sonin.mn
Манай улсын хүн амын ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг билээ. Социализмын үеэс эхлэн хүүхэд бол манай ирээдүй, бүхнийг хүүхдийн төлөө, хүүхдийн төлөө “За” гэж хэлье гэсэн уриа дэвшүүлж, улс орныхоо ирээдүй залгамж халаа болсон хүүхэд багачуудынхаа төлөө ихээхэн анхаарал халамжийг манай төр засгаас удаа дараа тавьж, олон талт ажлыг хийсээр ирсэн билээ.
УИХ 1995 онд “Хүүхэд хөгжил хамгаалал” үндэсний  чуулган зохион байгуулж, хүүхдийн тухай үндэсний тунхаглал гаргасан ба 1996 онд Хүүхдийн эрхийн тухай хууль баталсан байна. Хуучин нэрээр БНМАУ-ын Холбооны яам,  холбоочдынхоо хойч ирээдүй, үр хүүхдүүддээ зориулан холбоочдынхоо хүчээр  багагүй хөрөнгө зарцуулж,  хөдөлмөр зүтгэл, сэтгэлээ шингээж, хийж бүтээж бий болгосон бүтээн байгуулалт бол хүүхдийн Сансар зуслан юм. Энэ бол холбоочдын ирээдүйдээ зориулж оруулсан том хөрөнгө оруулалт байлаа.
 
Тус зуслан нь Гачуурт хорооны нутаг, байгалийн үзэсгэлэнтэй сайхан газарт анх 1979 онд ашиглалтад орж байлаа. Нэг ээлжиндээ 200 хүүхэд хүлээн авч амруулах хүчин чадалтай. Зургаан ээлжээр ажиллаж, жилдээ 1200 орчим хүүхэд хүлээн авч амраадаг байсан юм. Холбооны яам татан буугдсаны дараа Монголын цахилгаан холбоо компанийн /МЦХК /удирдлага, ҮЭХ-тойгоо хамтын гэрээ байгуулан холбоочдынхоо нийгмийн асуудлын талаар анхаарч ажиллаж байсан юм.
 
Туслах аж ахуйдаа үхэртэй  амрагч хүүхдүүдээ сүү, тараг. цагаан идээгээр ханган ажиллаж байсан ба холбоочдын ахмадын байгууллага хүүхдийн зуслангийнхаа дэргэд хүнсний ногоо тарьж жил бүр зохих хэмжээний ургац хураан авч хүүхдүүдийнхээ хүнсэнд хэрэглэхээс гадна амьдрал ядуу дорой зарим ахмаддаа хүнсний ногоо үнэгүй өгч, амьдрал ахуйд нь тусалж байсан юм. Хүүхдүүдээ амрааж дууссаны дараа 300 гаруй ахмад холбоочноо хоёр ээлжээр хүлээн авч ахмадуудаа уулзуулж, хууч ярилцлага, урлагийн тоглолт зохион байгуулж, 2-3  өдрөөр амрааж сэтгэл зүй, эрүүл мэндэд нь анхаарч ажилладаг сайхан уламжлалтай байсан билээ. Энэ нь Холбооны яам болон МЦХК-ийн үе үеийн удирдлагууд холбоочдынхоо амьдрал ахуй, ахмад үеэ болон ирээдүй болсон хүүхдүүдийнхээ талаар байнга анхаарал халамж тавьж, сайн ажиллаж  байсны нэгэн жишээ юм.
Гэтэл дээд байгууллагын томилолтоор ирсэн гэх мэргэжлийн бус, холбооны ямар ч мэдлэггүй Батчулуун гэх удирдлага гэнэт томилогдон ирж,  2009-2012 онд МЦХК-ийн захирлаар ажиллаж байхдаа манай салбарыг хөгжүүлэх гэхээсээ илүү, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн амралтын газар болон Холбооны үйлдвэр хангамжийн газрыг Монголын харилцаа холбооны салбарын үйл ажиллагааг хямрах түвшинд хүргэсэн билээ.
 
 
 
Хүүхдийн эрхийг хамгаалах нь иргэн бүрийн үүрэг байх естой.  Тэгвэл Батчулуун захирал  2012 оны есдүгээр сард үүрэгт ажлаа өгөхөөсөө өмнө холбоочдын хүүхдийн “Сансар” зусланг аж ахуйн даргаар цуг ажиллаж байсан найз Батжаргалтай хуйвалдан, хувьчилсан нь одоог хүртэл холбооны салбарын ахмадууд болсон бидний үр хүүхдийг хохироосоор байна.
 
 
 
Тэр үед холбооны байгууллагад олон жил ажилласан, холбоогоо гэсэн сэтгэлтэй нэгэн тус зуслангийн сахиулаар ажиллаж байж. Гэтэл нэг өдөр ямар ч хэл чимээгүй байж байтал гэнэт том оврын олон машинтай, крантай залуучууд хүрч ирэн шууд л хүүхдийн зуслангийн байшин барилгуудыг буулгаж нурааж эхэлсэн байдаг.  Айж сандарч тэвдсэн сахиул учрыг олж ядан эмээсээр очиж уулзахад дарга нарын өгсөн даалгаврыг биелүүлж байна гэхээс өөр онцын юм ярилгүй, тоосон шинжгүй хандсан байна.  Яах учраа мэдэхгүй болсон сахиул дэмий л харж харамсан зогссон нь манай холбооны түүхэнд хар толбо болон үлджээ.
 
Бүтээн босгосон хайран сайхан хөрөнгийг сүйтгэсэн нь:
-Хүүхдийн амралтын болон ажилчдын байр /10 гаруй/ дотор нь байсан ор,  тумбочик. ширээ, сандал
-Хуучин нэрээр пионерын танхим олон төрлийн номтой, номын сан
-Бүжиг болон соёлын арга хэмжээ зохион явуулдаг байрнууд
-Биеийн тамирын талбайн турник. модон морь, сагсны шийд, гар бөмбөгийн сетик,  мод,  сандлууд
-Усны ёмкось том жижиг олон төрлийн турба
 -Сүүдэрэвчнүүд, байгаль орчноо хамгаалах сурталчилгааны самбарууд гээд бүгдийг нь юу ч үлдээлгүй хот руу зөөсөн байна.
 
Харж хамгаалж байсан улсын өмч хөрөнгийг дээрэмдүүлэн хойноос нь харж харамсаж зогссон сахиул нөхөр маань нэг хэсэгтээ даралт нь ихсэж бие нь тавгүйрхэн сэтгэл санааны хүнд байдалд орсон гэдэг. Мөн тэр үед  тааралдсан нэгэн ахмад холбоочин сүүлд нь энэ тухай дурсан ярьж сэтгэл тавгүйрхэж нулимс унагаж байсан юм. Хонинд чоно орсон юм шиг гэж монголчууд ярьдаг даа. Яг л тийм үйл явдал болсон тухай ойлгогдсон юм.
Байруудын нэг хэсгийг нь буулгаж хурааж аваад, үлдсэн хэсгийг нь бусдад зарсан. Хүүхдийн зусланг ямар үнээр зарсан, мөнгө нь хаанахын ямар дансанд орсон нь ч тодорхой бус байдаг. Манай зарим нэг ухамсар мөчид, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүс, ирээдүй болсон үр хүүхдийнхээ эсрэг, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж хар буруу сэтгэлээр хандаж байхад гадаадын болон манай улсын олон байгууллага, иргэд, хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байдгийг бид сонин хэвлэл телевизээр харж л байдаг.  Япон улсын нэгэн эмэгтэй  Монголд 10 гаруй жил ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл зааж тусалж байсан. Мөн Итали улсын иргэн Девид Бяллажала гэх нэгэн 1995 оноос хойш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үргэлж тусламж дэмжлэг үзүүлж, буянтай сайхан үйл хийж байдаг. Сайхан сэтгэлтэй, харь орны олон сайхан хүн байдаг билээ.
 
“Сансар” зуслан нь одоо гурав дахь эзэндээ очоод байна.  Одоогийн зуслангийн эзэн нь нийслэлд иргэдийг төлөөлөхөөр ажиллаж байсан Д.Мөнхжаргал гэдэг нөхөр байдаг сурагтай. Хуучин холбооны байгууллагын хүүхдийн зуслан бол ашгийн төлөө бус холбоочдынхоо үр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө зориулагдан ажиллаж байсан одоогийн зуслан бол ашгийн төлөө ажиллаж байгаа зуслан юм.  Хүүхдийн амралтын төлбөр нь  ядуухан нэгэн төлж, хүүхдээ амрааж чадахааргүй өндөр төлбөртэй байна.  
 
2013 онд Ерөнхий сайд Н.Алтанхуяг залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан, барилга байгууламжуудыг зориулалтынх нь дагуу ажиллуулах талаар захирамж гаргаж, хүүхэд залуучуудын хөгжилд зориулсан барилгад эзэн суусан компани,  аж ахуйн нэгжийн захирлуудад хариуцлага тооцох  цаашлаад цуцлах арга хэмжээ авахыг сануулсан байдаг.
Ерөнхийлөгч 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласан. Мөн 2020 оны сүүлчээр Засгийн газар, Соёлын яамнаас санаачлан хүүхдийн фондын үйл ажиллагааг дахин сэргээхээр 48 жилийн дараа хүүхдийн фондод хуримтлал цуглуулах аян зохион байгууллаа.
Саяхан УИХ-ын эмэгтэй гишуүд Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөл санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.  Манай төр, засгийн зүгээс хойч ирээдүй болсон үр хүүхдийнхээ талаар ихэд анхаарч байгаад шударга ёс хэрэгжих сайхан цагийн эхлэл ирж  байна гэж бид талархаж байна.  Өдтэй бичиг, морин өртөөгөөр эхэлж өнөөгийн хөгжлийн түвшинд хүрсэн Монголын харилцаа холбоо 100 жилийнхээ ойтой золгож байгаа энэ сайхан цаг үед холыг ойртуулж хоёрыг уулзуулдаг хүн арддаа үйлчлэх, харилцаа холбооныхоо хөгжлийн төлөө бие сэтгэл, оюун ухаанаа чилээн насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэж,  хүч хөдөлмөрөө зориулж өнөөг хүрсэн үе үеийн холбоочид, түүний үр хүүхдэд  хүч хөдөлмөрөө зарцуулж бий болгосон хүүхдийн зуслан ус агаар мэт хэрэгтэй байна.  Бид хөдөлгөөний дүтагдалд орж, ямар ч үнээр худалдаж авч болдоггүй эрүүл мэндээрээ хохирч байна.
 
 
Харилцаа холбооны салбарын ахмадууд
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин