sonin.mn
“НАТО 2030” тайландаа ирэх 20 жилийн хугацаанд ОХУ-ын дараа Хятад улс эвслийн хамгийн том дайсан болсныг онцолжээ. Тус тайланд дурдсанаар эвсэл уламжлалт заналхийлэлд хариу арга хэмжээ авахаас гадна цаашид БНХАУ-д анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Хятадаас ирж буй сорилтуудыг даван туулах, гишүүн орнуудыг Бээжингийн баримталж буй түрэмгий бодлогоос хамгаалах тухай онцолжээ. Түүнчлэн “Хятад улс гуравдагч орнуудад, ялангуяа Африкт хяналт тавихаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг тэмдэглэсэн байна. НАТОгийн 2030 оны тайлангийн эцсийн хувилбарыг 2021 оны Брюссельд болох дээд хэмжээний уулзалтад танилцуулах юм. НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Хятад улс НАТО-гийн хувьд шинэ сорилт болж байна. Учир нь, Бээжин шинэ зэвсэг үйлдвэрлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг” хэмээв. Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн, геополитик, стратегийн ахлах зөвлөх Сара Рейне энэ талаар “НАТО Бээжингийн өсөлтийн талаар хэлэлцэх нь зүйн хэрэг. Гэвч нэгэнт дэлхийд тодорхой том байр суурьтай болсон тус улсын асуудлыг илүү өндөр түвшинд авч үзэх нь НАТОгийн гишүүн орнуудын дунд үүсээд буй хуваагдлыг улам даамжруулах болно. Учир нь, уг эвслийн гишүүн 29 орны нэлээд хувь нь Хятадын эдийн засгаас шууд гэж хэлж болохуйц хамааралтай болоод байна. Тэдний зарим нь Хятадын геополитикийн тэргүүлэх бодлого болох “Бүс ба зам” санаачилгад нэгдэн орж, ашиг тусыг нь хүртэж эхлээд зогсохгүй бусад улсад ч үүнийг уриалах мэссеж хүргүүлсэн.
Харин одоо НАТО-гийн түвшинд үүнийхээ эсрэг ярих нь тэдгээр орнуудын олон улс дахь нэр хүнд болон хамгийн том хөрөнгө оруулагчийнхаа итгэлийг алдах аюултай” гэжээ. Зөвхөн ЗХУ-аас хамгаалах зорилгоор байгуулагдсан эвсэл өнөөдөр ОХУ, БНХАУ, Энэтхэг, Иран зэрэг дэлхийн хүчний тэнцвэрт томоохон өөрчлөлт авчирч буй их гүрнүүдийн эсрэг бодлого тодорхойлоход бэрхшээлтэй болсоор аажимдаа тэдний өсөлтөөс улбаалан чадамжгүй болж ирж байгаа талаар судлаачид онцолдог.
 
 
 
 
Харин Орос, Хятад хоёр улам ойртон нягтарсаар. Бээжин, Москва хоёр НАТО-г сөрөн зогсож чадахуйц цэргийн холбоо байгуулах гэж байгаа талаар барууны хэвлэлүүдэд таамаглан бичиж байна. Түүнчлэн Хятадын тэнгисийн цэргийн хүчин маш хурдан шинэчлэгдэж байгаа нь шинжээчдийг гайхшируулж байна. 10-хан жилийн хугацаанд Хятад бүхий л төрөл загварын хөлөг болон шумбагч онгоцууд бүтээх хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж чадсан.
 
 
 
Зэвсэгт хүчний байлдах боломж өссөн нь илүүтэй анхаарал татаж байна. Орос, Хятад хоёр цэргийн салбарт бие биенийгээ маш сайн нөхөж чадахаар харагдаж байгааг шинжээчид онцолсоор буй. 2017 оны зургаадугаар сард Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын явцад Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Хятадын Батлан хамгаалахын сайд Чан Ваньцюаньтай уулзах үеэрээ 2017-2020 онд цэргийн салбарт хамтран ажиллах “замын зураглал”-д гарын үсэг зурахыг санал болгосон юм. Тухайн үед хоёр тал цэргийн салбарт хамтран ажиллаж эхэлснээс хойш 12 жил болж байлаа. 2005 онд Орос, Хятад хоёр улс Шандуны хойг болон Владивостокт хамтарсан цэргийн сургуулилалт хийж, түүнд 10 мянга гаруй цэрэг, офицер оролцож байв. Уг сургуулилалтыг одоо жил бүр зохион байгуулж байна. Хятад улс Олон улсын армийн тоглолтод байнга оролцдог болсон юм.
 
 
Ц.Даваасамбуу
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин