sonin.mn

 

1952 оны үед шиг санагдана. Би бээр бага сургуулиас завсардаж хоёр жил шахам хонь хариулав. Манайх өвөлдөө Хулсан голын өвөр хаданд зундаа Шийрийн голын эх гурван хар чулуу зуслан, хөх жалгад зусдаг. Нэгэн өвөл Шанаган цагаан гэдэг газар өвөлжиж байв.
 
 
Шөнө болгон хоттой хонь үргэж чоно хот руу орж хэд хэдээр нь таслан хөөж заримыг нь шархдуулан, сүүлийг нь тасдан идэж барьдаг байв. Ээж бид нар хотоо тойруулан мануухай босгож, эргэн тойронд бууц уугуулна.
 
 
Нэг өглөө хонио бэлчээгээд явж байтал голын сайр дагаад шөнө орсон цасан дээр хүний нүцгэн хөлний мөр зөндөө байх юм. Орой хонио хотлож ирээд ээждээ хэлтэл чөтгөрийн мөр байх гэсэн. Чөтгөрийн мөр хүнийхтэй адил байдаг юм байх даа гэж бодлоо. Хожмоо тэр нь говийн мазаалайн мөр биш бололтой.
 
 
Яагаад гэвэл мазаалай өвөл ичдэг тэгээд ч хоёр cap юу гэж нүхнээсэээ гархав дээ. Харин алмасын мөр байх гэж бодогдов. Хүмүүсийн ам дамжсан яриа заавал бодитой үнэн байх магадлал байдаг.
 
 
Дээр үед Баянхонгор аймгийн нэгэн сумын малчин гэрийн эзэн хонио хариулаад явж байтал гэнэт алмас ирээд шуудхан аваад явжээ. Түүнээс хойш арваад жилийн дараа нөгөө алмас эмэгтэй байж таараад тэр хоёрын дундаас нэгэн хүүхэд төржээ. Гурвуулаа зуны сайхан өдөр ойн захад модны сүүдэрт унтаж байж.
 
 
Дорж нөгөө хоёроо харсан чинь таг унтаж сэрэх янзгүй болохоор нь сэмхэн босоод аяархан холдож гол руу ороод гатлаад явжээ. Гэнэт алмас сэрээд хүүхдээ аван Доржийн мөрөөр явсан чинь ус руу ороод мөр нь алга болж.
 
 
Алмас чангаар муухай хэд хэд хашгираад уурандаа хүүхдээ дундуур нь тасдаад ой руу гүйгээд явжээ гэсэн домог яриа зөндөө байдаг. Энэ оны 3 сард Утга зохиол сонинд нэгэн анчин алмастай тааралдсан тухай зохиол бичсэн байна. Өнөө үед дэлхий дээр 25000 зүйл амьтан устсан гэдэг. Гэнэт алга болсон үзэгдлүүд ертөнцөд олон байдаг. Шинжлэх ухааны академи алмасны талаар нэлээд судалгаа хийжээ.
 
 
Ерөнхийлөгч Ш.Цэнджав агсаны даалгавараар академийн ажилтан Авирмэд алмасны талаар монгол орноор их явж хүмүүсийн домог яриаг цуглуулсан сонирхолтой Материалууд академид хадгалагдаж байгаа нь лавтай. Дээрх ажиглалтаас үзэхэд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд алмас байсан байх талтай учраас түүхэн судалгаа шинжилгээг үргэлжлүүлж явуулах нь зүйтэй.
 
 
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Ядмаа