sonin.mn
Хэдэн сарын өмнө би охиноо АНУ-ын их дээд сургууль, коллежид ороход гол шалгуур болдог SAТ (Scholastic Assessment Test) шалгалтыг өгүүлэхээр Улаанбаатарын нэгэн сургууль дээр өглөө эрт очив. Охиноо буулгаад хөдпөхөд 2-3 автобуснаас гадны бололтой олон хүүхэд бууж байхтай таарав. Тэд бүгд л охины минь орсон хаалга руу орж яваа харагдлаа. Шалгалтын дараа охиноосоо лавлатал, тэд Хятадаас ирсэн сурагчид гэнэ. Урд хөршийн сурагчид энэ шалгалтыг өгөх гэж манай улсыг олноороо зорих болсон шалтгаан нь өөрийн оршин сууж буй газарт шалгалтын бүртгэл дууссантай холбоотой аж. 2018-2019 оны хичээлийн жилийн байдлаар АНУ-д суралцаж буй гадаад оюутнуудын тоогоороо хятадууд толгой цохиж яваа. Нийт 370 мянган хятад оюутан суралцаж байна. Энэ тоо сүүлийн 30 жилд тогмол өсчээ. Хятадын дараа Энэтхэг улс 202 мянган оюутнаараа шил залгаж, Солонгос 52 мянга, Саудын Араб, Канад тус бүрдээ 37 мянган оюутан сургасан гэх үзүүлэлтээр айргийн тавд багтаж байна. Гэтэл монголчуудын голлож сурдаг долоон улсаас АНУ сүүлээсээ хоёрт бичигдэж явна. Бүр тодруулж хэлбэл манай улсаас 1480 оюутан Америкт суралцдаг гэсэн тоо байна. 3500 орчим монгол иргэн оюутны виза авснаас тал хүрэхгүй хувь нь сурдаг бололтой.
 
АНУ-д суралцагчдыг бодлогоор дэмжсэн тэтгэлгийн урсгал Ардчилсан Нам засаг барьсан үеүдэд нэмэгдэж ирсэн бол өнөөдөр бараг тасарсан гэж дүгнэхэд хэтрүүлсэн болохгүй. Төгсөөд Монголдоо ирж ажиллаагүй, мэдээллээ тайлагнаагүй, зээлээ эргэн төлөөгүй гэх мэт шалтгаануудаас болж манай улс тэтгэлгийн урсгалаа сааруулсан гэсэн тайлбар дуулддаг.
 
 
20 гаруй жилийн өмнө Америкт сурч байхдаа Япон, Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн орнууд 1960-70-аад оноос АНУ-ын их дээд сургуульд залуусаа бодлогоор сургасан тухай лекц сонссоноо өнөө ч тод санаж байна. Солонгос оюутнууд эхэн үедээ эх орон руугаа буцах нь цөөн байсан ч Засгийн газар нь бодлогоосоо ухралгүй явуулаад байж. Арван хүний нэг нь эргэж ирэхэд болно гэсэн зарчим барьсан гэдэг юм. Үр дүнд нь Өмнөд Солонгос өнөөдөр дэлхийн топ эдийн засгуудын нэг болчихсон гялалзаж явна. Харийг зорьсон залуус нь хэзээ нэгэн цагт эх орноо зорьж, мэдсэн сурснаа улсдаа зориулдгийн жишээ ганц Солонгосоор тогтохгүй л дээ. Япон, Хятад гээд үргэлжилнэ. Үр дүнд нь Япон ямар хүчирхэг эдийн засагтай болсныг дэлхий даяараа харж, хүлээн зөвшөөрч байна. Хятад гэхэд л технологиороо “Apple” “Tesla”-тай эн зэрэгцэж, зарим тохиолдолд бүр давах шахуу хүчтэй болж, ухаалаг утас, цахилгаан машины зах зээлд дэлхийд гэж яригдаж байна. Хятад сурагчид шалгалт өгөгчдийн тоо хязгаар хэтэрсэн гэх шалтгаанаар эх орондоо ЗАТ өгөх боломжгүйд хүрч хөрш зэргэлдээ Монголыг автобус автобусаар зорьж ирж байгаагийн цаад шалтгаан ерөөсөө л энэ.
 
Урд хөршийн сурагчид Америкт сурахын тулд SАТ шалгалтыг өгөх гэж биднийг зорьж байхад Азийн Монгол АНУ руу тэтгэлгээр явах хүсэлтэй залуусынхаа тоог танасан шигээ суувал ирэх жилүүдэд улам ширүүсэх өрсөлдөөнд ялагдана. Би Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч. Сургууль маань дээд сургуулийг эрэмбэлсэн олон улсын олон жагсаалтын эхний мянгад хараахан багтаагүй яваа. Төгсөгчдийн уулзалт дээр төгсөгчид, багш нар бид өөрийн хүүхдээ боломжтой бол бүгд л гадаадад сургана хэмээн ярьдаг нь үүний илрэл байх. Сүүлийн үед боловсролын реформыг системтэй, эрчимтэй хийхийг зарим хүмүүс уриалан манлайлж эхэллээ. 
 
Цээжлэлтэд суурилсан системээс сэтгэл зүйд суурилсан систем рүү шилжье, агуулгаар нь углуургаар нь өөрчлөхөөс аргагүй, дэлхийтэй ижил стандартаар боловсоръё гэцгээж байна. Ийм өөрчлөлт хэрэгтэй. Санал нийлж байна. Гэхдээ системийн өөрчлөлт хийхэд тодорхой хугацаа шаардлагатай. Бизнес, технологи жил сараар биш, өдөр, цагаар өөрчлөгдөж яваа өнөөгийн ертөнцөд ийм төгс өөрчлөлтийг хүлээгээд суувал өчнөөн боломжоо алдах эрсдэл бий.
Тэгэхээр АНУ руу залуусаа аль болох олноор нь сургах бодлогоо реформын нэг хэсэг болгож үргэлжлүүлье. Асуудлаа ойлгоогүй түшмэлийн зохиосон элдэв зааг, хязгаар, босго шүүлтүүр бус сурлага, шалгалтын дүн, чадвараараа тэнцсэн залуустаа 100 хувийн тэтгэлэг олгоод явуулъя. Иргэд, бизнесийн зүдэрч байж бүрдүүлсэн төсвийн хөрөнгийн хамгийн их үр ашигтай зарцуулалт бол энэ. Бодитой тооцоо хийгээд үзэхэд залуустаа 100 хувийн тэтгэлэг олгож АНУ-ын их дээд сургуульд явууллаа гэхэд 100 мянга хүрэхгүй оюутан л болно. Эхэн үедээ арваас нэг нь буцаж ирэг, хамаа алга. Арван жилийн дараа тэтгэлэг өгч явуулсан арван залуугийн тав нь эх орноо гээд ирнэ. Хорин жилийн дараа бүгд буцаад ирэх нь жам ёсны үзэгдэл гэдгийг Солонгос, Япон, Хятадын түүх бэлхнээ нотолж байгаа. Үүнийг бичиж суугаа миний бие ч 1998 онд тэтгэлэг авч АНУ-д сурч өгсөөд олон улсын байгууллага, төслүүдэд ажиллаж яваад эх орондоо эргэж ирсэн залуусын нэг.
 
 
 
АНУ руу бакалаврт гэхээс илүү магистрт суралцагчдыг дэмжсэн бодлого түлхүү хэрэгжээд байгаа ажиглагддаг. Магистрт суралцагчдын хувьд чанар, чансаатай суралцаж ирээд өгөөж, үр дүнтэй яваа хэсэг бий. Гэхдээ магистрт ганц хоёрхон жил сураад ирсэн олонхид хандлага нь шинэчлэгдээгүй, сэтгэлгээ нь сайжраагүй, хатуухан хэлэхэд суралцсан хэлээрээ ганц өгүүлбэр зөв бичих чадвар дулимаг гэх мэт дутагдал байгаа нь ч нуухюмгүй ил үнэн. 
 
 
 
Харин Ерөнхий боловсролын сургуулиа төгсөнгүүтээ АНУ-д суралцаж боловсорно гэдэг тэс өөр. Хандлага нь өөрчлөгдөнө, сэтгэлгээ нь шинэчлэгдэнэ, хөгжингүй улсын дээд боловсролын системийн жинхэнэ бүтээгдэхүүн болно гэсэн давуу тал бакалаврын зэрэг горилж АНУ-ыг зоригсдод л хаяглагдана.
АНУ-д тэтгэлгээр суралцагчдыг тойрсон цөөнгүй асуудал яригддаг. Наад зах нь л Засгийн газар тэтгэлэгтэй сургалтын асуудлыг хариуцахаар арын хаалга энэ тэр гээд хардах асуудал мунддаггүй. Иймэрхүү хардлага сэрдлэг залуусаа 100 хувийн тэтгэлэгтэйгээр АНУ-ын их, дээд сургуулиуд руу илгээхэд тээг саад болоод байх шиг анзаарагддаг. Энэ ажлыг олон улсын мэргэжпийн байгууллагад даатгаж менежментийг нь хийлгэё гэсэн яриа хөөрөө дээхэн үед яригдаж байсан ч шийдлээ олоогүй тэгсхийгээд мартагдсан удаатай.
 
Сонгон шалгаруулалт явуулж ийм байгууллагад гол ажлуудаа даатгачихвал асуудал төвөггүй шийдэгдчихмээр санагддаг. Олон улсын стандарт, дэлхийн дүрмээр ажилладаг байгууллагуудад өчнөөн давуу тал бий.
 
Итгэл алдахгүй, буруу зөрүү үйл ажиллагаа явуулахгүйгээс гадна оюутнуудад тэтгэлэг олгодог олон улсын сан, хөтөлбөрүүдэд хандаж овоохон мөнгө татах тэдний хувьд асуудал биш. Бүр тодруулж хэлбэл Монголын Засгийн газрын ачаанаас үүрэлцээд явах боломж, чадал олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг иймэрхүү байгууллагад л бий. Ингэж ажиллаж чадвал илүү олон монгол хүүхэд сурч боловсрохоор АНУ-ыг зорино. Үр дүнд нь тав, арав, бүр цаашлуулж яривал хорин жилийн дараа Монгол Улс дэлхийн хэмжэээнд боловсорсон, олон улсын энд хүрч үнэлэгдэхээр чадваржиж, мэргэшсэн иргэдтэй хөгжингүй улс болчихсон урагшилж явна гэдэгт би хувьдаа эргэлзэхгүй байна.
 
 
Монгол бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан