sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден хилийн чанадаас ирэх иргэдэд тавьж буй “COVID-19”-ийн шинжилгээнд хамрагдах шаардлагыг чангатгахаар болсноо пүрэв гарагт мэдэгдлээ. Мөн өвлийн саруудад цар тахалтай тэмцэх төлөвлөгөөг танилцуулсан байна.
Тодруулбал, АНУ-д ирж буй иргэд одоогоор 72 цагийн дотор өгсөн “COVID-19”-ийн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг баталж байгаа бол цаашид нэг хоногийн дотор шинжилгээ өгсөн байх шаардлага тавихаар болжээ. Энэхүү журам нь дотоод, гадаадын иргэдэд аль алинд нь хамааралтай байна.  
Мөн Ж.Байден олон нийтийн тээврийн хэрэгсэл, нисэх буудалд заавал амны хаалт зүүх журмын мөрдөх хугацааг гуравдугаар сарын 18 хүртэл сунгажээ. АНУ-д пүрэв гарагт коронавирусний “омикрон” хувилбараар халдварласан хоёр дахь тохиолдол батлагдсан байна.
 
АНУ-ын Ерөнхийлөгч “омикрон” хувилбар олон улс оронд илрээд байгаа тухайд хэлэхдээ, “Бид энэ хувилбартай шинжлэх ухаанчаар, түргэн шуурхай тэмцэнэ” гэв. Тухайлбал, цаашид вакцинд хамрагдаагүй 60 сая хүнийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлж, вакцинд бүрэн хамрагдсан 100 сая иргэнд нэмэлт тунд хамрагдахыг уриалах ажээ.
 
Ерөнхийлөгчийн мэдээлснээр, АНУ-д вакцинжуулалтын 80 мянган цэг ажиллаж байгаа бөгөөд эцэг эхчүүд 5-18 насны хүүхдүүдээ 35 мянган цэгт вакцинд хамруулах боломжтой байна. Түүнчлэн гэр бүлээрээ нэгэн зэрэг вакцинд хамрагдах боломжтой олон зуун цэг шинээр нээгдсэн гэдгийг онцолжээ. 
 
Мөн даатгалын компаниудтай хамтран “COVID-19”-ийг гэртээ үнэгүй оношлох боломжийг бүрдүүлэх ажээ. Үүний зэрэгцээ “COVID-19”-өөр халдаврласан өвчтөнүүдийг хэвтүүлэн эмчлэх ор нь дүүрсэн, эмнэлгийн ажилтнууд хүрэлцэхгүй болсон мужуудад илгээх эмнэлгийн ажилтнуудын 60 багийг бүрдүүлж байгаа юм байна.
Лхагва гарагт Ж.Байдены зөвлөх, доктор Энтони Фаучи вакцинд хамрагдахын ач холбогдлыг цохон тэмдэглээд, нэмэлт тунд хамрагдан дархлааны хариу урвалыг өдөөснөөр “омикрон” хувилбараар халдварласан тохиолдол хүндээр өвчлөхгүй байх нөхцөл бүрдэнэ хэмээн хэлжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг