sonin.mn
БЕЙРУТ. /ВВС/. Бейрут хотын боомтод болсон дэлбэрэлтийг мөрдөн шалган ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан тус боомтын хэд хэдэн ажилтныг гэрийн хорионд орууллаа гэж Ливаны Засгийн газар мэдэгдэв.
Одоогийн байдлаар дэлбэрэлтийн улмаас 137 хүн амиа алдаж, 4000 гаруй хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байгаа юм. Мөн Ливанд хоёр долоо хоногийн хугацаатай улсын хэмжээнд онцгой байдал зарлажээ.
Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун мэдэгдснээр, боомтын агуулахад хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитратаас дэлбэрэлт үүсжээ. Тус улсын Гаалийн албаны дарга Бадри Даерын мэдээлснээр, дэлбэрэлт болохоос өмнө химийн бодисыг агуулахаас зайлуулахыг  хүссэн боловч хүслээр нь болоогүй байна.
Аммонийн нитратыг хөдөө аж ахуйд бордоо, бусад үйлдвэрлэлд тэсрэх бодис болгон ашигладаг ажээ.
 
 
 
Дэлбэрэлт болсны дараах Засгийн газрын яаралтай хуралдааны үеэр Ерөнхийлөгч Мишель Аун, “энэхүү аймшигт үйл явдал үгээр илэрхийлэхийн аргагүй гамшгийг Бейрут хотод авчирлаа” гэж хэлсэн байна.
 
 
 
Их Британийн Шеффилдийн их сургуулийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, уг дэлбэрэлт дэлхийн II дайны үед Японы Хирошима хотод болсон атомын бөмбөгдөлтийн тэсрэх хүчний аравны нэгтэй дүйцэхүйц хүчтэй дэлбэрэлт болжээ.
 
Дэлбэрэлт юунаас үүдэлтэй вэ?
 
Дээр дурдсан 2750 тонн аммонийн нитрат 2013 онд Бейрутын боомтод тээвэрлэгдэн ирснээс хойш тус боомтын агуулахад 6 жилийн турш хадгалагдсан байна. Боомтын аюулгүй байдлыг хангах үүднээс уг бодисыг гадагшаа экспортлох эсвэл худалдахыг хүссэн албан бичгийг удаа дараа өгч байсан гэж Гаалийн албаныхан болон боомтын ажилтнууд орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Мөн боомтын ерөнхий менежер Хассан Корайтем, уг бодисыг агуулахад хадгалах шүүхийн шийдвэр гаргах үед л үүнийг аюултай гэдгийг мэдэж байсан, гэхдээ арай ийм хэмжээнд байна гэж бодоогүй гэж хэлжээ.
Эдийн засгийн сайд Раул Нехме "ВВС" агентлагт ярилцлага өгөхдөө, “миний бодлоор энэ үнэхээр чадваргүй, хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой бөгөөд магадгүй өмнөх засгийн газар, үйл ажиллагаанд нь энэ асуудал байсан. Ийм гамшиг дагуулсан хэргийн хажуугаар дуугүй өнгөрөхгүй” гэж хэлсэн байна.
Мэдээллийн сайд Манал Абдел Самад мэдээлснээр, аммонийн нитратийг хадгалах, хамгаалах болон бичиг баримтын асуудалд оролцсон боомтын бүх ажилтныг гэрийн хорионд оруулах ажээ.
 
 
 
Молдавын далбаатай “Rhosus” хөлөг онгоц Гүржээс Мозамбик руу явах замдаа техникийн асуудлын улмаас Бейрутын боомтод ирснээр аммонийн нитрат тус боомтод ирсэн. Тухайн үед хөлөгт шалгалт хийж, боомтоос явахыг нь хориглосны дараа эзэн нь хөлгөө хаян явсны улмаас хууль, шүүхийн асуудал дэгдэж байсан. Улмаар аюулгүй байдлын үүднээс хөлөгт байсан ачааг боомтын агуулахад хадгалах болсон гэж “Shiparrested.com” цахим хуудсанд мэдээлжээ. Тус цахим хуудас нь хөлөг онгоцтой холбоотой хууль эрх зүйн асуудлыг зохицуулдаг байна.
 
 
Дэлбэрэлтийн үр дагавар?
 
Ливанд коронавирусний тархалт нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй хүндхэн үед дэлбэрэлт болсон нь тус улсад маш хүнд цохилт болов. Коронавирусний халдвар авсан хүмүүсээс гадна дэлбэрэлтэд өртөж гэмтсэн хэдэн мянга хүнийг эмчлэх хүндхэн ачаа эмнэлгүүд болон тэдгээрийн ажилтнуудын нуруун дээр буув.
Үүнээс гадна Ливан 1975-1990 оны хооронд болсон иргэний дайнаас хойших эдийн засгийн хамгийн том хямралтай нүүр тулаад байна. Иргэд аль хэдийн цахилгаан, усны хомстолд орж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байгаагийн улмаас эсэргүүцэл, жагсаал дэгдэх өндөр магадлалтай болсон байна.
Мөн Ливан нь хоол хүнснийхээ дийлэнхийг гадаадаас импортолдог бөгөөд боомтдоо их хэмжээний үр тариа хадгалж байсан нь дэлбэрэлтийн улмаас үгүй болжээ. Энэ нь цаашдаа өргөн хүрээг хамарсан хоол хүнсний хомстол үүсгэж магадгүй байгаа юм. Боомтын ирээдүй ч мөн эргэлзээтэй болжээ.
Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун яаралтай тусламжийн санд 66 сая ам.долларыг Засгийн газраас гаргана гэж мэдэгдсэн хэдий ч энэхүү дэлбэрэлтийн эдийн засагт үзүүлэх нөлөө урт хугацаатай бөгөөд асар хүнд байх төлөвтэй байна.
 
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг