sonin.mn
“Шударга төрийн төлөө” ТББ-ын тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч, Н.Чадраабалтай  ярилцлаа.
 
-Та Үндсэн хуулийн нэ­мэлт өөрчлөлтийн талаар Цэцэд хандсан, хариу ирсэн үү?
 
– Би Үндсэн хуулийг хамгаалах зорилгын хүрээнд (Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаанд дэмжлэн үзүүлэх ) үүргээ ухамсарлаж Цэц гэдэг энэ байгууллагад тодорхой асуудлаар маргаан үүсгэж зургаа  дахь удаагаа хандаад байгаа юм.
 
 
Манай хууль тогтоог­чид энэ удаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гол гарц бол­госон “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуулийг 2017 онд батлахад нь хуульч, судлаач Ё.Бям­бацогт,  өмгөөлөгч  Ц. Монгол  бид гурав энэ хуулийн хүрээнд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн шаардлага тавьж Цэцэд мэдээлэл хүргүүлж байсан.
 
 
УИХ-аас өнгөрсөн оны арваннэгдүгээр  сарын 14-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг бас Үндсэн  хуультай зөрчилдлөө гэдэг талаас нь дүгнэлт хийж Ё.Бямбатогтох бид хоёр Цэцэд мэдээлэл бичсэн. Бид энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуультай зөрчилдсөн, 2010 онд батлагдсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, түүнд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт, 2017 онд батлагдсан “Зөв­лөл­дөх санал асуул­гын тухай” хуулийн дөрөвдүгээр  зүйлийн 4.4  дэх заалт, мөн хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр гарсан УИХ-ын 2017 оны 39-р тогтоол зэрэг хууль тогтоомжуудыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж үзсэн юм. Одоогоор бидэнд ямар нэгэн хариу ирүүлээгүй байна. Хугацаа нь ч болоогүй байх.Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар (хэрэв бидний гаргасан маргааныг хянан хэлэлцэхгүй гэж үзвэл) Цэцийн аль нэг гишүүн ийм үндэслэлүүдээр мар­гаа­ныг хянан хэлэл­цэхгүй гэдгээ хариу мэдээл­дэг. Хэрэв шийдвэл эц­сийн хугацаа нь хоёр са­рын дотор батлах байх. Хэвлэ­лийн мэдээнээс үзэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой нэр бүхий гурван хүний өргөдөл Цэц дээр байгаа юм билээ. Тэгэхээр Ё.Бямбатогтох бид хоёроос өмнө гурван иргэн ханджээ. Хэдийгээр УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрч­лөлтийг батал­сан ч ир­гэ­дийн гомдол тасрахгүй байгаа юм байна  гэж ойлгосон.
 
-Нэгэнт  Ерөнхийлөгч ёсчлон баталсан, дээр нь сон­гуулийн жил гээд улс төрийн нөхцөл байд­лаас үзэхэд Цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоо­той  ямар ч  гомдлыг хэрэг­сэхгүй юм биш үү?
 
-Үндсэн хуулийн нэ­мэлт, өөрчлөлт  2020 оны тавдугаар сарын 24-нөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх учраас одоогоор ард түм­ний хяналтад байгаа юм. УИХ түүнд нийцүүлэхээр бусад хууль, тогтоомжидоо өөрчлөлт оруулж эхэлж байх шиг байна. Уг нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь  Үнд­сэн хуультайгаа нийцэж байх ёстой. Задлаад үзвэл процессын маш олон зөрчил бий. Зөвхөн нэг намын эрх ашигт нийцүүлэн бяр зааж өөрчлөлтийг баталснаар нийг­мийн бухимдлыг дэвэргээд байгаа юм. Үндсэн хуулийг өөрчлөх байтугай өөрсдийгөө яая гэж байгаа нэр хүндгүй болчихсон энэ Улсын их хурлын гишүүд  Монголын гурван сая гаруй ард түмний эрх ашгийг  хамгаалж чадахгүй нь хэнд ч ойлгомжтой. Ийм итгэл хүлээх чадвар, ёс зүй  тэдэнд байхгүй. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилж байгаа агуулга нь ч,  аргачлал нь ч  буруу юм. УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос дээш хувь нь буюу 51-ээс дээш гишүүний саналаар  Ард нийтийн санал асуул­гаар өөрчилье гэвэл санал асуулгыг явуулж, Үндсэн хуулийг өөрчилж болох л байсан. Харамсалтай нь ингэж шийдэж байснаа Ерөнхийлөгч өөр асуудлаар хориг тавихаар нь буцаагаад дийлэнх олонхоороо шийдвэр гар­га­чих нь билээ.Бод­вол ард түмнээсээ ай­сан байх. Санал асуулга явуулахгүйгээр өөрчилнө гэвэл УИХ-ын гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүний бүрэлдэ­хүүнтэйгээр шийд­вэрлэж болно л доо. 1999-2000 онуудад дордохын долоон өөрчлөлтийг 57-гоос дээш хувиар өөрч­лөөд одоо ч хэл ам нь тасраагүй юм шүү дээ. УИХ Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг 1995 онд анх  баталсан. Үүнд 2016, 2017 онд  бага зэрэг засвар оруулсан. Тэр хуулиа баримтлахын оронд 2017 онд Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль гээчийг баталж, тус хуулийн  4.4-т заасан Үндсэн хуулийг өөрчлөхөд ашиглах заалт оруулж, дээр нь Дагаж мөрдөх жур­мын тухай хуулиа ч бас өөрчилсөн. Энэ  өөрчлөлтөөр ард түмний амьдралыг дээшлүүлэх  талаар  ямар ч  шийдэл байхгүй. Гагцхүү улс төрд удсан эрхмүүд  эрх дархаа баталгаажуулж байр сууриа  бэхжүүлж  авсан. Ийм байхад бид дуугүй хараад сууж болохгүй. Хамгийн гол нь энэ газар шороон дээрх амьдрал зөвхөн бидний үеэр дуусахгүй. Та бидний үр хүүхдүүд үеийн үед үрийн үрд амьдрах болно. Тийм учраас бид замыг нь зөв зааж өгөх учиртай. Чухам үүний тулд л бид амьтанд ад болж өөртөө лай хурааж яваа юм шүү дээ. Михайлд нэг бодол бий гэдэгчлэн Цэцэд өгсөн мэдээлэлд өөр бас нэг асуудал хөндөж тавьсан. Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бүр дээр маргаж чадах боловч шударга үнэний төлөө цохилох зүрхтэй яваа бусад олон нөхдүүддээ боломж үлдээж байна. Гагцхүү энэ нэмэлт, өөрчлөлтийн арван есдүгээр зүйлд оруулсан нэмэлтийг зөвшөөрч бо­лох­гүй байгаагаа тайлбарласан. Энэ заалтыг хүчингүй болгуулах санал тавьсан. Цэцээс ямар нэг хариу бас гарах байх. Хэрхэн шийдвэрлэхийг харж л байя.
 
-Саарыг нь шүүм­жилж байгаагийнх сай­ныг нь ч бас олж харсан л байх.  Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт дотор зөв гэхээр  зүйл ер нь байх юм уу?
 
-Бид Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрч­лөлт болон дээр яригд­сан бусад хууль, тог­тоом­жуудыг бүхэлд нь хү­чингүй болгуулах шаардлага тавьсан учраас доторх зохицуулалтуудад нь онц ач холбогдол өгөө­гүй. Энэ хуулийн өөрчлөлтийг санаачлах, чуулганаар хэлэлцэх, батлах үе шатуудад нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжууд зөрчсөн 20 гаруй зөрчил байна гэдгийг анхааруулж дурдсан. Сайн юманд садаа боллоо, мэдэмхийрлээ, шүүмжиллээ гэж  биднийг буруутгах хүмүүс  хэрэв байгаа бол Ерөнхийлөгчөөс УИХ-ын үйл ажиллагаанд дүгнэлт өгсөн Е\44 тоот хоригийг уншиж үзэх нь зүйтэй гэдгийг хэлэх байна. УИХ тэр хоригийг бүрэн хүлээн авчихсан мөртлөө зөвтгөж засаагүй. Судлаач, эрдэмтэд гээд байгаа хүмүүс  нь МАН-ын захиалгаар хуулийн төслийн бичвэрийг хийсэн учраас өөрсдийгөө алдаршуулахын тулд хийсэн зүйлээ магталгүй яах вэ. Харин нэг зүйлийг тодотгож хэлэхэд ард түмний нүд хагас боловч нээгдсэн нь олзуурхууштай юм. Монгол төрийн хам­гийн өндөр дээд түвшний шийдвэр гаргадаг хууль тогтоох байгууллага болох  УИХ нь  Үндсэн хуулиа ингэж уландаа гишгэчхээд бид хуулийн засаглал дор амьдардаг гэж ярих нь ичгэвтэр юм даа.
 
-Үндсэн хуулийн нэ­мэлт, өөрчлөлт зөрчил­тэй байгаа бол Үндсэн хуу­­лийн Цэц хамгийн тү­рүүнд эсэргүүцэх ёстой бай­­гууллага шүү дээ. Гэтэл тэд ус балгасан мэт байх юм?
 
-Үндсэн хуулийн Цэцийн анхны дарга Г.Совд агсан “Үндсэн хуулийн дээр зөвхөн  хөх тэнгэр байдаг” гэж хэлсэн байдаг. Одоогийн Цэцийн гишүүд  болохоор Үндсэн хуулийн цэцийн  дээр Үндсэн хууль байгаа гэж хэлдэг. Үнэхээр тийм бол Цэц иргэдийн мэдээллийн мөрөөр энэ асуудлыг шийдэх ёстой. Түүнээс УИХ-ын гишүүдэд хууль тогтоох эрх нь байдаг гэдэг талаас нь аялдан дагалдвал ирэх сонгуулиар өөр нэг хүчин гарч ирээд Үндсэн хуулийг дахиад өөрчлөх бүрэн болол
цоотой.
 
Үнд­сэн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль 2010 онд батлагдсан. Энэ хуулийг гол “зэвсгээ” болгон  УИХ Үндсэн хуулийг өөрчилсөн гэж яриад байгаа. Тэр хуульд нь ч гэсэн Үндсэн хуулийг зөрчсөн заалт байна. Жишээ нь, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17-р зүйлийн 17.11-д Ард нийтийн санал асуулгыг хү­чин­гүйд тооцсон эсвэл хуулийг батлахаас татгалз­сан тохиолдолд най­ман жилийн дотор дахин авч хэлэлцэхгүй гэсэн заалт байгаа юм. 
 
 
Гэтэл Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ хоёр удаа авч хэлэлцэхэд ийнхүү нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал эс авч чадвал уул төслийг ээлжит сонгуулиар сонгогдсон УИХ-ын  шинэ бүрэлдэхүүн ажлаа эхэлтэл дахин авч хэлэлцэхгүй гэж заасан байдаг. Эндээс харахад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа биз. Өөрөөр хэлбэл, найман жилийн дотор дахин авч хэлэлцэхийг хориглох нь байтугай нэг бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилд хоёр ч удаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг авч хэлэлцэх боломж байна шүү дээ. Ийм хууль тогтоогчидтой байхад хууль хамаагүй, эрх мэдэл, эд мөнгө л хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс Монголчууд бид өөрсдөө сонгуулийн эрхээ бүрэн эдлэж чадвал энэ гаж тогтолцоо, шударга бус хүмүүсээс салахад ойрхон л байна даа.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин