sonin.mn
 
 
 
 
Улс төрийн гуравдагч хүчин буюу эвслийн тухай
 
Сонгуулийн үеэр манайхан намууд болон хүмүүсийг хараад яагаад ч юм жижиг намууд болон эвслийн тухай тун бага анхаардаг. Манай улс төрийн болон сонгуулийн эвсэл ямар ямар хувьсал дамжиж ирсэн, одоо ямар болоод байгааг бараг үл сонирхоно. Хэрэв үүнийг сонирхвол тун сонирхолтой үзэгдэл харагдана. Энэ тухай товч өгүүлье…
 
1992 он. Энэхүү анхны сонгуульд МАН (МАХН) 70 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулав. МСДН дангаараа орж 1 суудал чангаав. Харин МоАН, Нэгдсэн нам, МҮДН-ууд эвсэл болж орсон ба тэд 4 суудал авчээ. Эвсэлдээ нэр өгөхийг “мэдэхгүй” байсныг тэдний бодоход туршлага гэж “улаан нойл” байсан нь тодорхой.
1996 он. Сонгуульд 1 эвсэл оролцов.Барууны үзэл санааны болон хөрөнгө мөнгөний шууд туслалцаатайгаар МҮАН, МСДН “Ардчилсан Холбоо эвсэл” байгуулав. Барууны мэргэжилтнүүдийн шууд оролцоотойгоор Монголд анх удаа барууны пиар технологи хэрэглэв. “Ардчилсан Холбоо эвслийг” 2 намын даргын гарын үсгээр байгуулсан ба эвслийн хамтын байгууллага байгуулах, эвслийн даргыг сонгох зэрэг хуулийн заалтыг ноцтой зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл АХЭ хууль ёсны бус эвсэл байсан юм. Энэ нь хожим “Ардчилсан Холбоо эвсэл”-д ихээхэн гай болсон билээ. Үр дүн нь “Ардчилсан Холбоо” эвсэл 50 суудал авч, МАН 25 суудал авч анх удаа цөөнхи болов. “Ардчилсан Холбоо эвсэл” М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нарын 4 засгийн газрын нүүрийг үзэж, С.Зориг алагдсан ардчилсан хүчний нуралтын үе рүү оруулсан.
2000 он. Сонгуульд 3 эвсэл оролцов. МҮАН, МШАН-ын “Ардчилсан Холбоо” эвсэл, ИЗН, НН-ын “Иргэний зориг-Ногоон нам” эвсэл, “Эх орон-МАШСН” эвсэл нийтдээ 3 суудал авав. 1 бие даагч (Л.Гүндалай) сонгогдов. МАН 72 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулав.
 
Иргэний зориг нам, түүний дарга С.Оюуныг улс төрд орж ирэхэд МАН, ялангуяа С.Баяр бүх талын туслалцаа үзүүлэв. Энэ нь Монголд зохиомол нам, зохиомол эвсэл бий болох эхлэлийг тавьсан. Энэ сонгуулийн үр дүнд Н.Энхбаярын дарангуй дэглэм тогтов. Бүхий л төрлийн авилга, албан тушаалын наймаа чухам энэ үед эхэлсэн. 
 
2004 он. Сонгуульд 1 эвсэл оролцов. Энэ нь АН, Эх орон намын “Эх орон-Ардчилал” эвсэл бөгөөд тэд 36 суудал, МАН 36 суудал авсан ба үүнийгээ “хаан сонголт” гэж нэрлэсэн. “Эх орон-Ардчилал” эвслийг МАН, Н.Багабанди нар идэвхийлэн дэмжив. Чамгүй амжилт олсон “Эх орон-Ардчилал эвсэл” задарч холион бантан болов. Энэ үед УИХ дахь МАН болон АН-ын бүлэг нэгдэж, Р.Гончигдорж МАН-ын бүлгийн дэд дарга болсон г.м онигоо дүүрэн. Мөн энэ үед намаа ялагдуулсан Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, улс төрийн тэмцэл Ерөнхийлөгч, МАН, АН гэсэн гурвалсан хэлбэрт оров.
2008 он. Сонгуульд 1 эвсэл оролцов.Ногоон нам, Иргэний хөдөлгөөний Намын “Иргэний эвсэл” 1 суудал авав. МАН 45, АН 28 суудал авчээ.
2012 он. Сонгуульд 1 эвсэл оролцов. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан амжилт үзүүлэв. АН 34, МАН 26, ИЗНН 2 суудал авчээ. АН задарч, “Шударга ёс” эвсэл хоёр тийш гуйван, түүнээс тууштай цөөнхи Г.Уянгын толгойлсон цөм л үлдсэн юм. Энд улс төрийн тэмцэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН, АН, “Шударга ёс эвсэл” гэсэн дөрвөлсөн хэлбэрт орж бүр заваарав.
2016 он. Энэ сонгуульд эвсэл оролцоогүй. МАН 65, АН 9, МАХН 1 суудал авсан. МАН болон АН-ын задрал эхлэв.
Эндээс хэд хэдэн их ноцтой дүгнэлт гарна:
1. Монголын улс төрийн талбарт МАН гэдэг нэг “цөм нам” байдаг бөгөөд бусад намууд түүнийг ялахын тулд эвсэл болдог.
2. МАН-ын эсрэг аль болох олон намууд нэгдэн эвсэл болсон тохиолдолд амжилт олдог, хэсэг бусаг буюу дангаараа орвол ёс мэт ялагддаг.
3. Ардчилсан чиглэлийн гэх намууд эвсэл болж амжилт олсон хэдий ч тэр нь тун удалгүй задардаг. Энэ нь тэдний дотоодын дүрэмгүй өрсөлдөөнөөс болдог боловч ихэнхи тохиолдолд ардчилсан хүчний нэн тодорхой хэсэг МАН-тай нийлж, түүнд урваснаас болдог.
4. Яваандаа АН бэхжихийн хэрээр эвслүүд өөрийн гэсэн бодлого явуулахын оронд МАН болон АН-ын хооронд гуйвж дайван эвслийнхээ хүч, нөлөөг сулруулдаг.
5. МАН болон АН бүлэг хоорондын дотоод зөрчлөөсөө болж, өрсөлдөгчийнхөө саналыг хуваахын тулд хуурамч буюу зохиомол эвсэл байгуулдаг.
Монголын улс төрийн эвслүүд хөгжлийн 2 шатыг туулжээ. Ардчиллын эхний үед МАН-ыг ялахын тулд эвсэл болж, эвлэлдэн нэгддэг байсан нь эхний шат юм. МАН, АН хоёр хоёулаа “бүтэхгүй новш” гэдгийг мэдмэгцээ улс төрийн гурав дахь хүчин байгуулахыг оролдох болсон нь удаах шат юм. Одоо энэхүү шатны сүүлчийн ородлогууд болж байна. Дашрамд дурдахад “улс төрийн эвсэл” болон “улс төрийн гурав дахь хүчин“ гэх ойлголтууд шал өөр ойлголтууд болно. Энэ ялгааг манайхан бараг мэддэггүй, тооцдоггүй.
 
Жинхэнэ ёс журмаараа байгуулагдсан, нийгмийн эрүүл хүчнийг нэгтгэсэн жинхэнэ эвсэл ганцхан байсан бөгөөд тэр нь Д.Энхбатын толгойлсон “Иргэний эвсэл” байсан юм. Нөгөө талаар “Иргэний эвсэл” жинхэнэ улс төрийн гуравдагч хүчнийг бий болгох анхны оролдлого байсан юм. Гэвч үүний өөдөөс МАН, АН хоёр “дундуураа хэнийг ч оруулахгүй” гэсэн нууц зарчим тунхаглаж, Иргэний эвслийг тасчин устгасан билээ. Ийм учраас Монголд улс төрийн гуравдагч хүчин одоо болтол төрж чадаагүй байна. Харин одоо яах бол ?! Энийг чинь л ярих гэж байна…
 
Жижиг намуудын хувьсал
 
Жижиг намуудыг манайхан “тооцооны гадна” үлдээдэг, энэ нь ч зөв байх. Гэхдээ жижиг намуудыг тооцохгүй байж болдоггүй юм. Жижиг намуудын ач холбогдол сонгуулийн үеэр эрс нэмэгдэнэ. Эвсэлд аль болох олон нам нэгдвэл, нэгтгэвэл “лаг сүртэй” харагдахаас гадна эвслийн хүчийг чамгүй нэмдэг. Ядахдаа сэтгэл зүйн нөлөөлөл гардаг.
Жижиг намууд ардчиллын эхний жилүүдэд жинхнээсээ бор зүрхээрээ зүтгэдэг байсан үе бий юм шүү. Хоёр сонгуулийн дараа жижиг намууд амжилт олохгүй нь тодорхой болов. Ингэмэгц эвсэл болж нэгдэх хөдөлгөөн үүсэв.
МАН тэднийг авахгүй учраас эвсэл болбол АН руу гүйдэг ажилтай болов. Дараа нь АН бас л бүтэхгүйг мэдэж аваад хэнтэй л бол хэнтэй эвсдэг моод дэлгэрсэн ба тэр нь одоо болтол үргэлжилж байна.
Олон удаагийн эвсэх явцад болсон урвалт шарвалт, ёс суртахууны доройтол, мөнгөний амтанд орсон шуналыг яривал барагдахгүй. Ёстой жинхнээсээ урвана шарвана гэдгийг эндээс олж харж болно. Ингэхэд жижиг намууд ямар нэг хувьсалд орсон уу гэж асуувал хариулах хүн цөөхөн л байх…
 
Монголын жижиг намуудыг хоёр том бүлэгт хувааж үзэж болно: Эхний бүлгийг нөхцөлт байдлаар “хуучны жижиг намууд” гэж нэрлэж болох ба үүнд БНН, МУНН, МНН, МҮАН Эх орон нам г.м 1990-2000 оны хооронд байгуулагдсан намууд орно.
Удаах бүлгийг нөхцөлт байдлаар “шинэ жижиг намууд” гэж нэрлэж болох бөгөөд эдгээрт 2000 оноос хойш байгуулагдсан “шороон түмэн” жижиг намууд бүгдээрээ орно. Энэ хоёр бүлэг нэлээд их ялгаатай.
 
Хэд хэдэн ялагдлын дараа жижиг намуудын идэвхи багасаж, яваандаа аль нэг хүн, пүүс компанийн нам болж явцуурах үйл явц болсон юм. Жишээлбэл, БНН гэвэл Б.Жаргалсайхан болон “Буян кашимир” компани, МУНН гэвэл ХЛТ-гийн Б.Батболд, МНН гэвэл О.Бум-Ялагч санаанд орно.
Жижиг намууд дүрэмтэй байдаг хэдий ч тэд үүнийгээ хэзээ ч сахидаггүй, намын Их Хурлаа хийдэггүй, намын байгууллага байгуулдаггүй. Тэд МАН, АН-ыг “ардчилал байхгүй” гэж загнадаг боловч өөрсдөө бол ямар ч ардчилал байхгүй. Тэр ч байтугай “мөнхийн ганц” даргатай 20 шахам жил болсон нам ч бий. Тэд “мөнхийн ганц” дарга, түүнийг дагалдсан 2-3 хүний нэрийг дэвшүүлэх, ялах магадлалтай намтай эвсэл болох гэсэн хоёрхон ажлыг маш сайн хийж чадна.
Гэвч “хуучны жижиг намууд” бүтэлгүй, арчаагүй болохоороо амжилт олохгүй байна гэж үзэж болохгүй. Учир нь төр засгийн зүгээс буюу МАН, АН жижиг намуудыг жижиг чигээр нь байлгах хатуу бодлого олон жилийн турш баримталж ирсэн.
Энэ тохиолдолд “хуучны жижиг намуудын” цорын ганц гарц нь эвлэлдэн нэгдэж, хүчээ нийлүүлэх явдал юм. Харин энэн дээр бол жинхнээсээ монгол өвчин гарч ирдэг, бас суурь алдаа бий болдог. “МАН, АН ч нам, манай нам ч бас нам мөн. Адилдаа адил годилдоо годил” гэсэн тэнэг үндэслэл хэлдэг. Үгүй л дээ, дээр дурдсан үндэслэлүүүд хууль бичсэн цаасан дээр байдаг болохоос бодит байдал дээр МАН, АН хоёрыг хуучны жижиг намтай харьцуулбал “тэмээ, ямаа хоёр” шиг ялгаатай.
Хуучны жижиг намуудын алдаа бол жижиг байгаадаа биш, эвлэлдэн нэгдэж чаддаггүй тэдний өөрийнх нь өвчинд байдаг.
Энэ тохиолдолд “хуучны жижиг намуудад” ялах магадлалтай, чингэхдээ сөрөг хүчинтэй эвсэл болох ганцхан гарц үлдэнэ. Харин энийг бол тэд тун сайн сурсан, суралцсан.
 
Энэ явцад төр засгийн болон АН, МАН хоёрын зүгээс явуулж ирсэн бодлогод нэлээд өөрчлөлт гарсан байдаг. 1990-ээд оны эхэн үеийн “нам байгуулж тэмцэх” улс төрийн идэвхи буурав. Цаанаасаа ч олон түмний идэвхи буурсан нь эргэлзээгүй. 2000 он гараад шинэ нам байгуулахыг хуулийн элдэв төрлийн гох дэгээгээр хориглосон юм. Энэ нь их амархан. Шинэ намыг манай “улс төрийн” Дээд Шүүх бүртгэхгүй гэхэд л дуусч байгаа юм. Лавтайяа улс төрийн 20 шахам шинэ намыг бүртгэхгүй буцаасан юмдаг.
 
Гэтэл МАН, АН хоёрын дотоод зөрчилдөөн гаарав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “өөрийнхөө” АН-ыг унагах, тэдний саналыг хагалах зорилгоор шинэ намуудыг бүртгэх ажлыг ихээхэн чөлөөтэй болгосон нь шинэ үеийн “шинэ жижиг намууд” үй олноороо бий болох таатай нөхцлийг бүрдүүлжээ.
Энэ далимд шинэ намууд захиалгаар, зохиомлоор бий болох, болгох үзэгдэл бий болж, тэр нь зах зээлийн харилцаанд бүрэн шилжив. “Шинэ жижиг намууд” МАН-ын саналыг хуваах, АН-ын саналыг хуваах гэсэн хоёр үндсэн төрөлд хуваагдах болж, энэ нь “зарчим, зүй тогтол” болон хэвшин тогтжээ.
 
Одооны эвслүүд
 
Одооны улс төрийн эвслүүдийн олонхи эсвэл МАН-ын эсвэл АН-ын саналыг хуваах “зарчимд” тулгуурлан байгуулагдсанд эргэлзэх зүйл үгүй. Энэ удаагийн сонгуульд 4 эвсэл оролцож байгаа.
1. “Та бидний эвсэл” Энэ эвсэл Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн намуудаас бүрдэж байгаа.
2. “Зөв хүн электорат эвсэл”. Энэ эвсэл Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс намуудаас бүрдэж байгаа.
3. “Шинэ эвсэл”. Энэ эвсэл Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намуудаас бүрдэж байгаа.
4. “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл”. Энэ эвсэл Монголын Консерватив нам, Монголын Хүний Төлөө намаас бүрдэж байгаа.
Эдгээр эвслийг алийг нь сайн, алийг нь муу гэж үзэх вэ ? Өөрөөр хэлбэл яаж өөр хооронд нь ялган таньж болох вэ ? Энэ асуудал тулаад ирвэл бэлэн зэлэн хариулах хүн тийм ч олон гарахгүй. Гэвч шинжлэх ухаанд маш олон үзүүлэлтээр ялгаж болно.
 
Нэг. Хамгийн эхний шалгуур нь толгойлогч буюу манлайлагч болно. “Та бидний эвсэл” гэвэл Н.Энхбаярын эвсэл, “Шинэ эвсэл” гэвэл Ж.Батзандангийн, “Сахигтун” эвсэл гэвэл Х. Бат-Ялалтын эвсэл гэж буух нь мэдээж хэрэг. Харин “Зөв хүн электорат эвсэлд” толгойлогч байхгүй. Цаана нь Б.Баабар байгаа нь мэдээж хэрэг. Баабар “гав ганцаараа”, “сүүн цагаан” сэтгэлээр Монголын хамгийн сайн, хамгийн шилдэг хүмүүсийг сонгож аваад нэрийг нь дэвшүүлж байгаа гэж ойлгох нь тэнэг хүний ажил.
Хоёр. Байгуулагдсан хугацаа. Одооны шинэ эвслүүд бүгдээрээ 2020 оны 3 дугаар сард байгуулагдсан. Олон нам багтаасан эвсэл болох гэж хийсэн яриа хэлэлцээр гэж тоогоо алдсан. Наад зах нь аль болох олон нам эвсэлдээ багтаавал “олон нам удирдсан мундаг толгойлогч” гэж харагдана шүү дээ. Гэтэл эвлэж өгдөггүй, эхлээд л аль намын саналыг хуваах гэдэг дээр санал зөрөх нь мэдээж хэрэг. Харин электорат эвсэл бас л 3 дугаар сард байгуулагдсан гэж харагдаж байгаа боловч түүний эхлэл одооноос 1 жилийн өмнө буюу 2019 оны 3 дугаар сард “Электорат хөдөлгөөн” нэрээр сууриа тавьсан. Үүнийг алсаас тоглолт хийнэ гэдэг…
Гурав. Байгуулагдсан зарчим. “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”, “Сахигтун” эвсэл бол угаасаа ойлгомжтой. Н.Энхбаяр аль болох олон нам татах гэж оролдсон бол, Ж.Батзандан аль болох олон хүн татах гэж үзсэн, Сахигтун эвсэл бол “үлдсэнүүдийг” нь цуглуулж эвсэл болсон. Хэдийгээр би тэдгээрийг хэтэрхий сайн мэдэж байгаа боловч эдгээр эвслийн сайн муу, сайхан муухайг энэ удаад ярихгүй, хэрүүл болохын нэмэр…
 
Харин “Зөв хүн электорат эвсэл” бол шал өөр. Эхлээд “Электорат хөдөлгөөн” байгуулав. Эхлээд Монголын шилдэг тэргүүний сэхээтнүүдийг цуглуулав. Нам бус, зөв бөгөөд шударга, нэр цэвэр, залуу хүмүүсийг дэмжинэ гэхээр том сэхээтнүүд зөвшөөрдөг юм байгаа биз дээ. Ингээд том сэхээтнүүдийг бүгдийг нь цуглуулж байгаад нэг сайхан зураг авахуулав. Үнэндээ бол тэдний нэр, зураг хоёр хэрэгтэй байсан хэрэг. Ингээд хамгийн гол ажилдаа оров. 
 
Одоо бол “Электорат хөдөлгөөн” байхгүй болж, “Зөв хүн электорат эвсэл” бий болов. “Нам бус” гэсэн нь алга болж нам намаас нэр дэвшүүлэв, “шударга” гэсэн нь алга болж “зөв хүн” гэсэн нэн тодорхойгүй ойлголт гаргаж ирэв, залуу хүмүүсийг гаргана гэсэн нь алга болж, насны ялгаагүй дэвшүүлэх болов. Үүнийг л улс төрийн заль мэх (манипуляци) гэдэг юм.
Дөрөв. Нэр дэвшүүлсэн байдал. “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”, “Сахигтун” эвсэл бол сайн нь ч ойлгомжтой, муу нь ч ойлгомжтой. Эвслийн толгойлогч болон түүний дотнын хэдэн хүнийг жинхнээсээ өрсөлдүүлж, бусад нь чимэг, үзүүлэн болох нягууртай. Энд муу юм огт байхгүй, учир нь үүнээс өөр арга тэдэнд байхгүй.
Харин “Зөв хүн электорат эвсэл” бол огт өөр. Тэд МАН-аас 21, ХҮН намаас 15, АН-аас 14, МСДН-аас 13, Зүй ёс намаас 5, Гэр хорооллын хөгжлийн намаас 1, МАХН-аас 1, Шинэ намаас 1 нэр дэвшигчийг дэмжихээр болжээ. Ийм хөгийн заваан “холимог хуургыг” зөвхөн Баабар л хийж чадах бөлгөө.
Тоон харьцаа үнэхээр анхаарал татна. Яагаад МАН-аас 21, АН-аас 15 хүнийг дэмжиж байгааг асуух л үлдэж байна. Энэ нь ноён Баабар МАН-ын талд хатуу зогсож байгаагаас өөр юу ч харуулахгүй. Харин энэ нэр дэвшилтээр ХҮН нам, МСДН хоёр ёстойгоосоо хулхидуулжээ. ХҮН нам 15, МСДН 13 гэсэн тоонд “дур” тавьчихжээ. ХҮН нам 2016 онд МАН, АН, МАХН, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын бүх намуудад олны өмнө хүчиндүүлж, нүдний булай болсноосоо хаширсан гэж бодсон чинь үгүй юм байна…
 
Одоо “Зөв хүн электорат эвсэлд” хийж чадах цорын ганц ажил байгаа бөгөөд энэ бол Баабарыг үтэр түргэн зайлуулж, Баабарын дэвшүүлсэн хуурамч баагийнуудын нэрийг татвал тун сайн үйл болно. Баабарын ард С.Баяр, Ц.Элбэгдорж нар байгаа гэдгийг олоод харчих ухаан байхгүй бол улс төрөөр оролдож үхснээ хийнэ… 
 
“Зөв хүн электорат эвсэл” бол Баабар, С.Баяр, Ц.Элбэгдоржийн нарын маш эртнээс бодож байгуулсан “БабаЭл-торат” эвсэл мөн. Ингээд “Зөв хүн электорат эвсэл” сонгуулийн өмнө “будаа болох” нь эргэлзээгүй. Энд би залуучуудад буруу өгөхөөсөө шинэ залуу хүчин болгоныг хорлон сүйтгэдэг, адгийн заваан будлианд хутгадаг, улс төрийн аллага үйлддэг Баабар, С.Баяр, Ц.Элбэгдорж нарыг жигших нь зүйтэй гэж бодно…
Одоо “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”, “Сахигтун” эвсэл үлдэж байна. Би мэдэхгүй болоод биш, харин хамгийн сайн мэддэг учраас тэднийг энэ удаад үлдээж байна. Харин Н.Энхбаяр хэт шударга царай гаргаж, балайраад солиороод байвал түүнийг би алах л болно…
Явж явж энэ удаад найдвар төрүүлж чадах эвсэл бол Ж.Батзандангийн “Шинэ эвсэл” юм даа…
Одоо манай иргэд Монголд улс төрийн гуравдагч хүчин яагаад гарч ирж чаддаггүйн шалтгааныг олсон гэж бодож байна. Ямар ч гэсэн улс төрийн гуравдагч хүчин мандтугай !!!
2020 оны 06 дугаар сарын 05
 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: http://ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог http://ganaa.mn-ээс уншина уу?