sonin.mn
Өмнөд Африкийн Йоханнесбург хотод болсон “IFBB Arnold Classic Africa” бодибилдинг, фитнессийн тэмцээний “Mister fitness” ангиллын аваргын алтан медалийн эзэн болсон олон улсын хэмжээний мастер Б.Энхбаттай ярилцлаа. Уг тэмцээнд мэргэжлийн тамирчид оролцдог бөгөөд Монголын тамирчдаас “Mister fitness” ангиллын анхны алтан медалийг Б.ЭНХБАТ эх орондоо авч ирсэн юм.
 
-Мэргэжлийн тамирчидтай өрсөлдөж, алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Бодибилдингийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна. Спортын салбарт хөл тавихдаа анхнаасаа л бодибилдингээр хичээллэсэн үү? 
 
-Баярлалаа. Юуны өмнө “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Би анх жүдогоор хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн. “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг 2014 онд самбо жүдогийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш фитнессийн багшаар ажиллаж, тамирчид бэлтгээд өдий хүрлээ.
 
Бодибилдингээр тууштай хичээллээд дөрвөн жил болсон байна. Анх 2016 онд бодибилдинг, фитнессийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Дараагийн жил нь энэ амжилтаа бататгахын зэрэгцээ Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.
 
2018 онд Зүүн болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэ жилийн олон улсын анхны тэмцээндээ амжилттай оролцоод ирлээ. “IFBB Arnold Classic Africa” нь томоохон тэмцээнд тооцогддог. Тив болгонд зохион байгуулдаг, мэргэжлийн тамирчид оролцдогоороо онцлогтой. Энэ тэмцээний бодибилдингийн ангилалд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж түрүүлж байсан. Миний хувьд уг тэмцээний “Mister fitness” ангилалд түрүүлсэн Монголын анхны тамирчин болж байна.
 
 
-Арнольд Шварценеггерийн нэрэмжит энэхүү олон улсын тэмцээн бусдаас юугаараа онцлогтой вэ?
 
-Би энэ тэмцээнд оролцохын тулд олон нугаралт хийж сурах шаардлагатай болсон. Акробатаар давхар хичээллэсэн. Мэргэжлийн гимнастикийн тамирчны хэмжээнд хүртэл хичээллэхийн тулд маш шаргуу хичээллэсэн. Над шиг бөхийн суурьтай хүний хувьд амаргүй даваа байсан ч чадсан. Цаг хугацаа, хөдөлмөр, уйгагүй хичээж зүтгэсний үр дүнд өнөөдрийн түвшинд хүрсэн. Энэ ангилалд өрсөлдөж байгаа тамирчид голдуу мэргэжлийн гимнастикчид шиг чадвартай байдаг. Тамирчид нэг минут 30 секундэд бэлтгэсэн үзүүлбэрээ үзүүлж, үнэлгээ авдаг. Үзүүлбэрт зайлшгүй багтах ёстой тёхник гэж бий. Жишээлбэл, эргэлт, тэнцвэр гэх мэт. сжэ оүхнииг үзүүлбэртээ багтааж чадвал шүүгчдээс өндөр оноо авна.
 
-Тэгвэл таны оролцсон ангилалд гимнастикаар хичээллэж байгаа залуус оролцох боломжтой гэсэн үг үү?
 
-Гимнастик олимпын төрөлд байдаг ч Монголд төдийлөн хөгжөөгүй. Олон хүн хичээллэдэггүй. Түүнээс биш гимнастикаар хичээллэдэг залуус фитнесс ангилалд өрсөлдөх боломжтой. Гэхдээ манайхан мөр, гарны дасгалдаа анхаараад хөлний дасгалаа хийдэггүй. Үүнээс шалтгаалан хөлний булчингийн хөгжил тааруу байдаг талтай. Энэ тухайд анхаарч чадвал залууст над шиг амжилт гаргах бүрэн боломжтой.
 
-Йоханнесбург рүү танаас гадна манай нэг эмэгтэй тамирчин явж, тэмцээнд амжилттай оролцсон. Тэр тамирчны талаар та мэдээлэл өгөөч?
 
-Би шавьтайгаа явсан юм. Энэ удаагийнх түүний хувьд олон улсын анхны тэмцээн нь байлаа. “Junior bikini” ангилалд оролцсон шавь маань энэ жил 17 настай.
 
-Та хоёрт тэмцээний үеэр хүндрэл бэрхшээлтэй зүйл юу байв. Бусад улс орны тамирчид бүтэн багаараа оролцдог юм билээ?
 
-Ер нь гадаадын тамирчдыг хараад цагаахан атаархал төрдөг. Хувцсаа жигдрүүлэхээс эхлээд байр, хоолны зардлыг нь улс орноос нь гаргаад өгчихдөг болохоор тэдэнд тэмцээнд бэлтгэхээс өөр санаа зовох зүйл байдаггүй. Бид бүх зардлаа өөрсдөө хариуцдаг болохоор сонирхсон тэмцээндээ  тэр бүр оролцож чаддаггүй. Олон хүн оролцох боломж байдаггүй. Замын зардал их учраас хоноглох зочид буудлын мөнгө төгрөгөө зохицуулахад ч амаргүй байдаг. Саяхан Йоханнесбургт болсон тэмцээний бидний оролцсон ангиллын шалгаруулалт эрт дууссан учир би шавьтайгаа онгоцны буудал дээр хоёр хоносон. Тамирчид бид чинь замын зардлын мөнгөө арай гэж олж, тэмцээнд оролцдог юм шүү дээ.
 
-Аймаг, нутаг усныхаа нэрийг дэлхийд гаргаж яваа  тамирчдаа тэмцээнд оролцоход нь зарим нутгийн зөвлөлөөс тусалж дэмждэг. Та нутгийн зөвлөлдөө хандаж үзэв үү?
 
-Би Хөвсгөл аймгийн Арбулаг сумын багийн харьяат. Тэмцээнд явахаас өмнө нутгийн зөвлөлд хандсан. Олимпын бус төрөл болоод ч тэр үү хэрэг зоригоо хэлэхэд хүлээж авдаггүй юм билээ. Йоханнесбургт болсон тэмцээнд оролцохын тулд хөдөө ээжийнхээ унаж байсан автомашиныг зараад зардлын мөнгөндөө нэмэрлэсэн. Хэдэн жил зорьж бэлтгэсэн тэмцээндээ зардлын мөнгөгүй гээд оролцохгүй байх үнэхээр харамсалтай биз дээ. Тэмцээнд оролцохдоо олон хүний итгэлийг авч явж байгаа учир надад алдах эрх байхгүй. Тайзан дээр үзүүлбэр үзүүлэхийн өмнө тэр болгон бодогддог юм. Тиймээс ч ямар ч тэмцээнд оролцсон медаль авна гэсэн бүрэн итгэлтэй байдаг. 
 
-Бодибилдинг, фитнессээр хичээллэж байгаа тамирчид цаг хугацаанаас гадна хөрөнгө мөнгө маш их зарцуулдаг. Тиймээс ч спортоор хичээллэхийн зэрэгцээ ажил хийдэг. Таны хувьд?
 
-Би ч гэсэн бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийдэг. Ерөнхийдөө өглөөгүүр фитнесс клубт багшилдаг. Мөн гимнастикийн хөдөлгөөнд анхаарах шаардлагатай учир Спортын төв ордны гимнастикийн зааланд очиж эргэлтээ давтдаг. Өдөр идэх хоолоо заавал өөрөө бэлтгэдэг. Хоолгүй бэлтгэл хийвэл булчингийнхаа массыг алдах эрсдэлтэй. Тиймээс өөрт тохирсон хоолоо бэлтгэдэг юм.
 
-Тань шиг булчингаа хөгжүүлэхийн тулд тамирчид уураг хэрэглэдэг. Гэтэл та яриандаа нэг ч удаа уургийн талаар дурдсангүй?
 
-Тэмцээний хугацаа дөхөхөөр булчингийнхаа массыг алдахгүйн тулд уураг хэрэглэнэ. Үүний зэрэгцээ идэж байгаа хоол хүнснээсээ уураг авна. Уураг бол боловсруулсан хоол, допинг биш. Тэмцээнд оролцож байгаа тамирчдаас допингийн шинжилгээ авдаг учир энэ тал дээр маш их анхаардаг. Бодибилдинг олимпын төрөлд багтах магадлалтай спортын төрлүүдийн нэг. 2020 оны олимпын наадамд үзүүлэх тоглолтоор орж, 2024 онд олимпын төрөлд багтах сураг бий. Хэрвээ бодибилдинг, фитнесс олимпын төрөлд багтвал “Эх орноо төлөөлөн оролцоно” гэж боддог.
 
-Зорилгоо биелүүлэхийн тулд олон зүйлээс татгалзана гэдэг хүнээс их тэвчээр шаардана. Жишээлбэл, бусад шиг найзуудтайгаа чөлөөт цагаа өнгөрөөж болохгүй, хүссэн зүйлээ идэж ууж болохгүй ч гэх бодол төрж байв уу?
 
-Зорилгодоо үнэнч тууштай явж байгаа гэж боддог. “Ингэж, тэгж чадахгүй байна” гэж боддоггүй. Харин ч спортоор хичээллэснээ зөв шийдвэр гаргасан гэж баярладаг. Тэр тусмаа бодибилдинг, фитнессээр хичээллэснээ зол гэж боддог. Энэ спорт хүнийг тэвчээр, хатуужилтай болгодог.
 
-Олимпын дараа тамирчид дараагийн олимпын бэлтгэлдээ ордог. Та ч гэсэн Йоханнесбургээс ирээд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлдээ орсон байх?
 
-Дэлхийн аваргад оролцохын тулд жилийн өмнөөс бэлтгэлээ эхлүүлсэн. Тэмцээн ирэх арваннэгдүгээр сард Испани улсад болох юм. Надад мөрөөдлөө тэмдэглэдэг дэвтэр байдаг. Дэвтэр дээрээ 2019 оны анхны тэмцээн болох Өмнөд Африкийн тэмцээнд амжилттай оролцоно гэж төлөвлөсөн нь биелж шинэ оны анхны тэмцээнээ амжилтаар эхлүүллээ. Бид олон улсын тэмцээнд оролцсоноороо оноо цуглуулдаг Үүгээрээ мэргэжлийн тамирчны карттай болно. Мөн олон улсын холбооноос урамшуулал авах жилийн эрх олгодог.
 
-Нэг мэдэхэд арваннэгдүгээр сар хаяанд ирчихнэ. Дэлхийн аваргад оролцох зардал мөнгөө хэрхэх талаар бодож төлөвлөсөн зүйл бий юү. Ер нь замын зардал хэчнээн төгрөг болох вэ?
 
-Өмнөд Африкт болсон тэмцээнд оролцоход замын зардал зургаан сая төгрөг болсон. Дэлхийн аваргад оролцох зардал ч тэр хавьцаа болох болов уу гэж бодож байна.
 
-Бодибилдинг, фитнесс нь эрүүл мэндийн спортын төрөл юм шиг санагддаг. Учир нь, олон улсад нас сүүдэр 70 гарсан ч энэ спортоор хичээллэж, өвчин зовиургүй яваа бодит жишээ олон байна? 
 
-Тантай санал нэг байна. Бодибилдинг, фитнесс бол эрүүл мэндийн спорт юм. Үүн дээр хоол ундаа тохируулаад явбал хүн эрүүл энх байх үндэс болдог. Хүний булчин хэзээ ч хөгширдөггүй. Үүнийг нь ахмад тамирчид биеэрээ харуулж байна шүү дээ. Энэ ч утгаараа нас бол тоо юм. Спортоор хичээллэхэд оройтно гэсэн ойлголт байддаггүй.
 
 
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин