sonin.mn
Хахир хатуу захирал, будилуу эмэгтэй, амьдралын зовлон зүдгүүрт нухлагдсан бүсгүй, сайхан сэтгэлт үйлчлэгч гээд нэгэн хэвд баригддаггүй олон дүрийг чадварлаг бүтээж чаддаг жүжигчний нэг бол Б.Навчаа.
 
Сүүлийн үед кино, реклам гээд дэлгэцээр гарч байгаа бүхэнд түүний дүр олонтаа харагдах болсон нь нэг талдаа үзэгчдэд улиг болж, нөгөө талдаа түүнийг олны анхааралд ихээхэн өртүүлэх боллоо хэмээн хүмүүс ярих болжээ.
 
Ямартаа ч, гаднаас нь харсан хэнд ч хээгүй, хэнэггүй харагддаг энэ бүсгүйтэй яг тулаад ярилцахад ямар хүн болохыг уншигч авхай танд дараах ярилцлагаар дамжуулан хүргэж байна.
 
 
-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхлэе?
 
-Бид чинь төрийн албан хаагч юм уу, цалингаас цалингийн хооронд ажлладаггүй болохоор одоогоор амарч байна. Яг хэзээ хүртэл амрахаа сайн мэдэхгүй. Дараагийн уран бүтээл хэзээ яаж орж ирэхээс шалтгаална шүү дээ. Бараг он гартал амарч магадгүй.
 
 
-Таны бүтээсэн дүр ихэвчлэн "галзуу" эмэгтэй байдаг. Та амьдрал дээр өөрөө тийм үү? 
 
Бүтээсэн дүрүүд болон жинхэнэ Навчаа хоёрын хооронд зааг ялгаа байгаа байх. Мэддэг хүмүүс нь мэднэ, мэдэхгүй хүмүүс яг ийм л хүн байх гэж хүлээж авна. Миний хувьд хувийн амьдрал, уран бүтээлийн амьдрал хоёрыг хооронд нь хольж болохгүй гэж боддог Энэ хариултаараа юу гэх гээд байна вэ гэхээр бүтээсэн дүрүүдээсээ би тэс өөр хүн гээд хэлчихэж болно доо.
 
 
-Танд ирж байгаа уран бүтээлийн санал, дүр ихэнхдээ тийм байгаад байна уу?
 
-Тийм. Ерөнхийдөө ирж байгаа дүрүүд маань тийм байдаг. Анх хүмүүст хүрчихсэн дүрээс шалтгаалдаг байх. Найруулагч нарын зүгээс өөр саналууд ч бас өгч байгаа.
 
 
-Урлагт таныг хэн уруу татчихав. Ойр тойронд тань урлагийн хүн бий юу?
 
-Яг ойр дотны хүмүүсээс урлагийн хүн байхгүй. Xарин манай аавын талд зохиолч Ч.Чимэд гэсэн мундаг хүн бий. Зураач хүн байгаа. Надаас хойш урлагт орж ирж байгаа ойр тойрны хүмүүс ч байна. Үүний дотор кино найруулагч А.Миеэгомбо байх жишээтэй.
 
Дуучин Ц.Хулан бид хоёр хамаатан гэдгийг ердөө өчигдөрхөн мэдлээ. Телевизийн нэвтрүүлэг дээр бид хоёрыг харсан ээжийн маань эгч "Хамаатнууд нэг нэгнээ мэдэхгүй, зэрэгцээд суучихсан байна" гэж хэлж байсан. Ер нь, өнөө цагт хүмүүс ойр тойрныхноо сайн мэдэхээ больчихож.
 
 
-Та охин ямар мэргэжилтэй хүн болно гэж боддог вэ?
 
-Ер нь эмч болоосой гэж боддог Нэг удаа би "Миний охин эмч болчихвол ээж нь урт удаан насалнаа" гэж хэлж байсан. Гэвч санаснаар болох нь уу, үгүй юу. Хараад байхад жүжигчдийн хүүхдүүд жүжигчин болж байгаа нь олон. Яагаад жүжигчин болоод байна гэхээр багаас нь ажилдаа дагуулаад яваад байхаар урлагийг мэдэрчихдэг юм болов уу.
 
Охин маань намайг дагаад л кинон дээр байж байдаг. Сайндаа дагуулж яваад байгаа юм биш. Харах хүнгүй дээ л тэр шүү дээ. Тэгэхээр багаасаа урлагт элэгтэй болчихож байна гэсэн үг л дээ.
 
 
-Кинонд бүтээсэн дүрүүдийг тань харахад энгийн, байгаагаараа байх шиг санагддаг?
 
-Кино гэдэг бол хамгийн үнэн байх ёстой. Худлаа байж болохгүй. Зохиол дээр юу гэж бичигдсэн дүр байна, тэр дүрийг үзэгчдэд хүргэхийн тулд үнэн л тоглох ёстой. Бас бүгдийг нь ч үнэн тоглоно гэж байхгүй л лээ. Худлаа тоглосон нь ч бий.
 
 
-Таныг дахиж ааштай эмэгтэйн дүрд тоглохгүй гэсэн байсан. Энэ үнэн үү?.........
 
-Бүр тоглохгүй байх нь хаашаа юм. Ер нь, багасгая гэсэн бодолтой байна. Өөр өөр дүр лүү орох хэрэгтэй. Тэгэхгүй бол хэвэнд цутгачихсан юм шиг нэгэн хэвийн байгаад байх хэрэггүй.Навчаа гэдэг хүн өөрөө үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй болж байгаа юм.
 
Тарган байсан бол турж байж, их туранхай байсан бол таргалж байж ч юм уу бүр их өөрчлөлт хийж байж хүмүүст өөрчлөгдсөн харагдана л даа. Би яг энэ хэвээрээ тоглоод байвал магадгүй нөгөө дүрүүдтэйгээ адилхан санагдана. Нөгөө л орилж чарласан, ааштай араншинтай нэгэн байсан бол эсрэгээрээ уйлсан, эмээсэн, ичсэн Навчаа болж чадах хэрэгтэй.
 
 
-Дүрдээ бэлдэх, өөрөөсөө шал өөр хүн болохын тулд цаг хугацаа их шаардагддаг байх?
 
-Манай кино урлагт яг тийм бололцоо байдаггүй. Бид нар ирээдүйгээ төлөвлөж чаддаггүй. Өнөөдөр би чамтай яриад сууж байна. Маргааш надад мөнгө олдоод кино хийж эхэлсэн байх жишээтэй. Яг тэгнэ ингэнэ гэж зорьсон юм байдаггүй.
 
Үүнээс болоод жүжигчид маань гаргах гэж байгаа дүрдээ шамдаж, өөрийгөө бүрэн өөрчилж чаддаггүй. Социализмийн үеийн жүжигчид буюу бид нар "Алтан үеийн жүжигчид" гэж хэлдэг тэр жүжигчдийн хувьд бол бүх юм төлөвлөгөөтэй. Бүр гурван жилээрээ төлөвлөгөө нь гарсан байдаг.
 
Тэр кинонд тийм жүжигчин, тэр зураглаач ажиллана гэсэн төлөвлөгөө байх жишээтэй. Тэгэхээр тэр жүжигчид, кино уран бүтээлийнхэн кинондоо маш сайн бэлдэж чаддаг байсан.
 
Одоо бидний хувьд хамгийн түрүүнд мөнгө, санхүүгийн асуудал шийдэгдэж байж л дараагийн зүйлийг төлөвлөх боломжтой болдог Тэгэхдээ түргэн хугацаанд бүтсэн бүтээл муу болдог уу гэвэл үгүй. Тэрийг би батлах гэж "Ларьдма" уран сайхны киног хийсэн.
 
 
-"Ларьдма" хэдий хэр хугацаанд бүтсэн бэ?
 
-Киноны зураг авалт “Хоёрдугаар сарын 24”нд эхэлсэн. Тэр хугацаанд бүх юмаа бэлдсэн байсан. Бэлдэнэ гэдэг чинь хамгийн том ажил. Зураг авалт бол сар хорь гаруй хоногийн дараа дууссан. Тэрнээс хойш монтаж, эвлүүлэг явсаар байгаад тавдугаар сарын таванд нээлтээ хийсэн.
 
 
-Таныг мэргэжлээрээ ажиллахаас өмнө урлагт өөрийгөө голонгуй байсан гэсэн. Юунаас голж байсан юм бол?
 
-Гэрт суугаад, үр хүүхдээ хардаг байсан хүн чинь гэнэт урлаг руу орж ирэхээр их сонин байдаг юм билээ. Бусад хамт олноосоо тасархай байдалтай. Арай нэг өөрийгөө голонгуй  Тэр хамт олон тэнд инээж хөхрөөл гоё байхад тусдаа суугаал өөрийгөө тусгаарлаад байх жишээтэй.
 
Өөрийгөө бусадтай харьцуулаад өөрийнхөө өмссөн зүүсэн, жүжиглэлтийг голдог. Тэрийг л хэлсэн байх. Энэ айдас ямар ч хүнд тохиолдоно. Айдсыг л даван туулах хэрэгтэй л дээ.
 
 
-Танай ангийнхнаас их олон хүн ур чадвар, мэргэжлээрээ ард түмэндээ танигдсан. Магадгүй хамтарч уран бүтээл хийх бодол бий юу?
 
-Манай ангиас нэлээд хэдэн жүжигчид гарсан. Чанартай л байгаагийн шинж. Багш нар хэлдэг байсан юм л даа. "Нэг ангид хоёр л жүжигчин байдаг. Чанартай нэг үгүй бол хоёр. Бусад нь бол соёлтой үзэгч болдог" гэж сургадаг байсан. Тэр бол бас их айхтар үг юм. Хэн ч соёлтой үзэгч байхыг хүсэхгүй шүү дээ.
 
Тэгэхдээ энэ бол үнэн. Одоо бид нар нэгнийхээ уран бүтээлийг очоод үзчихэж байна шүү дээ. Соёлтой үзэгчийн л шинж. Ангийнхнаараа бахархдаг. Хамтарч уран бүтээл хийхийн хувьд бодож явдаг зүйл бий. Нэг нэгэнтэйгээ ярилцаж, асууж сураглаж үзсэн. Одоо нэг кино хийх санаатай байгаа. Бүгд зөвшөөрч байна.
 
Ангийн маань залуусын хувьд нэг хүндрэлтэй асуудал байгаа нь бүгд л гол дүрд тоглодог залуус. Миний хувьд нэг туслах дүр дээр ч гэсэн буусан хамаагүй. Тэгэхээр энд тохирсон зохиол хэрэгтэй. Бас л "хөөрхөн" сенсаци болох байх. Магадгүй энэ намраас юм уу, он гаргаад энэ ажилдаа орох төлөв бол байгаа.
 
 
-Ихэвчлэн туслах дүр бүтээдэг. Танд гол дүр бүтээх санаа бий юу?
 
-Ер нь, гол дүр миний хувьд сонин биш. Гол дүрд тоглосноороо хүн жүжигчин болчихдоггүй. Өнөөдөр Навчаа гэдэг хүнийг гаргаж ирсэн дүрүүд бол дандаа туслах дүрүүд. Гол дүр гэвэл " Ларьдма", Рашаантын 18 гэсэн кинонууд дээр гол дүр бүтээсэн. Бусад нь бол дандаа туслах дүр.
 
Тэгтэл туслах дүрүүд хүнд илүү хүрсэн байдаг. Жишээ нь "Франц үнсэлт", "Гоёлын даашинз" зэрэг кинонуудын дүрүүдийг хүмүүс тэр нээрэн яг болсон гэж хэлдэг Өөрт оногдсон дүрийг л өөрийнхөөрөө амьдруулж чадаж байгаа хүн л жүжигчин болох байх. 
 
 
-"Ларьдма" киног дэлгэцэнд гарсны дараа олон жиг жуг хийсэн яриа гарсан. Цуг кино үзээд гарсан хос залуус хоорондоо муудалцсан гэж дуулдсан?
 
-Энэ тухайн хүний ухамсрын л асуудал байх. Мэдээж надад ч иймэрхүү цуу үг дуулдсан. Тэр найз бүсгүйгээ зодоод байгаа нөхөр магадгүй өөр хүчирхийлэгч байгаа шүү дээ. Өөрийгөө л хөндлөнгөөс харахаас ичиж байна. Манайд маш олон ухаалаг залуус бий. Энэ киног хэн үзсэн бэ гэхээр дундаж насны орлоготой залуус.
 
Тэд надад хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг Соёлтой мянга мянган залуус үзсэн. Амьдрал дээр гарах гэж байгаа, гэр бүлээ зохиосон өөрөөр хэлбэл орлоготой хүн үзсэн. Энд нэг ийм муухай амьдрал байна шүү. Ийм ололттой тал байна гэдгийг харуулж чадсан. Зорилтот бүлэгтээ хүрч чадсан сайн кино болсон.
 
Уран бүтээлч хүн нийгэм рүү хандсан, нийгэмд цочироо өгсөн уран бүтээл хийхийг хүсдэг. Миний хувьд бол инээдмийн кинонд дараалан дараалан тоглолоо шүү дээ. Энэ бүх зүйлд миний сэтгэл ханаагүй. Харин "Ларьдма" киног хийгээд бах ханасан даа. Одоо бол муу уран бүтээл хийх эрхгүй болсон цаашдаа маш сайн уран бүтээл хийхийн тулд хичээнэ. 
 
 
-Төмөр замтай холбоотой дурсамж бий юу?
 
-Би чинь төмөр замаар их зорчдог хүн шүү дээ. Хамгийн сүүлд Хамарын хийд орохдоо галт тэргээр зорчсон. Тэр олон километр явах газрыг 4000-5000 төгрөгөөр л явдаг шүү дээ. Тэгэхээр яасан ч "шатдаггүй" газар юм гэж бодох үе бий. Хүн онгоцонд суухдаа айдаг шүү дээ. Би маргааш Мөрөн хот руу нисэх гэж байгаа.
 
Би бол онгоцноос их айдаг Аль болох тэр цонхоор харчихгүй, өөр юм бодох ч гэдэг юм уу. Төмөр замаар явах ямар ч айдасгүй. Аюулгүй унаа. Магадгүй Мөрөн хүртэл төмөр замтай байсан бол би тэр замыг л сонгох байсан. Маш олон дундаж амьдралтай иргэдэд ганц үйлчилж байгаа тээврийн хэрэгсэл.
 
Манай өвөө машинист  байсан. Төмөр замын байгууллагаас Хөдөлмөрийн баатар болоод тэтгэвэртээ гарсан. Би өөрөө багадаа төмөр замын тосгонд амьдарч байлаа. Бид "Төмөр замын вант улс" гэж ярьдаг шүү дээ. Хөгжилтэй зүйл гэвэл оюутан байхдаа ангиаараа Эрдэнэт рүү тоглолтоор явсан.
 
Тэгтэл вагон дотор нэг хүн орж ирээд "Наак аваарай, наак аваарай"гээд хашгирав. Бид тэр үедээ юу ч ойлгоогүй. Юу юм бол гээд гайхаад өнгөрч билээ. Сүүлд нь тэр нь найруулсан спирт байсныг мэдсэн. Тэр үед их задгай байсан бол одоо их соёлжсон байна лээ.
 
 
-Миний хувьд "Помогите нам " I анги нь их сайн уран бүтээл болсон санагддаг. Тэр кинон дээр ч төмөр зам гардаг шүү дээ?
 
-Улаанбаатар Вагон депо дээр зураг авалтыг нь хийсэн. Үнэндээ явдаггүй вагон дотор л явж байгаа юм шиг жүжиглээд л зургийг нь авсан. Тэр кинон дээр УБТЗ-ын хамт олон үнэхээр чин сэтгэлээсээ их тус хүргэсэн. Тэр вагоныг нь салгадаг хэсэгт төмөр замчид маань арай эмзэглэдэггүй байлгүй дээ /инээв/.
 
Кинон дээр гардаг наймаачид, 1990 он ч гэсэн яг тэр уран бүтээл дээр амьдарсан. Хувцас, хэрэглэл гээд жижиг сажиг зүйл хүртэл. Учир нь, бид наймаачдыг мэддэг. Бид тэдний үлдэгдэл. Би хүүхэд байхдаа ч гэсэн тэднийг харсан. Учир нь, бараг айл болгонд нэг наймаачин байсан шүү дээ.
 
Бидний нүдэнд яг тэр дүр төрх буугаад үлдчихсэн байдаг Тэр кинон дээр нэг ч худлаа зүйлгүй. Тэр кинон дээр миний бүтээсэн дүрд жүжигчин Ааяа буюу Ш.Алтанцэцэг тоглох байсан юм байна билээ. Тэгээд Ааяа эгч татгалзаад надад тэр дүр ирсэн. Ер нь, тиймэрхүү дүр дээр хоёрхон сонголттой юм шиг байгаа юм. Нэг бол би, нэг бол Ааяа эгч.
 
Б.Мөрөн
 
Эх сурвалж: "Ган зам" сонин