sonin.mn
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? 
 
-Өөрийгөө бусдаас жаахан өөрөөр танилцуулъя. Яндашгүй баялаг эх хэл, яруу үгсийн чуулган утга зохиол, босоо заяат монгол бичгийн багш, ҮБХИС-ийн профессор Д.Болод. Би бол өвөг дээдсийнхээ өвлүүлсэн хэл, соёлын эрхэм нандин өвийг мэдлэг болгон баяжуулж, хойч үедээ үлдээхийг амьдралынхаа утга учир болгосон, үгийн утгыг судалж, үгийн шидийг тархиндаа нэрж номын шид болгон хувиргах гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн бичихүйн урлагийг бузгайхан эзэмших томхон санаатай яваа жирийн нэгэн ядмагхан бичээч.
 
Маш өвөрмөц танилцуулга байлаа. Бичгийн хүмүүнтэй ярилцана гэхээр эмээж байна шүү ...
 
-Эх хэл минь ийм баялаг, эрхэмсэг, утга төгөлдөр гэдгийг харуулахыг хичээлээ. Түүнээс биш өдөр тутамдаа ингэж ярина гэж юу байх вэ. Би модон могой жилтэй. Дорнод аймагт төрсөн. Аймгийнхаа 10 жилийн дунд сургууль, 1989 онд УБДС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг төгссөн. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй. Монгол Улсынхаа боловсролын байгууллагын бүх нэгжид ажилласан багахан туршлагатай. Багш, захирал, хэлтсийн дарга, нам, олон нийтийн ажил ч хүртэл хийж явсан. ҮБХИС-д 15 дахь жилдээ багшилж байна. Хамгийн тогтвортой ажиллаж байгаа газар маань. Сургуулиа би эх орноо хамгаалагчдыг бэлтгэдэг, эх оронч үзэлтэй иргэнийг төлөвшүүлдэг эрдмийн уурхай гэж боддог. Миний мэргэжил монгол хэлний багш, харин одоо орчин цагийн монгол хэлний найруулга зүйн ухаанаар мэргэшиж яваа. 
 
Хэрхэн Цэргийн сургуультай холбогдсон бэ?
 
-Хөдөө ажиллаж байтал гэр бүлийн хүн маань хот руу шилжих шаардлагатай боллоо, 2005 онд. Ний нуугүй хэлэхэд гадаадад гарах төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл явах асуудал шийдэгдэхгүй 9 дүгээр сартай золголоо. Нэг өдөр зурагт үзэж суутал “БХИС монгол хэлний багш шалгаруулж авна” гэсэн зар дэлгэцийн доогуур урсаад өнгөрсөн. Цэргийн сургуульд монгол хэлний хичээл заадаг юм байх даа гэж гайхаад лавлалаа. Тэгээд л шалгуулчихсан. Англи хэл, компьютер, мэргэжил, ур чадвар гэсэн дөрвөн шалгалт өгөөд тэнцэж байлаа. Ингэж л 2005 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр тушаал гарч багшлах болсон. Цэргийн алба бол тэр чигээрээ эрдмийн алба, тэр тусмаа эх хэлний боловсролын түвшин өндөр байхыг шаарддаг төрийн онцгой алба гэж боддог. Тийм ч учраас тус сургуульд монгол хэлний найруулгын хичээл 1970, 1980 онд ч орж байсан юм билээ. Цэргийн хүн товч тодорхой, цэгцтэй, ойлгомжтой, утга төгөлдөр ярьдаг байх ёстой. Энэ бол мэргэжлийн онцлог бас шаардлага юм.
 
Танаас өөр монгол хэлний багш ҮБХИС-д бий юу? 
 
-Туслах багштай болоод гурван жил болж байна. Ганцаараа байхад ч бас л амаргүй байдаг байлаа.
 
Сүүлийн үеийн хүүхдүүд зөв бичиж чадахаа болилоо гэж халаглах хүмүүс ялангуяа таны үеийнхэн их байна ...
 
-Монгол хэлний агуулга их тогтворгүй байсантай шууд холбоотой. Хэл гэдэг чинь утга, хэлбэрийн нэгдэл. 1990 оныг хүртэл сургуульд хэлний зөвхөн хэлбэрийг зааж байсан. Гэтэл сүүлийн үед хэлний бүх нэгжийг агуулга талаас нь эрчимтэй судлах болж сурах бичиг нь олон хувилбартай, зааж буй агуулга нь маш хүнд болоод эхэлсэн. Худалч хүнд хэлний чиглэлийн эрдэмтэн судлаач болох хүмүүст заах ёстой агуулгыг зааж байгаа учраас хамгийн сонирхолгүй, дургүй хичээлийн нэг болж хувираад байна. Монгол хэлний хичээлийн үнэлэмж ч муу болсон. Хатуухан хэлэхэд хүүхэд битгий хэл, багш нь ойлгоход хэцүү байна.
 
Одоо яах вэ?
 
-Засах л ёстой. Хамгийн дуртай хичээл нь байх ёстой. Хэрэгцээ, хэрэглээ байх талаас нь бодолцох нь зөв. Хожим хэрэг болохгүй мэдлэг хэнд ч хэрэггүй шүү дээ. Өгүүлбэрийн гишүүдийг зурж мэддэг хэр нь өргөдөл бичиж чаддаггүй хүн амьдралд олон байна. Аль нь илүү хэрэгтэй, хэрэгцээтэй мэдлэг вэ гэдгийг бодох л хэрэгтэй. Тодотгол, тусагдахуун, нэмэлт, байц гээд өгүүлбэрийн гишүүдийг зурах нь амьдралд хэрэг болох нь юу л бол. Харин өргөдөл бичих шаардлага, хэрэгцээ хүн бүрт тулгардаг. Хэт их онолжсон, гүнзгий, ахадсан агуулга зааж байгаа учраас л монгол хэлний хичээл сонирхолгүй, үнэлэгдэхгүй болчихоод байна. Хэлний боловсролын эцсийн зорилго нь ойлгомжтой, цэгцтэй сайхан ярьдаг, алдаагүй бичдэг байх.
 
Зөв бичих дүрмийг өөрчлөөд байгаа нь ямар учиртай вэ?
 
-Засаж, сайжруулах гэсэн оролдлого юм. 1983 онд Ц.Дамдинсүрэн багшийн зохиосон монгол хэлний зөв бичгийн дүрэм хэвээрээ байгаа. Үүнийг дунд сургуульд 20-ноос дээш жил багшилсан, сайнд тооцогдох багш л энэ үсэг гээгдэнэ, гээгдэхгүй гэж бодож бичнэ. Харин та бид нүдэнд дассанаараа буюу энэ арай л биш, нэг л эвгүй харагдаад байх юм гэсэн өнцгөөр бичих жишээтэй. Ингээд л дүрэм алдагдаад байгаа юм. Бас дээр нь “маяглаж” бичдэг хүмүүс олширч байна. “Яадаг юм бэ гэдгийг “Яадгийн” гэж бичээд ойлгож байвал яаж ч бичсэн яадаг юм бэ гэсэн хандлагатай байна шүү дээ. 2018 оны 8 дугаар сард “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарсан. Бид үүнийг дагаж мөрдөх ёстой.
 
Монгол бичгийг та хэдийнээс шимтэн судлах болов ...
 
-Монгол бичиг бол Монголын ард түмний наад захдаа 1000 жилийн соёл. Би монгол хэлний багш, монгол хэлээр амьдарч, амьсгалж байгаа учраас монгол хэлээ сурталчлах, түгээх, заах нь миний үүрэг. Миний мэргэжил миний хобби, амьдралын минь утга учир. Миний явах ёстой зам. Дунд сургуульд байхдаа л өөрийнхөө нэрийг кириллээр доош нь таталж биччихээд би монгол бичиг мэддэг гэж үеийнхэнтэйгээ тоглоом шоглоом хийдэг байсан. Ирээдүйгээ зөгнөж байж дээ гэж одоо боддог юм. Монгол бичиг сураггүй байсан үе шүү дээ. Арав дугаар ангидаа монгол хэлнийхээ шалгалтыг муу өгч босго оноогоо давж чадаагүй. Давсан бол МУИС-ийн хуулийн ангийн хуваарь авах байсан. Монгол хэлний хичээлд дургүй хүүхэд байлаа. За тэгээд хоёр жил ажил хийгээд ахин шалгалт өгсөн. Гэтэл надад монгол хэл, уран зохиолын анги сонгох эсвэл цэрэгт явах хоёрхон сонголт тулсан. Цаанаасаа л хувь тавилан байсан байх.
 
Уйгаржин, худам монгол бичиг хэж нэрлээд байдаг. Ямар учиртай юм бэ?
 
-Худам гэдэг нь удмын үсэг гэсэн утгатай үг. Уйгаржин гэдэг нь эртний Уйгарын бичгээс гаралтай гэсэн санаа юм.
 
Монголын насанд хүрсэн иргэдийн хэдэн хувь нь монгол бичгээр бичиж, уншиж чаддаг вэ? Энэ талын судалгаа байдаг уу?
 
-Дунд сургуульд 6-12 дугаар анги хүртэл зааж байлаа. Өмнө нь ч бас зааж байсан. Яг хэдэн хүн монгол бичгээр бичиж, уншдаг эсэх талаар мэдэхгүй. Гэхдээ монгол хүн бүр монгол бичгээ сурах шаардлагатай. Үндэстнийг нэгдүгээрт бичиг үсэг, хоёрдугаарт зан заншил, гуравдугаарт ертөнцийг үзэх үзэл нэгтгэж байдаг. Эх орноо хайрлаж, иргэнийхээ үүргийг биелүүлж, хэнд ч дараа болохгүй амьдралаа авч яваа хүн бүр эх оронч үзэлтэй хүмүүс. Эх оронч үзлийн гол суурь нь үндэсний соёл. Үндэсний соёлыг илэрхийлэх нэг чухал зүйл нь яах аргагүй дэлхийд ганцхан босоо бичиг. Би утгыг ухааруулдаг бичиг гэж хэлэх дуртай. Жишээлбэл, “шүүр” гэдэг үгийг крилл бичгээр нэг янзаар бичээд өмнөх, хойдох үгээс нь утгыг нь тодорхойлдог. Харин монгол бичгээр зургаан янзаар бичиж тус бүрийнх нь утгыг илэрхийлдэг. Хогийн шүүр, сам шүүр, шүүрэн шанага гэх мэт. Бичиглэл бүрийг нь тогтоохоос өөр аргагүй. Ингэхээр ой тогтоолт сайжирч, бодож, утгыг ухаарч бичдэг болно. Үгийн баялаг ч тэр хэрээр нэмэгдэх сайн талтай. Ийм л өгөөжтэй бичиг дээ. Нөгөө талаас монгол бичиг тусгаар тогтнолын баталгаа. Хэл, бичиг уствал хүссэн хүсээгүй тусгаар тогтнол аяндаа устаж, үндэстэн мөхдөг жамтай. Үндэсний бичгээ мэдэхгүй хүн үндэсгүй мод лугаа адил юм. Тиймээс монгол хүн бүр монгол бичгээ заавал сурах ёстой. Монгол Улсын иргэн бүрийн журамт үүрэг бол “Эх хэлээ эзэмших, эрхэмлэх” явдал юм. Хэрвээ та монгол үндэстнийг хэрэггүй гэж үзэж байгаа үндэсний бичгээ сурахгүй байж “болно”. “Sugar” гэж бичээд “Шугар” гэж дуудаад “Сахар” гэж ойлгоод л явж бай.
 
Түүх, ёс заншил, үндэсний үзэл гээд олон зүйл монгол хэл, босоо бичигтэй салшгүй холбоотой гэж таны ярианаас ойлгогдож байна ... 
 
-Монголын түүх нэгэн цагт дэлхийн түүхийг тодорхойлж байсан сан. Бидний хувьд энэ дэлхийд эзэн шиг нь дураараа амьдрах бүрэн боломжтой ганцхан газар нутаг бол бурхнаас заяасан эх орон минь. Бид төрж өссөн газар нутгаа хайрлаж, үндэснийхээ хэл, бичиг, соёлоо нандигнан хамгаалах ёстой. Энэ бол хуулиар бичигдээгүй ч гэсэн Монгол Улсын иргэн бүрийн шашин шүтлэг, хөрөнгө чинээ, эрх мэдлийн алинд ч хамааралгүйгээр үүрч явах нандин ачаа мөн. Оросын суут зохиолч Ф.Достоевский “Хүн төрөлхтнийг ялан дийлэх ердөө гуравхан хүч энэ хорвоод байдаг. Энэ нь гайхамшиг, нууц, нэр хүнд гурав болно” гэж бичжээ. Тэгвэл аялгуу сайхан монгол хэлэнд маань энэ гурван хүч гурвуулаа байгаа нь тодорхой. Эх хэлний маань нэг дэх гайхамшиг нь хүн төрөлхтний гайхамшгийг сэтгэгч, бурхан Буддагийн хэл болох самгард (сайтар найруулсан хэл) мөхсөн хэлний тоонд орсон байхад бидний монгол хэл яриа, бичгийн хэлээрээ үлдэж чадсанд оршино. Хоёр дахь гайхамшиг нь XIII-XIV зуунд Ази, Европыг дамнан хэрэглэгдэж байсан цорын ганц хэл нь монгол хэл байснаас харагдана. Гурав дахь гайхамшиг нь авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн зохицол, уян налархай байдал, баялаг үгийн сангаас мэдрэгдэнэ. Өнөөдөр бид оюуны чадамжийн үзүүлэлтээр дэлхийд 21 дүгээрт орж байна. Энэ бол эх хэлний минь сэтгэн бодуулах ур чадварын ач буян гэж би бат итгэлтэй хэлнэ. Эх хэлний дөрөв дэх гайхамшиг бол хамгийн орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ойлголт ухагдахуунтай үлэмж ойролцоо зөн билгийн мэдлэг, мэдээллийн агуулгатай үг хэллэг монгол хэлэнд бэлэн байж байдагтай холбоотой. Нэгэн үе глобалчлал хэмээх нэр томьёо гарч ирэхэд “Монголын нууц товчоо”-ны “Наран ургахуйгаас шингэхүй хүртэл даяар ...” гэсэн үгийн утгыг бодож “даяаршил” хэмээн нэрлэсэн явдал. Ийм л агуу, гүн утга бүхий баялаг хэл, бичигтэй улс. Үндэсний үзлийн тухайд Монголынхоо соёл, ёс заншлыг дээдэлдэг, түгээдэг, хадгалдаг, өвлүүлэхийг хичээдэг тэр сэтгэлийг хэлж байгаа юм. Харин үндсэрхэг үзэл гэдэг нь өөрийн үндэстнийг бусдаас давуу гэж үздэг хэт туйлширсан үзэл.
 
Гарын үсгээ монгол бичгээр бичдэг үү?
 
-Хоёр янзаар л бичдэг.
 
Таны нэр Болд юм уу, Болод юм уу? 
 
-Албан ёсны нэр Болд, крилл бичгээр Болд, монгол бичгээр Болод гэж бичдэг болохоор үүгээр бичих дуртай.
 
Монгол бичгээрээ бахархах үе олон байдаг биз...
 
-НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр томилолт авсан нэгэн дүүдээ “Заяандаа найдахаар зоригтоо найд. Зоригийг хийморь дагана” гэж босоо бичгээр бичиж дурсгасан. Сүүлд нь уулзахдаа бичсэн үгийг минь харах бүртээ эх орны минь тэнгэр намайг харж байгаа даа гэж боддог байсан гэж хэлж байсан. Ийм л гүн сэтгэгдэл төрүүлдэг бичиг дээ.
 
Ямар судалгаа, бүтээл хийж байгаа вэ?
 
-“Эх хэлний утга найруулга, соёл”, “Албан бичгийн найруулга”, “Шинжлэх ухааны найруулга” зэрэг номыг бичсэн. Энэ бүтээлүүдийг маань МУБИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхимийн профессоруудын баг үзээд “Монгол хэлний найруулга зүйн ухаанд оруулсан шинэлэг хувь нэмэр маргаангүй мөн” гэж үнэлсэн. Цаашид ч монгол хэлний найруулга зүйн чиглэлээр судалгаа, бүтээл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй.
 
Шавь нартаа юу гэж захидаг вэ?
 
-Монгол хүн, Монголын үр сад, эх орноо гэсэн сэтгэл байгаа л бол монгол бичгээ сур гэж хатуухан хэлдэг дээ. Монгол бичиг зааж, шавь нараа бэлдэж байгаа нь миний эх орондоо оруулж буй хувь нэмэр. Бас болоогүй ээ, Америк, Турк улсын батлан хамгаалахын атташе нараас эхлээд нэлээд хэдэн харь орны шавьтай. Би тэдэнд “Би яасан ч гадаад хэл сурахгүй. Харин та нар монголчуудын саруул ухааны томьёог сурах гэж монгол хэлийг сурах болно” гэж онгирдог юм. Хүн төрөлхтний 26 омог язгуурын 6900 хэлнээс бурхан бидэнд ямар ч сонголтгүйгээр оноож өгсөн, Алтай язгуурт эх хэлнийхээ найруулга зүйн ухааныг зааж, өвлүүлнэ гэдэг монгол хэлний багш бүхэнд олдоод байдаггүй их зол завшаан.
 
Танд баярлалаа.
 
 
Хошууч Х.ГАНЗУЛ
Эх сурвалж: "Соёмбо" сонин