sonin.mn
Монгол Улсад алтан мөрдэст генерал цол бий болсноос хойших 100 гаруй жилийн түүхэнд нэг гэр бүлийн буюу аав, хүү генерал цол хүртсэн хувь тохиол тун ховор. Армийн түүхэнд бол аав, хүү генерал цол хүртсэн гурван тохиолдол бий. Яг энэ цаг үедээ Ч.Цэрэндагва, Ц.Гандорж генералуудаас өөр байхгүй юм билээ. Хошууч генерал Ч.Цэрэндагва эсрэг тэсрэг хоёр системтэй хүйтэн дайны гэж хэлж болох нөхцөлд алба хааж байсан бол хүү нь орчин цагийн зэвсэгт хүчний түүхийг бичилцэж буй салбарын хоёр үеийн төлөөлөл юм. Ийнхүү тэс өөр хоёр он цагийг төлөөлсөн үе дамжсан цэргийн хүмүүс буюу аав, хүү генералуудыг “Зууны мэдээ” сонин “Удмын бахархал” буландаа онцолж байна.
 
МОНГОЛД АНХ УДАА ДЭЛГЭМЭЛ ХОЁР ДИВИЗИЙГ КОМАНДАЛСАН ХОВОР ТҮҮХИЙН ЭЗЭН
 
Цэргийн мэргэжил дунд артиллер нь тооцооллын шинжлэх ухаан гэдгээрээ онцлогтой. Тиймдээ ч байнгын дадлага, сургуулилт шаарддаг өвөрмөц мэргэжил гэдэг. Эсрэг талтай нүүр туллаа гэхэд галын цохилт, хөнөөл үзүүлэх гол хэрэгсэл учраас артиллерчин багахан л тооцоо алдах юм бол аюул нь өөрийн цэрэг дээрээ буух  алдах эрхгүй их буучин. Тэр утгаараа дэлхий нийтээр артиллерыг “Дайны бурхан” гэж нэрлэж иржээ. Харин гэр бүлээрээ энэ мэргэжлийг эзэмшиж, мөрдэстэй салбарт тод мөртэй явсан хүмүүсийн нэг бол хошууч генерал Ч.Цэрэндагва юм. Эрхэм генералын аав Санжаа нь 1945 оны эх орны дайнд оролцсон ахмад дайчин байв. Тэрбээр Өвөрхангай аймгийн Бүрд суманд айлын ганц хүү болон өргөгдөж очжээ. Гуравдугаар ангиасаа авга ламындаа сууж эрдэм номонд шамдаж аравдугаар ангиасаа хугацаат цэрэгт татагдсанаас хойш өнөөг хүртэл эргэж буцалтгүйгээр армитай амьдралаа холбож явна.
 
 
Ч.Цэрэндагва генерал бага залуугаасаа л ажил албандаа хариуцлагатай байв. Анх артиллерын ангид 2.7 жил алба хаахдаа тухайн үед ховорхон тохиох эгэл жирийн байлдагчаас офицер, салаа, батерейны захирагчаар томилогдсон. Дараа нь Ленинградыг зорьж Артиллерын академийг төгсч ирээд мэргэжлээрээ анги салбарын штабын дарга, захирагч, тавдугаар армийн артиллерын командлагч хүртэл алба хашиж байлаа. Тэр дунд Монголын Ардын армийн артиллерын командлагч, дивизийн захирагчийн албыг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэсэн гээд эрхэм генералын салбартаа гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр их ээ. Тэр дундаас армид урьд өмнө хийж байгаагүй гурван онцлог ажлыг нэрлэж болно.
 
Ч.Цэрэндагва артиллерын командлагч байхдаа анхны хээрийн сургуулиар бүтэн салааны тулгуурт байрыг элементээр төхөөрөмжилсөн байна. Өөрөөр хэлбэл, байлдааны их бууны 900 гаруй сумаар төхөөрөмжилж сумны тусгал бүрийг хянахад яг хэмжээндээ тохирч байсан гэдэг. Ийм сургуулийг тайван цагт их гүрэнд ч хийж байсан удаагүй. Түүнээс хойш манайд дахиад хийгдээгүй. Хоёр дахь нь Жанжин штабын академийг төгсөж ирсэн хавраа дивизээ командалж “Зоргол-87” гээд Монголын ардын армийн түүхэнд анх удаагаа 10 мянган хүний дайчилгаатай хээрийн сургуулийг удирдсан.
 
Ур чадвар шаардсан нөр их ажлын дараа үүргээ амжилттай гүйцэтгэлээ гэсэн үнэлгээ аваад байтал бүхэл бүтэн дивизийг тэр чигээр нь Өвөрхангай аймаг руу нүүлгэх тушаал авсан гээд анхны гэж тэмдэглэгдэж үлдэх ховор тохиол цөөнгүй бий. Энэ бүхэн Монголын түүхэнд ч Ч.Цэрэндагва гэх хувь хүний тухайд ч  яах аргагүй дурсан санах учиртай давтагдашгүй түүх юм. Тэрбээр 1990 оны ардчилсан сонгуулиар АИХ, улмаар Улсын бага хурлын гишүүнээр сонгогдсон нь цэргийн түүхэнд бас л анхных. Ажил хөдөлмөрийн сүүлийн жилүүддээ буюу 1993 онд Бага хурлын гишүүний эрх дууссанаар генерал цолтой Зүүн баянгийн дивизийн захирагчаар томилогдож байжээ. Хоёр жил тэндээ ажиллаж ЗХЖШ-ын орлогч, Цэргийн тагнуулын даргаар ажиллаж байгаад гавьяаны амралтдаа гарсан төр, цэргийн нэрт зүтгэлтнүүдийн нэг юм. Хошууч генерал Ч.Цэрэндагва “Хүн эзэмшсэн мэргэжил, хийж байгаа ажилдаа дурлаж хүч хөдөлмөрөө зориулж чадвал бүтэхгүй зүйл нэгээхэн ч үгүй. Би 30 гаруй жил армид алба хаахдаа 26-д нь артиллерын мэргэжлээрээ ажилласан. Артиллерын мэргэжил хүнээс асар их мэдлэг, бие бялдар, оюун ухааны хүч шаарддаг. Миний ид ажиллаж байх үед дадлага, сургуулилтад онцгой анхаарч, хүч хөрөнгө зарцуулдаг байлаа. Цэргийн мэргэжил дотор артиллер бол чухал ач холбогдолтой. Хамгийн их бэлтгэл, сургуулилт шаарддаг. Амархан сурчих мэргэжил биш. Галыг тооцоолж, дивизэд сумыг нь буулгадаг мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд их цаг хугацаа, бэлтгэл шаардана. Энэ хэрэгцээ шаардлага өнөөдөр ч хэвээр байгаа” гэлээ.
 
АРТИЛЛЕРЫН ЦЭРГЭЭС ААВ, ХҮҮГЭЭРЭЭ ХОСЛОН ТӨРИЙН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТСЭН УДМЫН БАХАРХАЛ
 
Таван хүүгээ бүгдийг нь цэргийн алба хаалгасны дотор хоёр хүү нь аавынхаа артиллерын мэргэжлийг өвлөж, цэрэг армитай амьдралаа холбожээ. Тэдний нэг нь аавынхаа цолонд хүрсэн бригадын генерал Ц.Гандорж бол түүний ах дэд хурандаа Ц.Рэнцэндорж онцгой байдлын салбарт ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ.
 
Манай нийтлэлийн баатар хошууч генерал Ч.Цэрэндагвынх таван хүү, гурван охинтой өнөр гэр бүл. Ижий Г.Пүрэвжал нь үр хүүхдээ үлгэр жишээ өсгөж хүмүүжүүлсэн дархан бэр. Таван хүүгээ бүгдийг нь цэргийн алба хаалгасны дотор хоёр хүү нь аавынхаа артиллерын мэргэжлийг өвлөж, цэрэг армитай амьдралаа холбожээ. Тэдний нэг нь аавынхаа цолонд хүрсэн бригадын генерал Ц.Гандорж бол түүний ах дэд хурандаа Ц.Рэнцэндорж онцгой байдлын салбарт ажиллаж байгаад чөлөөндөө гарчээ. 
 
 
Ч.Цэрэндагва генерал “Хүүгээ генерал цол хүртэхэд бахархал дүүрэн байсан. Энэ цолыг дааж явах хариуцлага хамгийн чухал. Би тэтгэвэртээ гарсан өвгөн ч гэлээ цолныхоо нэр төрийг өндөрт өргөж явахыг хичээдэг. Гэтэл алба хашиж байгаа хүнд бол илүү их хариуцлага шүү, дааж яваарай гэж хүүдээ хэлдэг” гэсэн юм. Ийнхүү удам судрынхаа бахархал болсон бригадын генерал Ц.Гандорж бол салбартаа практикаас эхлээд бодлогыг нь бичилцэж буй шилдэг залуу эрдэмтэн юм. 
 
 
Хүний хувь зохиол гэж бий. Аав нь армийн 104 дэх генерал цолтон бол хүү нь гучаад жилийн зайтай 200 дахь нь болжээ. Хоёулаа холбоочноос артиллерын мэргэжилтэн болсон хугацаат цэргийн сонсогчид. Мөн Ч.Цэрэндагва 49 насандаа генерал цол зүүж Зүүнбаянгийн дивизэд очиж байсан бол Ц.Гандорж генерал бас л энэ насан дээрээ аавынхаа цолонд хүрсэн нь он цагийн сонин давхцал гэлтэй. 1989 он. Мэргэжлийн багш нар хөдөөгүүр явж тооны хичээлдээ гойд сайн хүүхдүүдийг арван жилээс нь артиллерчин болгохоор сонгож байв. 18 настай Ц.Гандорж энэ л замналаар армитай холбогджээ.Түүний бага нас аав хаана байна, тийшээ л явдаг эх орны зааж өгсөн зүгт нүүсэн цэргийн амьдралаар аймаг дамжиж өнгөрчээ.
 
 
1994 онд Цэргийн их сургуулийг артиллерын командын офицероор төгсч Зэвсэгт хүчний 120 дугаар анги буюу артиллерын тусгай хороонд томилолт өвөртөлж очоод салаа салбарын захирагчаар найман жил ажилласан. Дараа нь мэргэжлийн анхны элитийн батальонд зургаан жил артиллерын сургагч багш, төлөвлөлтийн офицероор ажиллажээ. 20 жилийн өмнө Монгол Улс анх Ирак руу энхийг дэмжих ажиллагаанд явж эхлэхэд Ц.Гандорж генерал цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдсэнээс хойш Косово, Сьерра Леон, Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн.
 
 
Тэр дундаас онцлоход НҮБ-д цэргийн зөвлөх маш цөөн бий. Харин Ц.Гандорж генерал  Афганистаны нэг мужид ганцаараа цэргийн зөвлөхөөр очиж байсан т‎‎‎‎‎эргүүний залуу офицеруудын нэг юм билээ. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар тэрбээр “2002 онд туршлага, дадлага тааруу л явж байж. Скандинивын орнуудын ганцхан ширхэг гарын авлагыг орчуулаад сурах бичиг болгож байсан. Энэ маягаар гадны туршлагаас авах гээхийн ухаанаар хандаж үндэсний хэмжээний сургалт дадлагын хөтөлбөрийг боловсруулсан даа. Ер нь Монгол цэргүүд аливаад дасан зохицох чадвар өндөр.Мэргэжил ёс зүйн өндөр хариуцлагатай” гэсэн юм.
 
20 жилийн өмнө Монгол Улс анх Ирак руу энхийг дэмжих ажиллагаанд явж эхлэхэд Ц.Гандорж генерал цэнхэр дуулгатнуудын эгнээнд нэгдсэнээс хойш Косово, Сьерра Леон, Судан, Афганистанд үүрэг гүйцэтгэсэн. Тэр дундаас онцлоход НҮБ-д цэргийн зөвлөх маш цөөн бий. Харин Ц.Гандорж генерал Афганистаны нэг мужид ганцаараа цэргийн зөвлөхөөр очиж байсан т‎‎‎‎‎эргүүний залуу офицеруудын нэг юм билээ.
 
Ц.Гандорж генерал практик, эрдэм шинжилгээ судалгаа аль аль талдаа ч бодлого бичилцэж ирж. Тэр дунд зайлшгүй онцлох учиртай зүйл бол Тавантолгойд энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн тулгын чулууг тавилцсан цөөн хүмүүсийн нэг. Үүний илрэл нь 2008 онд Зэвсэгт хүчний 311 дүг‎ээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн сургалтын бүлгийн даргаар ажиллаж байв.
 
 
2010 оноос Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн буюу судалгааны байгууллагад салбарынхаа шилдэг эрдэмтэдтэй найман жил мөр зэрэгцэн цэргийн урлаг судалжээ. Энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улс оролцоогоо хэрхэн нэмэгдүүлэх талаар докторын зэрэг хамгаалсан байна. Тодруулбал, ҮБХИС-ийн докторантад 2011 онд элсэн суралцаж “Энхийг дэмжих ажиллагаанд цэргийн хүчнийг оролцуулах төрийн
бодлого, хэрэгжүүлэх арга зам” сэдэвт докторын диссертацыг 2017 онд амжилттай хамгаалаад байна.
 
 
Харин  Зэвсэгт хүчний шанжин штабын Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар томилогдоод жил гаруй болж буй юм. Тэрбээр салбарынхаа тэргүүлэх эрдэмтэдтэй ажилласан он жилүүдээ онцлох дуртай. Энэ тухайгаа  “Эрдэм шинжилгээ судалгааны төвд ажилласан нь маш их туршлага болж өгсөн. Батлан хамгаалах, зэвсэгт хүчний стратеги, бэлэн байдлын үед ямар тактик ашиглах гээд нэлээдгүй номыг хамтран бүтээлцсэн. Хамгийн сүүлд бид “Мэдээллийн дайн түүний стратеги тактик” ном гаргалаа. Ихэнх нь бодлого төлөвлөлт рүү чиглэсэн. Эдгээрийг салбарын бодлогод тусгаж хэрэгжүүлэх нь чухал” гэсэн юм. Бригадын генерал Ц.Гандорж  мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн тулд 2002 онд ХБНГУ-д батальоны захирагчийн дамжаа, 2003 онд ХБНГУ-д НҮБ-ийн штабын ажилтны дамжаа, 2006 онд Финлянд улсад НҮБ-ын цэргийн ажиглагчийн дамжаа, 2010 онд АНУ-д НYБ-ын цэргийн багийн захирагчийн дамжаа, 2015 онд АНУ-д батлан хамгаалах менежментийн дамжаа, 2018 онд Герман улс дахь НАТО-ийн сургуульд “Терроризм, түүнтэй тэмцэх арга зам”, Их Британи улсад “Академийн түвшний заах арга зүй”, 2019 онд Тайван улсад “Хятадын Ардын Чөлөөлөх Армийн судалгаа” зэрэг сургалтад суралцаж төгсчээ.Энэ нь түүнийг хэр "зузаан" мэдлэг туршлагатайг илтгэнэ.
 
 
Харин аавынхаа талаар ярихдаа “Намайг генерал цолоо гардаж байхад аав хөдөө байсан. Ирэнгүүт нь хамгийн түрүүнд аав дээрээ очиж илтгэж байлаа. Тухайн үед би энэ цолыг хүртэж болж байна уу гэж боддог юм билээ. Тэгэхэд аав маань “Генерал цол бол зөвхөн урьд өмнө хийсэн ажлыг чинь үнэлэхээс илүү цаашид хийх бүхнийг чинь урьтал болгож, хариуцлага үүрүүлж байгаа хэрэг” гэж хэлсэн. Аав цэргийн сургууль төгсөөгүй. Хугацаат цэргээсээ шууд салаа салбарын захирагч хийж офицер болсон. Артиллерын хамгийн дээд албан тушаал болох командлагч хүртэл явсан. Аав минь залуу нас, хичээл зүтгэлээ армидаа бүрэн зориулсан. Ажил албандаа маш хариуцлагатай хандаж ирснийг олон зүйлээс харж болно. Хамт ажилласан хүмүүс нь ч нүүр бардам хэлдэг. Тиймдээ ч Монголд анх удаа дэлгэмэл хоёр дивизийг командалсан ховор түүхийн эзэн. Цэргийнхнээс хамгийн анхны Улсын бага хурлын гишүүн болсон нь алхам тутамдаа л тод мөртэй явж ирснийг нь гэрчилнэ. Хадам аав маань мөн л артиллерын мэргэжлийн хүн бий” гэсэн юм.
 
 
Харин дэд хурандаа Ц.Ренцендорж “Аав, дүү бид гурвуулаа артиллерын мэргэжилтэй. Аав, дүү хоёр байлдагчаас генерал цолонд хүрсэн. Ийм тохиолдол их ховор байдаг” гэсэн юм. Ийнхүү орчин цагийн зэвсэгт хүчинтэй нас чацуу артиллерын цэргээс аав, хүүгээрээ хослон төрийн генерал цол хүртсэн удамд өвөө, авга, нагацынхаа алтан мөрдэсийг таслахгүй армид орно гэсэн ач, зээ нар ч бий аж.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин