sonin.mn
Шинэ жилийн баярын дугаартаа Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч, “Болор цом”-ын эзэн О.Цэнд-Аюуштай ярилцлаа.
 
-Яруу найрагч хүний “амттай ” яриа мэдээж уран бутээл. “Болор цом ”-ын эзэн болж, богино өгүүллэгийн “Тас чамайг тасчих болтугай”, яруу найргийн “Гомдож үзээгүй юм шиг амьдрах” номоо хэвлүүлжээ?
 
2020, 2021 он амаргүй жилүүд байлаа. Энэ нь, цаг үеийн их том шалгуур юм болов уу даа. Миний хувьд зүгээр суусангүй ээ. Таны хэлсэнчлэн хоёр шинэ ном бүтээлээ. “Болор цом” хүртлээ. Монголын үндэсний радиод өөрийн тавьсан зорилтдоо хүрч ажиллалаа. Хөл хориотой үед нэлээд уншлаа, их ч бичлээ.
 
-Оюутан байхын л ном их уншдаг залуу байж билээ?
 
Тийм ээ, бид эртний танилууд. Хөдөөний хүүхдүүд бид их хотод юугаа ч мэдэхгүй л амьтад орж ирсэн. Тэгээд айлын хажуу өрөөнд, зарим үед нэг жижиг гэрт, хөлсний умгар муу байшинд ч юм уу амьдарна. Үндсэн гэр орон, нутаг уснаасаа хол болохоор түлээ түлш, хоол ундаар ч хомс. Тэр бүр ээжээсээ мөнгө нэхэхгүй. Өвлийн хүйтэнд өлсөж, даарсан ч тоохгүй, хөнжилдөө шургаад номоо уншина. Царцсан балаа амнаас гарах уураараа гэсгээгээд л шүлэг бичдэг байлаа. Уншсан ном, бичсэн шүлгэндээ бие дулаацаж, сэтгэл цадах сайхан шүү.
 
-Цэнд-Аюушийн хувьд хүмүүс яруу найрагч гэдгээр нь сайн танина. Гэтэл өгүүллэгийн ном гаргалаа. Цаашид яруу найраг, хүүрнэл зохиол хоёрын алийг нь түлхүү бичих бол?
 
Шүлгээ ч, өгүүллэгээ ч бичнэ. Бодож явсан санаануудаа өгүүллэг болгож, ном бүтээсэнд уншигчид гайгүй хүлээж авсан. Нэлээд урамшлаа. Ирж буй шинэ ондоо их бичих, унших, ном хэвлүүлэх зорилго тавьчихаад байгаа.
 
-“Тас чамайг тасчих болтугай” номыг чинь уншихад цөөнгүй дүрээс нь “Манай Аюушийн бага нас л ийм өнгөрсөн болов уу”гэж бодогдсон. Тухайлбал, “Хүргэ ах” өгүүллэгийн хүү, “Мангасын яриа” өгүүллэгийн гол дүр сэтгэлд тэгж бууж байна билээ?
 
Зохиолчдыг хоёр хуваадаг юм гэсэн. Нэг нь бодит амьдралаас үлгэрлэж, нөгөөх нь оргүй зүйлийг байгаа мэт бичдэг. Энэ номын цөөн хэдэн өгүүллэгт өнгөрсөн үе, бага насны дурсамжаасаа тусгасан л даа. Гэхдээ түүнийгээ баяжуулсан. Бүр тэс ондоо ч өгүүллэгүүд бий. Бага насны зарим нэг онцгой үйл явдал, дурсамжийг өөрийнхөө биш, хөндлөнгийн зохиолч хүний нүдээр харахад сонирхолтой санагддаг. “Мангасын яриа” өгүүллэгийн хувьд би өөрөө уулнаас хулгайгаар мод бэлтгэж яваагүй шүү /инээв/. 
 
-Ер нь өөрийн тань бага нас их баялаг түүхтэй өнгөрсөн үү?
 
Би хуучнаар Сартуул Сэцэн вангийн хошуу буюу Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн. Улаагчны хар нуур, Сэнжит цохио, Тэнгэрийн хаалга, Мухартын гол, Бор хярын элсэн манхан... гээд байгалийн үзэсгэлэн бүрдсэн тэнэгэр сайхан нутаг. Тэнд Сартуулын ард түмэн амьдардаг юм. Сайхан цагаан сэтгэлтэй, үнэн гашуун үгтэй, сайн, саар үйлдэл нь бүгд нүдэн дээрээ ил явдаг хүмүүс. Энэ хүмүүс л намайг өсгөж өндийлгөсөн. Ой гурван сартайгаасаа найман нас хүртлээ хөгшин аав, ээж хоёртойгоо амьдарсан. Мэдээ ороод хамгийн анх харсан хүн бол хөгшин ээж минь. Дараа нь, Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад шилжиж ирсэн. Төмөр зам дайран өнгөрдөг, аймгийн дайтай том сум. Тэнд бага насны олон дурсамж бий. Энэ хоёр нутгийнхаа дунд нааш цааш явж өнгөрсөн. Урь орохоор унасан нутаг руугаа, сэрүү ороход Сэлэнгэ нутаг руугаа гүйдэг байлаа. Нүүдлийн шувуу шиг л... Ер нь хүний үзэх ёстойг үзэж, ухаарахыг нь ухаарч явна. Яах вэ, хүүхэд байхдаа үзсэн, амталсан зарим нэг зүйлс хожим хэрэг болдог юм байна. Гэхдээ өгүүллэгийн ном маань миний намтар биш шүү. Би уул талын савслага, адуу малын салхин дунд өссөн. Хожим эргээд бодоход жаахан гунигтай дурсамжууд ч бий. Бага насанд маань байсан хайртай дотно хүмүүсээ, бас гэнэт алга болоод явсан хүмүүсээ бодох нь саяхныг хүртэл хөндүүр байсан. Одоо бол сайхан, эсвэл саар дурсамж үлдээсэн хүн бүр нэг нэг дүр бөгөөд би өгүүллэг, туужин дунд амьдарч байж дээ гэж боддог болсон. Эрдэнэхайрхан сумынхан маань саяхан намайг “Болор цом” хүртсэн гэж хүлээн авч, өндөр итгэл хүлээлгэсэн. Зовлон даах яах вэ, хүний итгэл даана гэдэг л том ажил. Би тэр хүмүүсийн итгэлийг алдах учиргүй юм даа.
 
-Зүүнхараагийн зарим хүн “О.Цэнд-Аюуш манай нутгийнх” гэцгээх юм билээ. Тэнд өссөн болохоор чинь л тэгдэг байх нь?
 
Зүүнхараад өсөж, Хараа голд шумбаж явсан хүүхэд болохоор тэгдэг юм. Зүүнхараад древни Оросууд байх. Хоёрдугаар ангийн сурагч байх үед шинэ жилээр том эсгий гутал, малгайтай тэр Оросууд баянхуур тоглож, орос дуугаа дуулаад гудамжаар баяр хөөртэй алхаж явсан дүр зураг нь миний сэтгэлээс ер гардаггүй. Тэднийг нутаг буцахад нь их гунигтай санагдсан. Цөөн хэдхэн л Орос үлдсэн байх. Хамгийн сайхан нь Мандал сумын ойгоор тэд Оросоос ирцгээсэн байж билээ. Нутгийнхан ч хүндэтгэлтэй угтсан. Ер нь, Мандал сум газар газрын хүмүүс цугларсан, зовлон жаргал хосолсон газар. Спиртний шаар идсэн халамцуу үхрүүд гуйваад явж байдаг сан /инээв/. Мөн маш өндөр хашаатай нэг их том Хорих ангитай байсан. Тойроод харуулын олон цамхагтай. Тэр бүр дээр нь цэргүүд харуулд гардаг. Шөнө унтаж байхад харуулын цэргүүд бие биедээ чимээ өгч, “Хөвсгөл байна уу, Завхан байна уу, Сэлэнгэ байна уу” эсвэл “Нэгээ, хоёроо, гурваа” гэж дуудаж сонсогдоно. Тэр нь нэгнээ бүртгэж, унтах вий гэж сэрэмжилж буйнх нь байх. Хүйтэн газар шүү дээ. Тэр өндөр цамхаг дээрх цэргүүд маш их даардаг байсан баих даа гэж одоо бодогддог юм.
Өвлийн зузаан шинельтэйгээ гудамжинд дуулаад алхаж яваа нь дайнаас эргэж ирж буй цэргүүд шиг санагддаг байж билээ. Сүүлд тэр хорих татан буугдаад ч юмуу, ямартаа ч цэргүүдийг тэнд гаргахаа больсон үед нь би сонирхоод харуулын цамхаг дээр гарч үзсэн.
 
-Ер нь, чи их ажигч, сониуч хүухэд байж дээ?
 
Нүүдэлчний хүүхдүүд угаасаа л ажигч. Эрдэнэхайрхан сум сайхан нутаг шүү дээ. Нагац ах нар, хөгшин аав, ээж хоёр ч, ер нь нутгийнхан байгаль дэлхийн өнгө, тэнгэрийн ааш аягийг шинжиж, замд таарсан адуу, түүний тамга, содон зүсмийг нь ярьцгаана. Харж, ажигласан бүхнээ хөөрөлдөнө. Адуугаа алдсан хэн нэгэн давхиад л ирнэ. Тэгэхэд нь “Өчигдөр орой Сэнжит цохионы Мандааны оройд хул гүү, хонгор үрээтэй, тийм тамгатай төдөн тооны адуу байна лээ. Одоо ч Бор хярын элсэн манханд л байхаар шинжтэй харагдсан шүү” гэнэ. Ийш тийшээ яваад ирэхэд замд тааралдсан зүйлсээ харж тогтоогоогүй бол ах эгч нар, хөгшчүүл “Хүн чамаас юм асууж байна. Гэтэл чи юу ч дуугарахгүй юм. Зам зуурт чинь мал хуй харагдсангүй юу. Сохор юм уу чи” гэж зэмлэнэ. Тийм л бусдадаа туслах гэсэн сэтгэл, амьдралын хэв маяг, ёс суртахуун дунд өссөн болохоор би их ажигч. Гадуур явахдаа зөвхөн адуу мал харах биш. Айлаар буувал хүмүүсийг ажигладаг. Хөгшин ээж “Хүн инээж байгаа боловч цаанаа гуньж, зовж эсвэл жаргаж, үгүй бол сагаж явна уу гэдгийг сайн харж хүнтэй харьцаж бай. Монголчуудын амьдрал дунд санаандгүй зүйл нэг ч байхгүй. Бичигдээгүй хуулиар дүүрэн агуу ертөнц шүү” гэж сургадаг байлаа. Миний эргэн тойрны хүмүүс энэ буй байдлаараа бүтээн туурвих зам мөрийг минь засаж өгсөн гэж боддог. Харамсалтай нь, буурлуудынхаа захиасаас маш багыг авч үлдсэн дээ. Одоо хүүхдүүдээ бас тэгж сургахыг хичээдэг. “Энэ чинь шинэ зуун. Хоцрогдсон юм битгий ярь” гэж зарим нь хэлэх байх. Уучлаарай, орчин үе гэж хэзээ ч байхгүй. Удаан оршье гэж бодож буй бол уламжлалаа сайн судалж, буурлуудынхаа үгийг сонсох хэрэгтэй.
 
-Сүүлийн үеийн зарим залуу яруу найрагчид нээрээ ч уламжлалт шинж чанартай шүлгийг “Хуучинсаг, хоцрогдсон” гэцгээхийг сонссон шүү?
 
Орчин үеийн залуусын сэтгэлгээ нь өөр болсон. Тэгээд уламжлалт агуулгатай шүлгийн бичсэн хэлбэр, арга барилыг “Хуучинсаг бичлэгтэй, коммунист” гэж шүүмжилж болно. Харин ертөнцтэй агуу их энэрэнгүй, зөв харьцаж чаддаг нүүдэлчин ард түмнийхээ соёл иргэншил, зан заншил, ёс суртахууныг үгүйсгэж болохгүй. Хэчнээн шинэ сэтгэлгээ, шинэ хэлбэрээр бичсэн ч цаана нь нүүдэлчин ахуйн соёл, Монгол харагдаж байх ёстой.
 
-Өөрийн чинь шүлгүүдийг уншихад нүүдэлчний удам гэдэг нь тод харагддаг. “”Хүннү хүн” шүлгээрээ “Болор цом” хүртсэн санагдана. Мөн зарим шүлгэнд чинь нүүдэллэж яваа ард түмэн дүрслэгдэж, элэгдэж мөлийсөн үхэр тэрэгний дугуй эргэх чимээ сонсогдох шиг болдог?
 
Миний дотор байгаа л зүйл гарч буй нь энэ. Ер нь, Монгол хүн бүрийн дотор бий. Төрийн түүхээр нь авч үзвэл 2231 жил болох гэж байна. Энэ нь нэгдсэн төр үүссэнийг л тоолсон хугацаа. Үүнээс ч өмнө эртний Хүннү нарын олон овог аймаг бий болчихсон, тэр бүр нь зонхилогч ноёдтой тухай түүхэн сурвалжууд гарч ирээд байгаа шүү дээ. Энэ мэтчилэн гадна дотны судлаачдын тэмдэглэсэн зүйлсээс үзэхэд Монголчууд энэ газар нутагтаа лав арван мянган жил амьдарсан байх. Ингэж арван мянган жилийн турш нэг газраа амьдарч ирсэн үндэстэн дэлхий дээр цөөхөн болов уу. Амьдралын агуу их туршлага хуримтлуулсан жинхэнэ сонгодог нүүдэлчин ард түмний үрс шүү дээ, бид. Манай өвөг дээдэст номын сан барьж, бүгдийг бичиж хадгалаад байх боломж байгаагүй. Үргэлж нүүж сууж, дайн байлдаан хийж, эх орноо хамгаалж ирсэн. Тийм учраас соёл иргэншил, зан заншил дотроо л амьдралын дагаж мөрдөх ёстой хуулиа шингээн өвлүүлж явсаар бидний үед ирсэн байна. Бид соёл иргэншил, зан заншлаа ухаалгаар эргэж хараад, өнөөгийн дэлхий ертөнцийн шинэлэг бүхэнтэй хослуулж чадвал амьдрал арай хялбар болж, жинхэнэ утгаараа хөгжинө гэж боддог. Тийм ч цаг ирнэ гэж би итгэдэг. Бүдүүлэг, дээрэнгүй, үгүйсгэлийн энэ эрин үе тун удахгүй дуусна. Тэгээд өвөг дээдэс маань хэрхэн амьдарсан болоод ийм олон мянган жил оршин тогтносон юм бэ гэдгийг сонирхолтойгоор эргэж харах байх. "Америк тийм байхад манай Монгол ийм” гэхчилэн битгий өөрийн улсаа дорд үз. Эх орондоо байгаа шиг эрх чөлөөг та хаана ч эдэлж чадахгүй шүү. Тэр гайхан бишрээд буй улс оронд чинь байхгүй, илүү үнэ цэнтэй юм бидэнд олон бий. Мөн “Намайг тэнгэр мэднэ, бурхан мэднэ” л гэцгээх. Үгүй ээ, эцсийн бүлэгг хүнийг жам шүүдэг юм. Жам бол ертөнц дэх цорын ганц хүчтэй хууль гэж би боддог. Зарим хүн харсан бүхэндээ шунан дурлаж, албан тушаал. ашиг хонжооны төлөө тэмүүлж байна. Үүнд нь нэг хэсэг нь “Амжилт хүсье” л гэдэг. Гэвч амжилт гэж юу юм бэ? Хүссэндээ хүртэл өнөөх нь утгагүй санагдах тохиолдол байдаг юм шиг билээ. Тэгэхээр амжилт бол гэгээрэл юм байна гэж би бодсон. Амжилтад хүрсэн хүн гэж албан тушаал өндөртэй, арван хуруундаа алтан бөгжтэй хүн биш. Харин энгийн сайхан хувцастай, сэтгэлийн амгаланг олсон хүн юм. Гэхдээ заавал шуналгүй ядуу хүн гэх гэсэнгүй. Шударгаар хөдөлмөрлөж, олсноо сайхан зарцуулж, өмсөж, зүүж яваа хүн ч олон бий.
 
-“Үгүйсгэлийн эрин” гэж дээр зөв онож хэллээ. Нээрээ ч өнөөдөр улсаа болон өөрөөсөө бусдыг бүрэн үгүйсгэдэг болж. Эрчүүдийн нөхөрлөл ч гэж хэврэгхэн, итгэх хүн цөөхөн байна. Таны хувьд итгэдэг хэр олон нөхөртэй вэ?
 
Надад жинхэнэ нөхөр маш цөөхөн бий. Нөхөрлөл итгэл дээр, итгэлээ даах дээр оршдог юм. Өмнөх үеийн ах нар “Хүнтэй дайсагнах амархан. Хэн нэгэн хүнийг нэг муухай хараан зүхчих. Харин хүний итгэлийг нь бүрэн олж нөхөрлөх амаргүй. Гудамжинд таарсан хүнтэйгээ мэндэлж тэврэлдээд л шууд нөхөрлөдөг юм биш” гэж хэлдэг байлаа. Он жилийн уртад нөхрийн чанар танигддаг юм билээ. Нөгөө талаар, нөхөрлөлд хүн чанар асар их холбоотой гэж боддог. Ямар ч ашиг сонирхолгүйгээр бие биеэ хүндэтгэж, хайрлаж байвал тэр жинхэнэ нөхөрлөл. Ашиг сонирхолтой бол өөр юм даа. “Энэ хүнтэй ойртвол миний тэр ажлыг бүтээгээд өгөх байх” гэсэн бодолтой хүн бол надад хэрэггүй. Тийм хүмүүстэй нэг ширээний ард хамт ч суудаггүй. Би ч өөрөө хүнээс ашиг харж ойртохгүй. Өөрт юу ногдсон, юу олдсон түүнийгээ “зүлгээд” сайхан амьдаръя гэж боддог. Байгаагаараа байхад чинь амьдралын замд ижил нөхөр аяндаа гараад ирдэг юм. Нөхөрлөл нас харгалздаггүй. 80 насны босго давсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Чулууны гэгддэг Г.Гонгоржав гуайтай их дотно. Химич, эрдэс судлаач, сэтгүүлч хүн л дээ. Энэ хүн шиг чулууны талаар сайн мэдэх хүн ер нь ховор байх. Мөн Өвгөөдэй Ц.Дамдинсүрэн агсны хүү Энхсайхан ах байна. Хааяа Ардын уран зохиолч Т.Галсан гуайдаа очиж ёгт үгнүүдийг нь сонсох дуртай. Ер нь, амьдралын туршлагатай, болох болохгүйг мэддэг, үнэн үгтэй, хийж бүтээсэнтэй, залуу насны ааг омгийг бүгдийг нь үзэж туулсан, гэгээрэлд ойртсон хүмүүстэй нөхөрлөх ямар сайхан гээч. Би радиогийн сэтгүүлч учир хөдөө их явна. Сайхан малчин ах нар ч байна. Малчин өвгөний яриаг нь сонсоод суух мөн ч амттай даа. Нэг үдэш хоёр роман ярьчих амьдралын туршлагатай, жинхэнэ монгол хэл, сэтгэлтэй малчин өвгөд зөндөө олон.
 
-Тийм шүү. Үндсэрхэг үээлтэй, “Дэлхий дээр тарж бутарсан Монгол үндэстнүүд нэгдэх цаг болсон” гэх залуус цөөнгүй байдаг. Чи ч бас үндсэрхэг үзэлтэй хүн. Хилийн чанадад амьдардаг монгол цустай олон хүнтэй уулзсан байх. Нүүлгээд ирмээр санагдах юм уу?
 
Би тийм ч олон газраар явж чадаагүй ээ. Гэхдээ сэтгэлд хамгийн их шингэсэн, мартагддаггүй нь Тэнгэр уулыг тойроод Киргизийн хил хүртэл түүхчидтэй явсан аялал байсан. Тэнд амьдардаг Монгол үндэстнүүдийг хараад “Боломж байдаг бол нэгдэж, хамтдаа сайхан амьдарцгаах юмсан” гэж бодогдсон шүү. Тэд биднийг маш их санадаг, хүндэтгэлтэй угтаж авдаг. Эмээлээ Монгол руу харуулан тавьж, цай сүүнийхээ дээжийг “Тусгаар Монгол Улс минь хөгжин цэцэглэж, элэг нэгтэн биднийгээ аваад яваасай” гэж залбиран өргөдөг юм билээ.
 
Хөгшчүүл нь гар хөл барьж үзээд “Бидний аав, ээжүүд яг та нар шиг ийм том, хүчирхэг хүмүүс байсан. Одоо биднийг хар, жижгэрсэн байгаа биз” гэцгээнэ. Бид явсаар Турпаны хотгорыг туулаад Киргизийн хил дэх Дөрвөн Ойрадын хамгийн сүүлчийн хаан Даваач Манжид баригдсан Гэдэн гэх хүйтэн хар ууланд очиж үзсэн. Тэр ууланд олон зуун жилийн настай нэг пайлуур хөшөөн дээр “Өөдгүй Монголчуудын үнсийг энд хийсгэв. Сүүлчийнх нь хааныг энд барив. Дахин тэд түүхийн тавцанд хэзээ ч гарч ирэхгүй болно” гэж Монгол, Манж, Хятадаар бичсэн байсан. Бэлд нь байгаа Монгол хүрээ гэдэг газарт 30 орчим хэмийн халуун байхад тэр ууланд их хүйтэн юм билээ. Тэнд Өөлд, Торгууд, Уйгар, Казак зэрэг ястнууд амьдарна.
 
Очсон газар бүр ах дүү, үр хүүхдээ дагуулсан, боов чихэр, хөгжмөө барьчихсан, хөгшчүүл нь нулимстай угтаж байсан. Өрөвдмөөр шүү. Зарим нь дуулж хуурдаад, дарсанд халамцаад ирэхээрээ “Биднийг хэзээ авах юм бэ?” гэж уйлахад зарим нь “Бид та нарт итгэж, тусгаар Монголын зүг идээ сүүний дээжээ өргөдөг. Гэтэл та нар эв найрамдалгүй, хүчгүй, сул дорой байх юм. Олигтойхон шиг байгаач дээ” гэх нь ч таарсан. Тэнгэр уулын эргэн тойронд амьдарч буй Монгол үндэстнүүдэд Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар бол мөрөөдлийн хот нь юм билээ. Юун Утай гүмбэн, тэрийг тоох ч үгүй. “Улаанбаатар хот гоё уу, том уу, их сайхан биз. Амьд яваа насандаа нэг очоод үзчих юмсан” гэнэ. Цаашид надад бичиж туурвих он жил их байна. Авьяас билгийнхээ боломж чадлын хэрээр би тэр ард түмний талаар бичнэ гэж бодож байгаа.
 
-Ярилцлагынхаа төгсгөлд манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?
 
Танай сонины уншигчдын олонх нь төмөр замчид байх. Би Зүүнхараад байсан болохоор галт тэргэнд олон удаа сууж байлаа. Хүүхэд байхдаа галт тэргэнд сууж явахад “тагтаг, тагтаг...” гээд дуугарч буй нь хоёр нот тоглоод байх шиг санагддаг байсан. Шөнийн галт тэрэг давхиж ирэхийг, үүрээр галт тэрэг давхин одохыг, дуут дохиог нь сонсож хэвтэх сайхан шүү. Бага насны тэр дурсамж сайхан санагддаг. Одоо ч галт тэргээр явж байхад замын жижигхэн зөрлөг, өртөөнд ажиллаж амьдардаг төмөр замчид надад яг л хилчид шиг санагддаг. Та бүхэн эх орныхоо хөгжил дэвшил, эдийн засаг, ард түмнийхээ амьдралыг нуруундаа үүрч яваа хүмүүс. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэж, ажил амьдралд нь амжилт, аз жаргал хүсье.
 
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, уран бүтээлийн өндөр амжилт хүсье!
 
М.Наранболд
Эх сурвалж: "Ган Зам" сонин