sonin.mn

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Очир” төвд аймшигтайгаар амиа алдсан 13 настай охины хэргийн шийдвэрлэлтийг эсэргүүцэж ирэх сарын  21-ний өдөр Баянзүрх дүүргийн Анхан шатны хэргийн шүүх хурлын үеэр тайван жагсахаа мэдэгдэв. "Өнөөдрийг хүртэл “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэг эцэслэн шийдэгдээгүй. Бүтэн жилийн хугацаа өнгөрч байна. Үүнийг "Монголын эмэгтэйчүүдийн холбоо анхааралдаа авсан. Мөн энэ хэргийг хэрхэн шийдэх бол хэмээн монголын мянга мянган ээжүүд анхааралтай ажиглаж байгаа. Энэ хэргийг үнэн зөв шийдтэл  нь Монголын эмэгтэйчүүдийн холбооны бүх гишүүд болон гишүүн байгууллагууд оролцох болно. Сүүлийн шүүх хурлын дараа хэвлэл мэдээллийн  хэрэгслээр 13 настай охиныг биеэ үнэлэгч байсан мэтээр нэр төрд нь халдаж байгаа учраас бид дуу хоолойгоо нэгтгэж байна. Хүчирхийлэлтэй тэмцэхэд бүх хүн оролцох хэрэгтэй. Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Хүчирхийллийг хүчгүйдүүлье” олон нийтийн хөдөлгөөнөөс Монгол улсын үндсэн хуулиар заасан амьд явах эрхийн төлөө болон тэр тусмаа 13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийн ялыг хөнгөрүүлэх, ялаас мултрах байдал бий болгох нь нийгэмд шударга ёсны үнэлэмжид муу нөлөөтэй учраас үүнийг зориуд анхааралдаа авах нь зүйтэй хэмээн үзэж байна. Мөн дээрх гэмт хэрэг хийсэн этгээдүүдэд хуулийн зүгээс хамгийн хатуу арга хэмжээ авахыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шаардаж байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийг байгууллагуудыг хүчирхийллийн эсрэг тэмцэх хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалж байна. Харамсалтайгаар амиа алдсан 13 настай охины энэ хэргийг хүн бүр анхааралдаа аваасай гэж хүсэж байна. Мөн энэхүү нийгмийн хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна" гэж  МЭХ-оос мэдэгдлээ.

 

Ж.Батсайхан

Эх сурвалж: Монцамэ агентлаг