sonin.mn
Дэлхийд өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг “Miss Universe"  наадамд өнгөрсөн жил манай улс анх удаа оролцогчоо илгээж байсан. Тэгвэл энэ жил уг наадамд оролцох сайхан бүсгүйг саяхан шалгаруулж, мисс Б.Гүнзаяа дэлхийн тавцанд эх орноо төлөөлөхөөр болсон юм. Бэлтгэл сургуулилт, сурталчилгааны зураг авалт гээд цаг зав муутай яваа түүнтэй уг наадмын талаар цөөн хором ярилцлаа.
 
-“Miss Universe Mongolia” тэмцээн хэдхэн хоногийн өмнө болж, та титмийн эзэн болсон. Шалгаруулалт ямар болсон талаар мэдээлэл өгнө үү?
 
-Миний хувьд энэ тэмцээнд алдаа, оноотой оролцсон ч их зүйл сурлаа. Тэмцээнд шинээр авьяас чадвараа сорьж байгаа охидоос гадна туршлагатай оролцогчид ч байсан. Тэднээс их зүйл суралцаж, өөрийгөө улам зоригжуулж, хурцалсны дүнд титмийн эзэн боллоо. Миний хамгийн гол баримталж байсан зүйл бол бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл байсан. Үүний үр дүн нь амжилт ирдгийг харуулж чадсандаа баяртай байна. 
 
-Тэмцээний дараа таны цахим хуудастаа бичсэн зүйл олон хүнд хүрсэн. Олон жил хөдөлмөрлөсний үндсэн дээр зорилгынхоо нэгэн хэсгийг биелүүлэхээр болоод байна шүү дээ?
 
-Тийм ээ. Титмийн эзэн болсны дараа аавыгаа өөрийн эрхгүй бодсон. “Miss Universe наадмыг “Гоо сайхны олимп” гэдэг. Ийм өндөр зэрэглэлийн наадамд оролцохын тулд оролцогчид бүхий л авьяас чадлаа дайчилдаг.
 
 
Хүн бүрийн хамгийн эрхэм зүйлсийн нэг нь гэр бүл байдаг. Дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохоор хичээж, өөрийгөө дайчилж байгаа охиноо ямар ч аав, ээж хараад дэмжинэ. Намайг ч гэсэн миний гэр бүл төдийгүй найз нөхөд маань ч дэмжсэний дүнд зорилгоо биелүүлэхэд нэг алхам ойртлоо.
 
 
Олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргах, үндэсний хэмжээний тэмцээнд өрсөлдөх их ялгаатай юм байна. Ерөнхийдөө бүтэн жилийн турш бэлтгэж, хичээж зүтгэсний дүнд олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
 
-Дэлхийд тэргүүлэх тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болсон танд бэлтгэх зүйл чамгүй олон байгаа байх. Бэлтгэлээ юунаас эхэлье гэж бодож байна вэ?
 
-“Miss Universe” дэлхийд нэгдүгээрт ордог тэмцээн юм. Хамгийн ардчилсан, чөлөөт байдлаар шалгаруулалтаа явуулдаг. Бэлтгэлийн хувьд үндэсний шалгаруулалтад оролцохоос өмнө эхлүүлсэн. Тиймээс байнгын бэлтгэлтэй байгаа гэж ойлгож болно. Мөн бэлтгэл сургуулилтаа чиглүүлэгч багштай хийж байгаа учир санаа зовох асуудал бага гардаг. Үндэсний тэмцээнд оролцоход тусалж дэмжсэн баг хамт олон маань яг энэ эрчээрээ олон улсад өрсөлдөхөд дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Миний хувьд өмнө нь зургаан өдөр бэлтгэл хийдэг байсан бол одоо гараг алгасахгүй байх шаардлагатай болж байна. Үүн дээр нэмээд сэтгэл зүйн бэлтгэлийг маш сайн хийх ёстой. Ерөнхийдөө тэмцээн дууссанаас хойш бэлтгэх ёстой зүйлээ хийж эхлүүлж байна. Эх орныхоо тухай танилцуулга, илтгэлийг бэлтгэх ёстой. Олон улсаас сайхан бүсгүйчүүд оролцоно. Энэ тухайд тэднээс дутах зүйл байхгүй ч танилцуулга, илтгэл зэрэгт анхаарахаар ажлаа эхлүүлээд байна. “Miss Universe” тэмцээн БНСУ, АНУ, Филиппин гэсэн гурван улсын аль нэгд нь болно гэсэн мэдээлэл байна. Яг аль улсад болох нь удахгүй тодорхой болох байх.
 
 
 
Б.Сийлэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин