sonin.mn
ВАШИНГТОН. /Файнэншл Таймс/. Хятадын компаниуд монгол жолооч нарын эрүүл мэндийн даатгалыг төлөхгүй байгаатай холбоотойгоор үүссэн маргаан болон зэс-алтны томоохон орд болох “Оюутолгой”-н төслийг хэрэгжүүлэгч “Туркойз Хилл Ресурс” компанид Монголын Засгийн газрын зүгээс татварын торгууль ногдуулсантай холбоотойгоор тус ордоос зэсийн баяжмал ачихыг “Рио Тинто” тодорхойгүй хугацаагаар хориглолоо гэж Лондонд төвтэй “Файнэншл Таймс” сонин мэдээлжээ. “Туркойз Хилл Ресурс” нь “Рио Тинто” компанийн охин компани юм.
Монгол жолооч нарын эрүүл мэндийн даатгалтай холбоотойгоор Хятадын авто тээврийн компаниуд болон Монголын албаны хүмүүсийн хоорон дахь маргааны улмаас нүүрс болон зэсийг Ганц мод боомтоор гаргахыг хориглоод нэг долоо хоногийн хугацаа өнгөрч байна.
“Оюутолгой” орд нь улс төрийн шахалтад дахин өртөөд байгаа юм. Монголын улс төрчдийн үзэж буйгаар, тус ордын зарлага нь хэтэрхий их байгаа учир Монголын хүртэх үр ашиг маш бага байна.
“Рио Тинто” компанийн Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн 2013-2015 оны татвар төлөлтөд Монголын талаас аудитын шалгалт хийснээр 155 сая ам.долларын татвар нэмж төлүүлэх шийдвэрийг энэ долоо хоногт гаргасан билээ. Ийм татварын торгууль ногдуулсантай холбоотойгоор “Рио Тинто” мэдэгдэл хийхдээ “Энэ бол маргаантай асуудал” гэсэн байна.
 
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг