sonin.mn

 

Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн цаг бүртгэгч Ц.Янжмаа:
 
-Манай аймгаас энэ зөвлөгөөнд 11 хүн ирснээс 9 нь үйлчилгээний ажилтан юм. Бидний энэ зөвлөгөөнд оролцож байгаа гол зорилго цалин хөлсөө нэмүүлэхэд санал санаачилга гаргах явдал байлаа. Бид ТҮ сүлжээгээр цалинжиж байгааг ТҮЭМ шатлалд оруулах хэрэгтэй байна.
 
 
Үйлчилгээний зарим ажилтанд мэргэжлийн бус гэдгээр нэмэгдэл олгодоггүй. 33 жил асрагч хийгээд удаан жилийн нэмэгдэлд ороогүй улсууд байдаг. Өлгүүрчин ч ялгаагүй. Бид хязгаар нутагт ажиллаж амьдарч байгаа хэрнээ бүсийн нэмэгдэл авдаггүй.
 
 
Цалин бага, тэгээд хязгаар нутагт амьдарч байгаа бид хот суурин газарт хүүхдээ сургаж чадахгүй жилийн чөлөө авахуулах, зардал мөнгийг төлж дийлэхгүй байх энүүхэнд байна. Увсаас нисэх онгоцоор Улаанбаатарт ирэхэд талдаа 395 мянган төгрөг болдог.
 
 
Гэтэл бид сардаа 280-290 мянган төгрөгний цалинтай юм чинь яаж хүүхдээ боловсролтой болгож амжих билээ. 33 жил тогооч хийсэн хүнийг мэргэжилгүй гэх үү. Тэр хүн халуун нөхцөлд, зогсоогоор, олон цаг ажиллачихаад хэвийн нөхцөлөөр цалинжаад явж байна.
 
 
Нэг ээлжинд ажилладаг хоёр хүн 240-250 хүний хоол хийж байхад энэ нь ямар үнэлгээтэй, хэрээс хэтэрсэн ажил уу гэдэг нь ч тодорхойлж чаддаггүй нь норм нь тодорхойгүй байгаагаас болж байгаа юм.
 
 
Сүрьеэгийн угаагч, жолооч, ариутгагч, слесарийг халдвартай нөхцөлд хамруулахгүй ажиллуулж байгаад ажиллагааг нь автоматжуулсан гэдгээр ажлаас халах явдал байна. Тэд цалин тэтгэвэр, нэмэгдэл гээд олон зүйлээр хохирч байна шүү дээ.
 
 
Төрөх, хагалгааны асрагч нар 151 дүгээр тогтоолд хамрагддаггүй. Би олон жил ҮЭХ-ны тэргүүлэгчээр ажилласан учраас энэ бүхнийг маш сайн мэддэг. Ажилтнуудаа төлөөлөн үгээ хэлж, төр засагт дуу хоолойгоо хүргэсэндээ баяртай байна. Зөвлөгөөнийн үр дүнд бидний цалингийн шатлал ТҮЭМ-д орно байх гэж итгэж байна.
 
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин