sonin.mn
“Соёмбо” сонин “Хобби” буланг нээгээд даруй 10 гаруй жилийн нүүр үзэж байна. Энэ хугацаанд олон эрхмийн цуглуулгыг танилцуулж нийтийн хүртээл болгосон бөгөөд тэдгээр нь хэн бүхний цуглуулаад байдаг нийтлэг зүйлс бус хүн бүрийн сонирхол, анхаарлыг татахуйц онцлог байсныг бахдалтай. Тэгвэл энэ удаа БХЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Л.Баатарын "Тэмээ”-ний цуглуулгыг онцолж байна.
 
Учир нь тэмээний баримал, сувенир цуглуулдаг хүн Зэвсэгт хүчинд төдийгүй Монгол Улсад цөөхөн бөгөөд цор ганц байх магадлал тун их. Ямарваа нэгэн зүйл шохоорхож хоббигоо болгодог хүмүүс сонирхлынхоо дагуу нэгдэж цуглуулгынхаа талаар ярилцах нь олонтоо байдаг бөгөөд тэр л жишгээр эрэл сураг тавьж сонирхол нэгтнээ олоогүй аж.
 
Хурандаа Л.Баатар тэмээ гэх тэнгэрлэг амьтны дүрс бүхий бэлэг дурсгалын зүйлийг сонирхож цуглуулдаг болоод багагүй хугацааг үдэж байгаа бөгөөд түүний цуглуулга өдгөө гурван оронтой тоонд хүрчээ. Анх 2013 онд БХИС-ийн Цэргийн командын сургуулийн багшаар ажиллаж байхдаа Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжин Болдогт зохион байгуулагдсан улсын аварга шалгаруулах “Тэмээн поло” тэмцээний ерөнхий шүүгч хийж байхад нь "Аса аварга" буюу сумо бөхийн их аварга Д.Дагвадорж хүндэт зочноор оролцож хамтдаа дурсгалын зураг татуулсан аж. Хожим нь тэрхүү гэрэл зургийг нь угаалгаж жаазлаад гэрийнхээ хойморт залсан бөгөөд тус зургийг харж байгаад тэмээ хэмээх энэ сайхан, сүрлэг амьтны цуглуулагатай болох сэдэл төрснөөр түүний хобби эхэлсэн түүхтэй.
 
 
Тэмээ гэх амьтан ховрын бараа байдаг Сэлэнгэ нутгийн хүү тэмээн сүрэг нь бэлчиж байдаг Дорноговь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргын албыг хоёр удаа хаших болсноор тэмээтэй илүү ойр болж цуглуулгаа илүү бодит болгосон гэдэг. Үүнээс гадна тэмээ гэх тэнгэрлэг амьтны амгалан дөлгөөн зан, уналга эдэлгээнд амархан сурдаг, түргэн номхордог байдлаас гадна дуу хуур, аялгуунд уярч голсон ботгоо авдаг зэрэг нь түүний сонирхлыг туйлын ихээр татаж шимтэн цуглуулах болжээ. Мөн тэрээр "Хамгийн гол нь тэмээ маш их ачаа даадаг тэнхээтэй амьтан, ачаа даах чадварыг эр хүн тэр дундаа цэргийн бид амьдралдаа хэрэгжүүлж, өөрт ноогдсон ачаагаа даах ноён нуруутай байхад буруудахгүй юм. Ялангуяа сүүлийн үеийн залуус ямар ч ачаа даах чадваргүй шалчгар болж байна" гэж эмзэглэж явдгаа энэ үеэр илэрхийлсэн юм.
 
 
 
Түүний цуглуулгад байх тэмээнүүд нь чулуу, шаазан, эсгий, мод, төмөр гээд бүхий л материалаар хийгдсэн бөгөөд Монгол, Орос, Хятад, Энэтхэг, Балба, Өмнөд Судан гээд 10 гаруй орноос зорьж авсан гайхам сонин хэлбэр дүрс, өнгө будагтай тэмээд байх аж.
Цуглуулгаас хамгийн эрхэм нь аль вэ хэмээн асуухад тэрээр торолгүй нэгэн шаазан хүрэн буурыг онцолсон. Өдгөө бурхны оронд очсон түүний том эгч нь цуглуулгыг нь эхлүүлэн өгч байсан тэрхүү тэмээ нь хамгийн нандин бөгөөд анхдагч нь аж. Мөн сүүлийн үеийн цуглуулгад нь нэмэгдсэн нэг тэмээ нь аргагүй л хараа булааж байлаа. Цул зэс шиг харагдах төдийгүй нэлээн жин даах тэрхүү зэсэн улаан тэмээг БХЯ-ны ХШҮДАГ-ын хамт олон нь өнгөрсөн онд түүнийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгах үеэр нь дурсгал болгосон аж.
 
Хүн шунаж дурласан, сонирхол татсан зүйлдээ гар татдаггүй гэдэгчлэн хурандаа Л.Баатарт ч мөн гар таталгүй худалдаж авсан тэмээд олон гэнэ. Тухайлбал, Балба улсад аяллаар явж байхдаа Катмандуд хотын бэлэг дурсгалын дэлгүүрээс нэгэн төмрөн тэмээг багагүй үнээр худалдаж авсан бөгөөд тэрхүү төмрөн тэмээ нь зүгээр нэг дурсгалын зүйл бус цоож аж.
 
Энэ мэт хэлбэр, өнгө үзэмж бүхий, төрөл бүрээр эрээлжлэх олон төрөл тэмээдээ худалдан авахаас гадна түүний хоббиг мэддэг ойр дотынхон болон найз нөхөд нь бэлэглэж цуглуулгынх нь тоог арвижуулдаг аж.
Үүнээс гадна түүний бас нэг сонирхол нь Үндэсний шагайн харваа. Сонирхож хичээллээд 20 гаруй жил болж байгаа бөгөөд Дорноговь аймгийн Гоц мэргэн цолтой. Чөлөөт цагаараа ач охидоо тойруулан суулгаад аравч, зурхай, тохой модондоо хасаагаа өрөөд хашлага, сумаа зэхэн харвах нь түүний хамгийн ихээр дурлаж хийдэг ажлуудынх нь нэг бөгөөд монголчуудын өв соёлыг ирээдүй хойч үедээ өвлүүлж байгаа нэг хэлбэр биз ээ.
 
Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин