sonin.mn

Өнөөдөр 15.00  цагаас  МАХН-ын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмон, түүний  өмгөөлөгч О.Баасанхүү нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

    Хурлын үеэр О.Цолмон : “ Аливаа хуулийг хүний эрхийг хамгаалахын тулд зохиодог. Харин төрд үйлчилдэг хууль  байх учиргүй. Цагдан хорих 461-р анги руу шилжүүлэх гэж байхад нь би хуулийнхнаас арга ядаад гуйсан юм . Та бүхэн дахин битгий хүч хэрэглээрэй гэж. Гэтэл дахиад л дамжлаад авч явсан. Би хүнд муугаа үзүүлж, нулимсаа урсгаж, ард түмнээр өрөвдүүлэхийг хүсээгүй. Харин эр нөхрийг минь ингэж аймшигтайгаар тарчилгаж, хууль бусаар хорьж байгаад харамсаж байна. Би өчигдөр орой нөхөртэйгөө уулзсан. Тэгэхдээ чи одоо өөрийгөө бод өлсгөлөнгөө зогсоо гэж гуйсан. Нөхөр маань бүр ярьж чадахгүй болтлоо доройтоод шивнэх төдий л хариу хэлсэн. “Эд нар намайг ингэж дарамталж байгаа юм чинь ард түмнийг минь ямар аймаар дарамталж байгааг би мэдэхгүй. Тиймээс би эцсээ хүртэл тэмцэнэ. Шаардлагуудыг маань биелүүлтэл өлсгөлөнгөө зогсоохгүй” гэж хэлсэн.  Манай нөхөр хуурай өлсгөлөн зарлаад яг 174 цаг болж байна. Түүний амь нас дээсэн дөрөөн дээр байхад эрх баригчид юу ч хийхгүй зүгээр хараад сууж байна. Хуулийнхан нөхрийг маань алж байна. Цаазалж алж байна. Тэгэхдээ маш удаан хугацаанд тарчилган алж байна" хэмээн өгүүлэв.

Н.Энхбаярын өмгөөлөгч О.Баасанхүү ч хуулийн маш олон алдаа гарсан тухай ярьж байлаа.

Э.Мягмар-Өлзий