн, хамтын ажиллагаа, тогтвортой аюулгүй байдлын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж сая Евразид, бүр цаашлаад дэлхий дахинд өнө мөнхийн энх тайван, тогтвортой байдлыг тогтоож чадна гэж Ван И онцолсон байна.


Хятад Улс Японд заналхийлэл учруулах бус, боломжийг авчирсаар ирсэн


Ван И хэлэхдээ, "Нэг Хятад" зарчим нь Хятад, Японы харилцааны улс төрийн үндэс суурь юм. Тайвань Хятад улсын мэдэлд эргэн нийлснээс хойш 80 жил өнгөрсөн ч Японд түүхээсээ сургамж аваагүй хүмүүс байсаар байна. Хятад, Японы харилцаа олон зуун жилийн түүхэн уламжлалтай бөгөөд Хятад улс энх тайвныг эрхэмлэгч хүчин билээ. Японы тал үүнийг ойлгож, Хятад улс заналхийлэл бус, харин боломжийг бий болгогч гэдгийг ухамсарлах ёстой гэжээ.



Гадаадын иргэдийн Хятадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөв


Ван И хэлэхдээ, Хятадын дипломат бодлого цаашид ч орчин үеийн хөгжлөө дэмжих стратегийн чиглэл баримталж, гадаад орнуудтай таатай харилцаа бүрдүүлэхийг зорьж байна. Одоогийн байдлаар Хятад улс 38 орны иргэдийг визгүй зорчих нөхцөлөөр хангаж, 54 улсын иргэдэд дамжин өнгөрөх визийн чөлөөлөлтийг 240 цаг хүртэл сунгалаа. Бид дэлхийн улс орнуудын иргэдийг Хятадад айлчлахыг урьж байна гэжээ.


Г.Бямба