sonin.mn
“Ноёд” группийн Ерөнхий Захирал Г.Буяндорж болон түүний гэргий, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Т.Ариунаа нар өчигдрөөс хэлмэгдэгсдийн хөшөөний хажууд суулт зарлаж эхэлсэн билээ. Тэд хөшөөний хажууд хоносон бөгөөд өчигдөр оройноос эхлэн иргэд тэдэн дээр очиж уулзан санал бодлоо хуваалцаж буй агаад УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан гэхэд шөнийн 2 цагт очин уулзан, дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. 
 
 
Хоёр дахь өдрөө үргэлжилж буй уг суултынхаа талаар"Ноёд" группийн Ерөнхий Захирал Г.Буяндорж: “Монголын прокурорын байгууллагууд ялзарчээ.Би 7 хоногийн өмнө 47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгаж өгөөч гэж хүсэхэд шалгахгүй гэсэн. Мөн 4 удаа гомдол гаргах хүсэлтээ өгсөн ч хүлээж аваагүй.Иймээс Ерөнхий прокурорт хандаж, уг хэргийг шалгах  шаардлага хүргүүлж байна.
 
 
 
 
Түүнчлэн намайг хохироосон 25 тэрбумын асуудлыг шүүх рүү шилжүүлэхийг, 10 жил шалгасан прокуроруудад ёс зүйн хариуцлага тооцохыг шаардаж байна. Энэхүү шаардлагуудыг биелүүлтэл манай гэр бүл суулт зарлаж, миний бие өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байна” гэв.
 
 
 
Мөн МУГЖ, дуучин Т.Ариунаа:  “2011 оноос хойш өнөөдрийн хүртэл миний хань нийт 5 удаа 409 хоног цагдан хоригдож, 16 удаагийн шүүх хурлаар шүүгдэж, залхаан цээрлүүлэлтийг биеэрээ амсаж явна. Би бол хэлмэгдсэн, гүтгэгдсэн мянга мянган ээжүүдийн нэг л төлөөлөл." хэмээсэн юм.
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр