sonin.mn

Энэ ертөнцийн бүхий л юм эрээн бараан, хар цагааны дэнсэн дээр байдаг гэдэгтэй хэн ч маргадаггүй. Ариун Буддагийн сургаальд “Жаргах нь үнэн, жаргасны эцэст зовох нь үнэн” гэж хэлсэнчлэн аливаа юм сайн муу хоёр талтай байдаг нь алаг энэ хорвоогийн аксиом ч гэхэд болохгүй газаргүй бөлгөө.

Нүүрс гэж гялалзсан сайхан хар алтны халааж дулаацуулдаг ач тусыг нь бид мэднэ. Гэтэл утаа униар гээд түүний дагуулдаг хар үйлийнх нь тухай бид нилээд олон жил ярьж байна. Уушгиар маань дамжуулж манийгаа хордуулаад байгаа утааг нь дагалдах хөө тортог, үнс гэгч ёрын шаарын тухай энд бас яримаар санагдана.

Нүүрсийг тэрбум тэрбум тонноор нь шатаадаг хөрш Хятад маань яажшуухан баларч байгааг бүү мэд, холын Америкчууд л лав шатаасан нүүрснийхээ их үнсийг  дийлэхгүй нилээн зүдэрдэг юм билээ.

Их багын хэмжээгээрээ л ялгаатай болохоос уран болон тори гэгч цацрагт элементүүдийг агуулдаггүй нүүрс гэж энэ дэлхий дээр хаа ч үгүй. Нүүрсний их утаатай хамт эх дэлхий дээр минь жил бүр хуримтлагдах 220 мянган тн ураан, 280 мянган тн хүнцлийн хорноос зайлсхийх амаргүй.

Бидний шатааж буй тонн нүүрс тутамд 1 мг-аас илүүгүй ураан байгаа бол нүдээ аньж байгаад түлэхээс өөр замгүй, ямар хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэлтэй биш. Харин нүүрс шатсаны дараа нөгөө ураан гэх гайхал чинь үлдсэн үнс, хөө тортогонд нь өнгө зүсээ хувиргаад хэмжээ нь хэдэн арав дахин ихэсч ради гэгч айхтар цацрагт бодис болон хувирчихсан гэрэлтэж явдаг нь чухам гамшиг гэлтэй.

Аливаа цацраг идэвхт бодис нь нүдэнд үл үзэгдэх хорт туяагаар дамжин эхийн умайд байгаа үр хүүхдийг маань өвчлүүлж, үе удам дамжуулан хөнөөхөөс гадна биений аль ч хэсэгт байгаа хорт хавдрын эсийн жинхэнэ уурагт тэжээл нь болдогийг хэн хүнгүй мэдэх болж.

Хаанахыг нь ч ялгаагүй хар нүүрс аль ч хэмжээний зууханд оронгоо дутуу шаталтаас болж агаарт ихээхэн хэмжээний нүүрсхүчил, азот, хүхрийн хий ялгарна. Үүнд нь бид хахаж цацан хордоно, дээр нь  хаа сайгүй агаарт бужигнах хөө тортог үнсэн дотор нь өнөөх айхтар мөнгөн ус, хүнцлээс чинь авахуулаад мангани, хар тугалга, стронци, кадми, селен... гээд Менделеевийн үелэх системд байдаг бүх л хорт бодисууд тууж явдаг гээд бодохоос нуруу руу хүйт даамаар.

Агаарын бохирдлын гол цөм нь уугиж байгаа утаанд биш түүнд агуулагддаг энэ нарийн тоосонцорт хуримтлагддагийг  олонхи судлаачид баталдаг. Дэлхийн банкны манайд хийсэн судалгаагаар газрын гадаргаас дээш нэг метр орчимд ийм тоосонцор агаарын дээд хэсгээсээ хэд дахин илүү байгааг тогтоож бага насны хүүхдээ цэцэрлэг сургуульд хүргэхдээ хөтөлж биш өргөж тэвэрч явахыг ч зөвлөсөн байдаг.

Мөнгөн ус, хүнцэл гэх хүнд металлууд нь хүн, амьтан, ургамал гээд амьтай бүхнийг аажмаар мөхөөдөг асар хүчтэй хөнөөлт бодисууд. Иймээс аливаа улс орон импортлох нүүрсэндээ агуулагдах эдгээр хорт бодисуудын хэмжээг заасан хатуу стандартыг мөрддөг. БНХАУ ч ялгаагүй манай улсаас импортлох нүүрсэнд хатуу стандарт тогтоосон байгаа.

Гэрийн зуухны ашигт үйлийн коэффициент 60-70 хувь байдаг.  Өөрөөр хэлбэл хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд өдөр болгон нүүрсэндээ зарж байгаа мянган төгрөг тутмын чинь 300-400  нь хар утаатай хамт салхинд хийсчихэж байна гэсэн үг. Дээр нь жингээрээ л хөнгөрөхөөс биш хэмжээгээрээ нөгөө түлсэн нүүрснээс чинь дутахааргүй  их хэмжээний хөө, тортог, үнс ялгарна. Түүн дотор чинь байгаа мөнөөх л төрөл бүрийн өвчний идээ бээр  нь болдог хүнд металлуудын тухай би дээр цухас дурьдсан.

Америк орон жил бүр нүүрсээр галладаг дулааны станцуудын хаягдал 150 сая тонн үнсэнд дарагддаг бол нийслэлийнхэн бид өнөөдөр жил бүр ялгарах хагас сая шахам тонн үнсэнд нь булуулах шахам  амь зууж байна. Америкчууд тэр их үнснийхээ тал хувийг ухаад хаячихсан уурхайнхаа нүх сүвийг бөглөхөөс авахуулаад зам тавих энээ тэрээдээ ашиглаж байна, харин бид хагас дутуу ачаад хогийн цэг рүү аваачих гэж замд нь баахан асгаж цутган иргэдийнхээ татварын мөнгийг бөөн бөөнөөр нь  урсгаж байна.

Гэр хорооллынхон өнөөдөр нүүрснийхээ үнсийг хашаанаасаа гаргаад хандсан зүг рүүгээ цацчихаж байгаад хэн буруутайв. Хотын борчуудын ийм замбараагүйтлийн “ач буянаар” Бэлх, Сэлбэ, Улиастайн  голуудын сав хөндий нүүрсний саарал үнсээр  нэгэнт дүүрээд эхэлчихсэн байгаа. Цаашлаад тэр нь “тунгалаг” Туулаар дамжин газар тариалангийн гол бүс нутаг Орхон Сэлэнгийн сав хөндийг тэр чигээр нь хортой үнсээр булвал хэн алсдаа хохирохов?

Говийн хавсарга шуурганд элс шороо бужигнадаг бол, хотод жаахан салхи сэвхийнгүйт өнөөх үнс, хөө тортог өөдөөс чинь пургина. Өвөлжин утуулчихаад хавар зун намаржингаа үнс тоосоор амьсгалахад хэн тэсэх юм бэ. Ийм бүгчим “хорвоод” он жилээр бүдэчсэнийхээ харгайгаар дарга цэрэг, баян ядуу ялгаагүй өнөөдөр бүгдээрээ бөөн өвчний үүр болчихоод байна шүү дээ.

Хавар болж дулаараад утаа униар шингэрэхийн зэрэгцээ хөр цас хайлмагтан харлаж, гудамж цэвэрлэгч нарын замын хажуу талд овоолоод хаячихсан их цас нүдний өмнө өнгө нь хувирч, нүүрс асгачихсан аятай хар бухлууд энд тэндгүй буй болж байгааг та анзаараарай. Нүүрсний их утаанаас газарт тундасжиж буусан их хөө тортгон доторхи химийн хорт элементүүд хөрс усанд шингэхэд нэгэнт бэлэн болж байна гэсэн үг.

Архи их уусан хүн маргааш нь яадаг билээ, түүн лугаа өвөлжингөө ихээхэн өндөр дозоор утуулсны үр дүнд нилээд сульдчихсан бие махбодийг чинь  хөө тортог дээр нь хашаа байшингийн булан тохойд хөлдөн хурсан замбараагүй хотынхны их шээс ялгадаснаас дэгдэх нянтай бохир агаар дахин утах. Энэ бүхэн  өвлийн их утааны дараагийн хор тархах үе буюу дайнтай зүйрлэвэл бидний эрүүл мэндийн эсрэг хоёрдугаар фронт нээгдэж байна гэсэн үг. 

Хотын гэр хороололд хашаандаа ногоо тарьдаг амь айл, аж ахуйн нэгжүүд цөөнгүй буй. Тэндхийн бохирдсон хөрсөнд тарьсан ногоогоор  дамжин бидний бие организм нэмж хордох нөхцөл нэгэнт бүрджээ.

Төрөөс татаастай хэдэн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхээ больж байна. Хүссэн ч хүсээгүй ч хүн бүхэн арай ядан олсон хэдэн бор цаасаа гарынхаа салаагаар савируулан хувийн эмнэлгүүдийг царайчлааас өөр аргагүй боллоо.

Эхийн умай дахь нялх үрсийн маань бараг дөрөвний нэгийнх нь өсөлт хөгжилт тэндээ зогсчихдог болсон л гэнэ. Хуурамба, маарамба, хулхи эм тариа хааяагүй олширч, аргаа барсан зарим нь тэднийг бараадахаас өөр замгүй болж байна. Дээр нь унаа унаш нь өглөө оройгүй түгжирч бөглөрөөд утаанд нь удаан тэсэхийн ч аргагүй боллоо.

Яалтай нь билээ дээ байз, Ерөнхийлөгч өө. Нөгөө Хархорин руугаа  манийгаа аваад явахгүй бол энэ  хотод амьдрахад горьгүй боллоо шүү. Би л лав ийм бохир орчноос холдох минь, харин та минь нүүнэ үү үлдэнэ үү, өөрсдөө л мэдтүгэй.      
                         
Ш.Пүрэвсүрэн  “Хорвоогоор аялахуй” номноос