sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Нью-Йорк хотын эмч, сувилагч нар африк гаралтай америкчуудын эрхийн төлөөх болон цагдаа нарын харгислалыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг дэмжихээр бямба гарагт тус хотын Төв цэцэрлэгт хүрээлэнд цуглажээ. Тэд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулах газраараа уг цэцэрлэгт хүрээлэнд коронавирустэй өвчтөнүүдэд зориулан түр эмнэлэг байгуулж байсан хэсгийг сонгосон байна.
 
 
 
Эмч, сувилагч нар “Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл бол тахал өвчин юм”, “Хар арьстнуудын амьдралын төлөөх цагаан нөмрөгтнүүд”, “Та бүхэн биднийг дэмжсэн одоо бид та бүхнийг дэмжиж байна” гэсэн бичиг бүхий хуудсууд барьсан байжээ.
 
 
 
“Бид цар тахлын үед дараа нь цагдаа нар тэдний амь насыг авч одохын тулд хүмүүсийн амь насыг авраагүй ээ. Баривчлах үедээ цагдаа нарын хэрэглэдэг аргуудыг өөрчлөхийг бид дэмжиж байна. Саяхан цагдаа нар Буффалод болсон жагсаалын үеэр нэгэн хөгшнийг түлхэн унагасан, ийм зүйл байж болохгүй" гэж эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдын нэг хэлсэн байна. 
“Африк гаралтай америкчууд ихэнхдээ маш муу нөхцөлд амьдардаг гэдгийг бид мэднэ. Статистикийн мэдээллээр, африк гаралтай америкчууд коронавирусээр илүү их халдварлаж байна. Үүний зэрэгцээ тэд эрүүл мэндийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй авч чаддаггүй. Энэхүү тэгш бус байдлыг арилгахын төлөө бид зогсож байна” гэж өнгөт арьст нэгэн эмч хэлжээ.  Дараа нь эмнэлгийн ажилтнууд Төв цэцэрлэгт хүрээлэнгээс гарч хотын гудамжаар жагссан байна.
Нью-Йорк хотод оройн найман цагаас хойш хөл хорьсон боловч хотын янз бүрийн дүүргүүдэд болсон эсэргүүцлийн ажиллагаа шөнө орой болтол үргэлжилжээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг