sonin.mn
Манай ардын сургаалд “мөнгө ч олоод бай” гэсэн утга бүхий хэлц байдаггүй нь Азийн бусад улсаас эрс ялгардаг. Харин ч шунахай ховдог занг илт дургүйцсэн байдаг. Жангарын туульд их баатар тэнгэр тулам орд өргөөтэй болох боломжтой байвч “Урт дур болох” хэмээгээд зөвшөөрдөггүй. Тэгсэн хэрнээ тэнгэрээс олон зуун алд өндөр өргөөтэй харь улс орнуудын хаадыг буулган авдаг даа.
 
Харин манай ардын хүмүүжүүлэх ухаан хувь хүний биеэ авч явах зан төлөвт ихээхэн анхаарсан байдаг нь сонин. Тухайлбал, “Ядравч газар бүү тул” гэсэн байдаг. Эцэг, эхчүүд ч хүүхдээ “Гутлаа чирээд юунд нурмайв", “Толгойгоо унжуулаад өрөнд орсон хужаа шиг”, “Эр хүн элгээ эвхдэггүй юм”, “Санаа алдвал ээж нь үхдэг”, “Бөгтөгнөлгүй тэгш яв”, “Хов зөөж, зовлон тоочих нь муухай" хэмээн зэмлэнэ.
 
Энэ бүхэн нь хэвшил болж тухайн хүнийг ямарч ахуй цагт харсан цог золбоо дүүрэн яваа мэт харагдуулдаг. Тийм ч болохоор суурин иргэншил бүхий улс орнуудыг эзлэн түрэмгийлж тэдэнд марташгүй ул мөр үлдээсэн биз ээ. Үлдээх үлдээхдээ хүчтэй, чадалтай эрэмгий гэдгээрээ тод үлдсэн байдаг. Дэлхийн хаана ч монголчуудын тухай кино хийхдээ биднийг тэнэг, зэрлэг мэт үзүүлсэн ч сул дорой хүмүүсээр төлөөлүүлэн харуулж зүрхлээгүй байдаг юм шүү дээ. 
 
Үг, сургаалд үндэстний хүч оршдог аж. “Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, эрхийдээ эрчимтэй, уруулдаа ууртай” хүмүүсийн орон билээ.
 
Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"