sonin.mn
Жирэмсэн эхчүүддээ энэ удаа “Жирэмсний хяналтад эрт орох нь ямар ач тустай вэ?” гэсэн сэдвийн хүрээнд ургийн гажиг үүсэх шалтгаан, эрт илрүүлэг оношлогоо, эхо оношлогооны ялгаатай болон давуу талууд зэрэг олон талын цогц мэдлэгийг агуулсан мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Учир нь, ихэнх ээжүүд маань жирэмсний хяналтыг төрөхөөс өмнөх эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчийн хяналт гэж ойлгодог. Мөн жирэмсний хяналтад гурван сартайдаа орох ёстой гэсэн ерөнхий ойлголттой байдаг. Тэгвэл энэхүү  эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүрээнд ургийн өсөлт хөгжилт, биеийн жин,  эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг хянахаас гадна ургийн гажгийг эрт илрүүлэх нарийн шинжилгээнүүдийг хийж, эрүүл ураг тээх, хэзээ ямар давтамжтай үзүүлэх вэ, эрсдэлгүй эрүүл төрөх зэрэг ямар боломжуудыг танд олгодог вэ гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөж байна. 
 
ХЯНАЛТАД ЭРТ ОРСНООР УРГИЙН ГАЖГИЙГ ТОДОРХОЙЛНО
 
“Өргөө” амаржих газрын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Д.Цэрэнсамбуу:
 
-Жирэмсний хяналтад хэзээ орох вэ. Эндээс ээжүүд юу мэдэх авах вэ?
 
-Жирэмсэн эхчүүдэд  хамгийн чухал зүйл бол жирэмсний хяналтад эрт орох явдал юм. Жирэмсний хяналтад яагаад эрт орох ёстой вэ. Ургийг яагаад бүрэн хянах ёстой вэ гэдэг нь тухайн эмэгтэй жирэмсэн байх хугацаандаа, мөн төрөх үед болон төрсний дараа ямар хүндрэл үүсэх вэ.  Энэ жирэмслэлтийг хэрхэн тээх вэ, яаж төрөх вэ гэдэг олон асуудлыг шийдэхын тулд, мөн бусад олон хүндрэл үүсэхээс сэргийлэхийн тулд, жирэмслэлтийг хэвийн явуулахын тулд жирэмсний хяналтад эрт орох ёстой байдаг.  Хэзээ хяналтад орох вэ гэвэл сарын тэмдэг ирэхгүй байх. Жирэмсний анхны шинж тэмдэг илрэх үед өөрийгөө жирэмсэн болжээ гэдгийг мэдэх үед харьяа өрхийн эмнэлэг болон дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж, хяналтад орох ёстой. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт өөрийнхөө жирэмсэн эсэхийг зөв оношлуулж, жирэмсэлсэн болон төрөх хугацаа зэрэг өөрт хэрэгтэй мэдээллүүдийг мэдэж авна. Ингэснээр төрөх хүртэлх хугацаанд хэзээ, ямар давтамжтай үзлэгт хамрагдах вэ гэдгээ мэднэ. Хоёрдугаарт, жирэмсний хяналтад орсноор өөрийнхөө эрүүл мэндийн байдал, ерөнхий үзүүлэлтүүдээ мэдэж авна. Надад ямар нэгэн архаг хууч өвчин, эрхэн тогтолцооны эмгэг байна уу. Жирэмсний тээлтийн хугацаанд надад ямар асуудал үүсч болзошгүй вэ. Энэ хугацаанд үүсч болзошгүй бусад эмгэгүүдээс яаж сэргийлэх вэ. Мөн яаж төрөх вэ. Төрсний дараа ямар асуудлууд үүсэх вэ гээд жирэмсэн ээж,  шинэ амьдрал биедээ тээж байгаа хүн өөрт хэрэгтэй бүх мэдээллээ мэдэх авах боломжтой.
 
- Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэхийн хэрээр ургийн гажиг үүсэх эрсдэл бас нэмэгдэж байна. Ургийг гажиг үүсгээд байгаа хүчин зүйлс нь юу байна вэ?
 
-Маш олон зүйлс байна. Юуны өмнө бидний амьдрах орчин, хэрэглээ өөр болсон байна. Агаар болон хөрс усны бохирдол, хоол хүнсний хэрэглээ, ухаалаг утас зэргээс шалтгаалсан технологийн хэрэглээ их байна.  Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх энэ мэт хүчин зүйлсээс шалтгаалан ургийн гажиг үүсэх магадлал өндөр байна. Тэгвэл жирэмсний хяналтад эрт орсноор энэ бүхнээс урьдчилан сэргийлэх, хянах, эрт илрүүлэх боломжтой юм. Нөгөөтэйгүүр, үрэвсэлт халдварт өвчнүүд, бэлгийн замын өвчлөл, маш олон төрлийн вирусын халдвар гээд олон хүчин зүйлс ургийн гажигт нөлөөлж байна. Жишээ нь, ургийн гажиг, өсөлтгүй жирэмслэлтийг үүсгэж байгаа зүйл нь хуванцар савны хэрэглээнээс хүртэл үүдэлтэй байна гэсэн судалгаа гарсан байдаг. Өнөөдөр л гэхэд цар тахал дэлхийн амьдралын тогтолцоог бүхэлд нь өөрчилж байна. Энэ мэтчилэн ургийн гажиг олон зүйлээс шалтгаалж байна.
 
2D, 3D, 4D, 5D ЭХО ОНОШЛОГООНЫ ЯЛГААТАЙ ТАЛУУД
 
АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор Ш.Алтантуяа:
 
-Эхо оношлогоог 2D, 3D гээд төрөл бүрээр нь ангилдаг болжээ. Эдгээр нь өөр хоорондоо ямар ялгаатай юм бол?
 
-Жирэмсний хяналтын хамгийн бодитой шинжилгээ бол хэт авиан шинжилгээ буюу бидний мэдэх эхо юм. Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжихын хэрээр илүү боловсронгуй болж практикт нэвтэрч байна. Өмнө нь бид 2D хэт авиан оношлогоог хэрэглэдэг байсан бол одоо  3D, 4D, 5D хүртэл оношлогооны чадамж сайжирч дэвшилтэт технологиуд хэрэглээнд нэвтэрсэн байгаа. Жирэмсний хяналтад орохдоо ээжүүд маань эдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ гэдгийг сайн мэддэггүй байсан. Тэгвэл  2D эхо нь хар цагаанаар, ургийн гажгийг 99.9 хувь оношлох боломжтой. 3D хэт авиан оношлогоо нь гурван хэмжээст буюу аль нэг дүрсийг бодитой юм шиг зургийг нь гаргаж ирдэг. Тухайлбал, хүүхдийн нүүрний хэлбэр, хамрын хэлбэр зэргийг тодорхой харах боломжтой. Гэхдээ 3D нь тухайн үеийн зургийг л авдаг. Харин 4D нь хүүхдийг эхийн хэвлийд эвшээж байгаагаар нь, хөдөлж байгаагаар нь харж болдог. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнтэй зураг буюу ургийг хөдөлгөөнтэй, яг байгаагаар нь харах боломжийг энэ технологи олгодог.
 
-Сүүлийн үед эхчүүд 5D эход харуулахыг чухалчилдаг болж. Энэ эхо нь дээрх хэт авиан оношлогооноос юугаараа илүү, ямар давуу талтай вэ?
 
-5D хэт авиан оношлогоо хэрэглээнд нэвтрээд 4-5 жил болж байна. Энэ технологи нь ургийн хэмжээсийг хийхдээ эмч зөв технологиор, зөв зүсэлтээр хийсэн тохиолдолд энэ аппарат автоматаар өөрөө хүүхдийн хэмжилтийг хийгээд явдаг. Тухайлбал, жирэмсэн эхчүүдийн хамгийн чухал шинжилгээ болох NT буюу ургийн хромосомын гажгийг тодорхойлдог шинжилгээ байдаг. Энэ шинжилгээ нь ургийн хэмжээсийг мм-ээр хэмжиж, тусгай программаар тооцоолж гаргадаг.  NT шинжилгээг Монголд нарийн мэргэжлийн сургалтанд хамрагдсан, олон улсын  сертификаттай эмч нар хийдэг. Яг тогтсон цаг хугацаанд ургийн хөгжлийг хэмжихдээ шилэн хүзүүний ард байрлах шингэнийг 1 мм буюу үл ялиг буруу хэмжихэд ураг гажигтай байх эрсдэлтэй байна. Дауны хам шинжтэй байна гэдэг.  Энэ хэмжээс нь тун нарийн, мм-ээр хэмжигддэг учраас 5D хэт авиан шинжилгээ нь өөрөө автоматаар хэмждэг давуу талтай. Ямар нэгэн субъектив алдаа гарах магадлал багатай. Зүрхний гэх мэт нарийн гажгуудыг тогтоох боломжтой. Гэхдээ тухайн эмч ур чадвар сайтай бол 2D эхогоор ч гэсэн энэ гажгийг илрүүлэх боломжтой.
 
-ЭХО-оос өөрөөр ургийн гажгийг илрүүлэх боломж байдаг уу?
 
-Бий. Бид ургийн гажиг гэж нэрлээд байгаа дауны хам шинж, 13, 18 дугаар хромосомын гажиг гээд хүнд тээгдээд төрчихдөг хромосомын гажгууд байдаг. Бусад тохиолдолд ураг зулбадаг, өсөлтгүй болдог тээгдэхгүй гажгууд байдаг. Ургийн гажгийн 80 хувь нь хромосомын өөрчлөлттэй байдаг учраас эхийн хэвлийд өсөх боломжгүй байдаг. Гэтэл дээрх гурван хромосомын гажиг тээгдээд төрчихдөг. Тэгвэл энэ гурван гажгийг жирэмсний 11-13 долоо хоногтойд хэт авиан шинжилгээгээр эрт илрүүлдэг. Мөн есөн долоо хоногтойд буюу хоёр сартай байхад эхийнх нь цусны шинжилгээгээр, эхэсийн эдээс нь шинжилгээ аваад, урагт ямар ч аюулгүйгээр дауны гажгийг 99.9 хувь тодорхойлдог тестийн шинжилгээ байдаг. Энэ арга нь дэлхийд 2014 онд нэвтэрсэн шинэ арга. Энэ шинжилгээны аргад эхийн, эцгийн, ургийн хромосом явж байгаа учраас эхэндээ алдаа гардаг байсан. Харин яг ургийн  хромосомыг ялган авч шинжилдэг арга нь 2015 оноос нэвтрээд патентлагдсан байдаг. Тиймээс энэ NIPT тестийн аргыг нэвтрүүлснээр ургийн хүйсийг есөн долоо хоногтойд 100 хувь тодорхойлох боломжтой болсон. Энэ шинжилгээг өнөөдөр манайд эрсдэл өндөр гэж үзсэн эхчүүд өөрснийхөө хүсэлтээр хийлгэдэг. Мөн Монголд өргөн хэрэглэгдэж байгаа бас нэг арга нь ургийг дөрвөн сартай байхад буюу 16 долоо хоногтойд нь ураг орчмын шингэний шинжилгээг аваад, лабораторид 3-4 сар өсгөвөрлөөд ургийн гажгийг тодорхойлдог.
 
НАС АХИХ ТУСАМ ДАУНЫ ХАМЖ ШИНЖТЭЙ ХҮҮХЭД ТӨРӨХ ЭРСДЭЛТЭЙ
 
“Мон Адонис”  эмнэлгийн эмч, анагаах ухааны магистр Б.Золзаяа:
 
-Жирэмсэн эхчүүдийн хамгийн нарийн шинжилгээ болох NT шинжилгээний талаар тодорхой ойлголт өгнө үү?
 
-Ургийн гажгийг ерөнхийд нь хромосомын гажиг, бүтцийн гажиг гэж ангилдаг.  Хромосомын гажиг гэдэг нь жирэмсний эхний гурван сартайд буюу  12 долоо хоног, таван өдөртэйд ургийн зулай-ахар сүүлийн уртын хэмжээ 4.5-8.4 мм байх үед NT шинжилгээгээр ургийн шилэн хүзүүний арын тунгалаг зайн зузааныг эход хэмжиж оношлодог. Эрсдлийг нь илрүүлээд дараагийн шатны шинжилгээнд хамруулдаг. Харин бүтцийн гажгийг жирэмсний таван сартайд үздэг. Энэ үед хэт авиан шинжилгээгээр ургийн тархи, нүүр, цээж нуруу хэвлий, зүрх, ходоод, гэдэс, бөөр, мөчид гэх мэт анатомийн бүх бүтцийг нь нарийвчлан үздэг. Хромосомын гажиг нь эцэг, эх хоёулаа эрүүл саруул байсан ч эхийн наснаас их хамаарч байдаг. Нас дээшлэх тусам ургийн гажигтай байх магадлал өндөрсөж, тохиолдол нэмэгддэг.  Хүүхэд үүсэхдээ ээжээсээ 23, эцгээсээ 23 хромосом, нийт 46 хромосомыг авч үүсдэг бол дауны хам шинж нь 21 дүгээр  хромосом нь хоёр байх ёстой байтал гурав болж үүсдэг. Энэ гажгийг NT шинжилгээгээр илрүүлдэг.
 
ЭРҮҮЛ ЭХЭЭС ЭРҮҮЛ ХҮҮХЭД ТӨРНӨ
 
СБД-ийн Эрүүл мэндийн төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмч Я.Болормаа:
 
-Хөл хорионы дэглэмд шилжсэн энэ өдрүүдэд жирэмсэн эхчүүдэд тохиолдож буй хүндрэл бэрхшээл юу байна вэ?
 
-Сүүлийн үед хожуу жирэмслэлт их ирж байна. Насны хувьд, 35-40, түүнээс дээш насны жирэмслэлт их ирдэг болсон. Бид “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэж ярьдаг. Гэтэл биеэ бэлдээгүй, гэнэт жирэмсэн болсон ээж олон ирж байна. Эмгэг хууч өвчтэй, бөөрний үрэвсэл зэргээ эмчлүүлээгүй, даралт ихсэх эрсдэлтэй хүмүүс жирэмсэн болоод ирж байгаагаас үүдэн ураг тээх болон төрөх явцад хүндрэл их үүсч байна. Нөгөөтэйгүүр, цар тахал, хөл хорионы дэглэмд шилжсэн өдрүүдэд, өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн жирэмсэн эхчүүдэд 2-3 сар жирэмсний хяналтдаа очиж үзүүлээгүй, жирэмсний хожуу хордлого хүндэрсэн, бодисын солилцооны хямралтай, сахартай, эрхтэн тогтолцооны эмгэг дээр суурилсан жирэмсний хүндрэл их үүсч байна. Тиймээс жирэмсэн эхчүүд маань эрүүл мэндийнхээ мэдлэгийг сайжруулж, өөрөө өөрийнхөө биеийг маш сайн хянах, эрүүл ураг тээх боломж байна. Тиймээс мэдээлэл сайтай байгаарай. Эрүүл хүүхэд төрүүлэхын тулд өөрөө өөрийнхөө халамжлагч, өөрөө өөрийнхөө эмч байгаарай гэж зөвлөмөөр байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин