sonin.mn

2025 оны 4 дүгээр сарын 18-нд 15 дахь удаагийн Бээжингийн олон улсын кино наадам албан ёсоор нээлтээ хийлээ. Тус наадмыг Хятадын Кино урлагийн үндэсний газрын удирдлага дор, Хятадын Төв Радио Телевиз болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байна.Энэ жилийн кино наадмын гол арга хэмжээ болох “Тяньтань” буюу "Тэнгэрийн мандал" шагналын ангилалд 103 улс орон, бүс нутгаас нийт 1794 кино бүртгүүлсэн нь өмнөх оноос 18.9 хувиар өсөж, түүхэн дээд амжилт тогтоолоо.



Наадам есөн өдрийн турш үргэлжлэх бөгөөд “Тяньтань” шагналын шалгаруулалт, Бээжингийн кино амьдралын фестиваль, Швейцарын кино урлагийн долоо хоног, Оюутны кино наадам зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана. Түүнчлэн энэ удаа анх удаа киноны монтаж, найруулгын эффектийн тусгай ангилал нэмэгдэж, мөн “Жилийн хамгийн их хүлээлт үүсгэсэн залуу найруулагчийн бүтээл” хэмээх шинэ нэрэмжит шагналыг гардуулах ёслол болно. Түүнчлэн “Хятадын киноны гадаад зах зээл дэх түгээлт, сурталчилгааны үйл ажиллагаа”-нд оруулсан хувь нэмрийг үнэлэх тусгай шагналын арга хэмжээ анх удаа зохион байгуулагдах гэж байна.



Мөн өдөр Хятадын Кино урлагийн үндэсний газар болон Хятадын Төв Радио Телевиз хамтран Бээжин хотноо “Хятадын киноны хэрэглээний жил”-ийг албан ёсоор эхлүүллээ. Уг хөтөлбөр нь кино урлагаар дамжуулан нийгмийн хэрэглээг идэвхжүүлэх, дотоодын зах зээлийг дэмжих зорилготой юм.


“Хятадын киноны хэрэглээний жил”-ийн хүрээнд нийт 10 тэрбум юаниас багагүй хэмжээний кино үзвэрийн хөнгөлөлт үзүүлж, олон нийтийн кино хэрэглээг дэмжих, иргэдэд зориулсан хөнгөлөлт, урамшуулалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд гол кино нээлтийн өдрүүдийг онцлон дэмжихээс гадна “Амралтын өдрөөр хамтдаа кино үзэцгээе” зэрэг тогтмол хөнгөлөлтийн аянууд багтаж байгаа нь кино сонирхогчдод бодитой, хүртээмжтэй ашиг тус хүргэх гэнэ.