sonin.mn
Аливаа цэргийн ёслолын арга хэмжээг дайчин хэмнэлт эгшиг аялгуу үгүйгээр төсөөлшгүй. Тэр дундаа бүрээ бөмбөрийн сүрт нижигнээнгүйгээр. Цэрэг дайчдын эрэмгий чанар, эрч хүчийг харуулсан үйл ажиллагаа, эрмэг залуухан цэргүүдийн алхаа, яруу алдрыг бахдан дуулсан цэрэг эрсийн дуу бүрийн ард цэргийн хөгжимчид бат зогсож байдаг юм. Цэргийн хөгжимчдийн төлөөлөл болгож энэ жил 100 жилийнхээ буурал түүхийг бичиж байгаа Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн бөмбөрчин, ахлах ахлагч Нямаагийн Баясгаланг онцолж байна.
 
Ахлах ахлагч Н.Баясгалан нь цэргийн хөгжимчний үүдийг Ерөнхий боловсролын сурагч байхаасаа л татаж, 30 жил цэргийн хөгжмийн урлагт зүтгэж яваа залуу. Анх 1993 онд тухай үедээ хөгжимд сонирхолтой 5 сурагчийг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан шалгаруулж авсны нэг нь тэр бөгөөд хичээлдээ явангаа хөгжимд шамдан суралцдаг байж.
 
Улмаар цэргийн хүн болох хүсэл мөрөөдлөө дагаж Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд 1997 онд хугацаат цэргийн алба хааж, үргэлжлүүлэн ахлагчийн албанд улирснаар бөмбөрчний гараагаа эхлүүлжээ.  Бөмбөрчин маань энэ хугацаанд 6-8 бөмбөрийг элэгдэлд оруулж, “дуусгасан”, өөртөө сувинер болгон хадгалдаг мөн тооны бөмбөртэй гэнэ. Ямар л арга хэмжээ болно, тэр бүрт цэргийн хөгжимчдийнхөө хамт бөмбөрөө тэврээд очдог, 26 жил тэд бие биеэсээ огтхон ч холдоогүй “нөхөр” нь гэнэ. Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэлийн аварга” шалгаруулах тэмцээн бүрт дайчдынхаа сэтгэл санааг хөгжмийн цог жавхлант аялгуугаар өргөж, Сүхбаатарын талбайд цэргийн ёслолын жагсаал болоход цэргийн хөгжимчдийнхөө дунд зогсож байдаг гээд олон жилийн түүхээ базаж онцлов. 
 
Түүнийг бөмбөрчнөөс нь гадна цэрэг дайчдын хамтлаг гэдгээрээ алдартай “Оч”-оос салгаж ойлгох аргагүй. Анх “Оч” хамтлагийг 1977 онд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд гурван жилийн алба хаахдаа байгуулж байсан түүхтэй. Байлдагч нараас бүрдсэн гэхэд аялгуут дуугаараа ард түмэндээ эчнээ танигдаж, эх орондоо аялан тоглолт хийхийн зэрэгцээ 1979 онд Болгарт болсон дууны тэмцээнд оролцож явсан хамтлаг. 
 
Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нарын цэргүүд халагдсаны дараа “Оч”-ыг хоёр дахь удаагаа залгамжлан уран бүтээл туурвисан байлдагч нь өнөөгийн “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд, “Элькондор” хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан нар. Мөн л тэр үедээ уран бүтээлч байлдагч нар эх орноороо аялан тоглолт хийж, соёлыг үрийг тарьж явсан нь нэгтгэлийн түүхэнд тэмдэглэн үлджээ.
 
Харин гурав дахь үедээ буюу 2003 оноос хамтлагийг эргэн сэргээж уран бүтээл хийж байгаа залуус бол ахлах ахлагч Н.Баясгалан болон ахлах ахлагч Е.Дашзэвэг (032), ахлах ахлагч Ш.Мөнхбаяр (Нэгдсэн лаборатори), бэлтгэл ахлагч Б.Баярбаясгалан нар. Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлд алба хааж байхдаа цэрэг-эх орны сэдэвт уран бүтээлээр залуу үеэ соён гэгээрүүлэх зорилгоор замнал түүхт хамтлагийг дахин сэргээж, 2003 онд бие даасан тоглолтоо үзэгч олондоо өргөн барьсан авьяаслаг уран бүтээлчид ажээ. Түүнээс мэргэжил бүхэн сайхан, Та бөмбөрчин болсон сэтгэгдлээ хуваалцаач гэхэд “Хөгжмийн аялгуугаар хүнийг тайвшруулж бас омогшуулж болдог. Цэргийн хөгжимчин бид бол омогшуулж, бахархах сэтгэлийг түгээхийн төлөө хичээж яваа хүмүүс. Харахад зүгээр л нэг бөмбөр нүдээд байгаа мэт боловч цаана нь асар их хүч хөдөлмөр, ур чадвар авьяас билэг, урлагийн торгон мэдрэмж, тэсвэр тэвчээр байдаг” гэж мэргэжлээрээ бахдав.     
 
Бөмбөртэй холбоотой олон сайхан дурсамж байдгийн нэг нь үзүүлэх тоглолтод бэлтгэж байгаад хагалж, түүнээсээ болж шаналж, уйлж байснаа мартдаггүй гэнэ. Зэвсэгт хүчний “Марш-тусгай бэлтгэл”-ийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гээд байдаг, бөмбөр байхгүй, хамтрагч нөхдийнх нь хөдөлмөр талаар болчих гээд л. Тэгэхэд нэгтгэлийн захирагч байсан бригадын генерал Л.Онцгойбаяр цэргүүдийнхээ тухай сонсоод шинэ бөмбөр аваад Тавантолгой дахь Сургалтын нэгдсэн төвд хүргэж өгч байсныг нь одоо ч санаж явдаг гэлээ.
 
Бөмбөрчин учраас найз нөхөд, хамтран зүтгэгч нар нь төрсөн өдрөөр нь бөмбөрийн сувинер бэлэглэх нь түгээмэл байдаг гэнэ. 2021 онд хошууч генерал П.Доржсүрэн АНУ-аас захиалж авчруулсан бөмбөрөө “Урлагийн хүний гарт яваг” гээд бэлэглэж байсныг нь ахлах ахлагч Н.Баясгалан дурсаж ярив. Тэр бас бөмбөрийн чимээгээр цэргийн ёслолын жагсаалд алхаж яваа дайчны алдааг амархан засдаг бөгөөд дагнан хичээллэсэн хүндээ хосгүй хөгжмийн зэмсэг гэж тодорхойлно лээ.  Ахлах ахлагч Н.Баясгалан эхнэр, охины хамт амьдардаг. Гэргий Б.Мөнгөнзул нь Зэвсэгт хүчний 334 дүгээр ангид зэвсгийн нярваар ажиллаж байгаад саяхан тэтгэвэртээ гарсан ахлах ахлагч цолтой бүсгүй бол охин Б.Нандин-Эрдэнэ таван настай. Бяцхан охин нь аавынхаа бөмбөрийг нүдээд суучихдаг болсон тухай тэр аз жаргалтайгаар өгүүлж байлаа.
 
Ахмад Д.БОЛОР
Эх сурвалж: "Соёмбо" сонин