sonin.mn

Анастасия Ивановна-Цэдэнбал Филатова
/1920-2001/

10 дугаар сарын 21. Монголын нам, төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалын гэргий Анастасия Ивановна Филатова энэ өдөр таалал төгсөөд 13 жил болжээ.

Тэртээ 1947 онд маршал Х.Чойбалсангийн улс төрийн зөвлөх Н.Важнов Москва дахь хөршийн хамаатан, Рязань мужийн Сапожки тосгоноос гаралтай ЗХУ -ын Худалдааны яамны комсомолын хорооны нарийн бичгийн дарга Настяг Ю.Цэдэнбалд танилцуулснаар тэд хайр сэтгэлтэй болж ханийн амьдралаа эхэлжээ.

1972 оны дөрөвдүгээр сарын 16-нд УБТЗ-ын хамт олон анх санаачилан коммунист субботник зохион байгуулж, хуримтлуулсан орлогоороо төмөр замын “Рашаант” өртөөнд хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барьсан юм. Барилгын ажлыг төмөр замчид болон УБДС- ийн оюутны гавшгай отряд сайн дурын хүчээр барьж намар нь ашиглалтанд оруулсан байна.

МАХН-ын Төв Хороо, Сайд нарын Зөвлөлөөс энэхүү санаачилгыг дэмжин гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд МХЗЭ-ийн Төв Хороо, Ардын боловсролын яам, Эрүүлийг хамгаалах яам хамтран 18 аймаг болон хотуудад салбартай Хүүхдийн төлөө фондыг удирдах Төв комиссыг 1973 онд байгуулж, даргаар нь А.И. Цэдэнбал-Филатоваг томилсон байдаг.

Тус фондоос 18 аймаг, хотод 25,50, 75,90,120-н хүүхдийн цэцэрлэг, яслийн 63 нэгдсэн барилга, Яармагт 120 ортой, хүүхдийн нэгдсэн эмнэлэг, 1978 онд нэг ээлжиндээ б00 хүүхэд хүлээн авах олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслан, хүүхдийн номын сан, хүүхдийн кино театр, хүүхдийн шинэ ордон, өнчин хүүхдийн Хандгайт дахь зуслан, хүүхдийн парк зэрэг олон сайхан объектийг Монголын хүүхэд залуучуудад байгуулж өгсөн юм.

1974 онд өнчин хүүхдийн цэцэрлэгийг шууд харъяалалдаа авч,1976 онд дотуур байрыг нь үлгэр жишээ тохижуулж, багш нарыг нь Москва хотын өнчин хүүх-дийн сургуульд туршлага судлуулахаар явуулсан байна.

1974 оны арваннэгдүгээр сард ЗХУКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Л.И. Брежневыг манай эх оронд айлчилахад,

-Та Монголын залуучуудад жинхэнэ бэлэг үлдээгээч гэсэн А.И.Цэдэнбал-Филатовагийн хүсэлт санаачилгаар Гэрлэх ёслолын ордон, Залуу техникчдийн ордныг бэлэглэсэн түүхтэй.

Энэ тухай Брежнев дарга дурсахдаа, Монголын хүүхэд залуучуудад сайхан бэлэг өгүүллээ дээ гэсэн гэдэг. Тэдгээрийг барих, тоноглох, ашиглалтын асуудлыг Ажаа Маама идэвх зүтгэл, санаачлага гарган зохион байгуулсан билээ.

Түүнд дэлхийн сонгодог урлагаас суралцан, сурталчилан дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1976 онд БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, 1978 онд Өсвөр үе, хүүхэд залуучуудын хүмүүжлийн материаллаг баазыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Төрийн шагнал тус тус олгосон байна.

А. И. Цэдэнбал-Филатова 1984 оноос Москва хотноо нөхрийн хамт КГБ-ын хяналтанд байж байгаад 2001 оны 10 сарын 21-нд ертөнцийн мөнх бусыг үзэж Ваганьковын оршуулгын газарт түүнийг хөдөөлүүлсэн байдаг.

Түүнд хүртээсэн бүх шагнал, цол хэргэмийг Монгол улс хүчингүй болгосон ба хайрт хань, ууган хүүгээ алдсан тэр орос эмэгтэй насныхаа эцэст ядмагхан тэтгэврээрээ амь зууж байсан юм.

Анастасия Ивановнагийн Монголын хүүхэд залуучуудад өгсөн эхийн сайхан сэтгэлийн буян, дурсгал нь монголчуудын сэтгэл зүрхэнд мөнхөд оршино.

Г.Урам

Эх сурвалж: "Хөх толбо" сонин