sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан "Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай" УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Ажлын багийнхан Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хийх албан ёсны яриа хэлэлцээг энэ сарын 12-нд эхэллээ. 
Тус хэлэлцээний талаар Ажлын багийн гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоотой хийсэн МҮОНРТ-ийн тодруулгаас хүргэж байна.
 
-УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын баг Оюутолгой төслийн гадаадын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээний ширээнд сууж эхэлсэн. Одоогоор хэлэлцээний нөхцөл байдал ямар байна вэ?
 
-Хөрөнгө оруулагч талтай эхний байдлаар уулзалтаа хийгээд байна. Энэхүү уулзалтаад хөрөнгө оруулагч талаас Оюутолгой төслийг харилцан ашигтай байх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ажлын багт оролцож буй УИХ-ын гишүүд мөн байр сууриа илэрхийллээ. Бидний хувьд, Оюутолгой төслийг Монгол Улсад аль болох ашигтай болгох чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. Үүнтэй холбоотой яриа, хэлэлцээр хурдан дуусахгүй болов уу. УИХ-ын 92 дугаар тогтоол маш өргөн цар хүрээтэй. Үүнд, суурь гэрээ буюу 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 оны хувь нийлүүлэгчдийн гэрээ зэргийг бүхэлд нь сайжруулах, Оюутолгой төслийг цогцоор нь Монгол Улсад ашигтай болгох чиглэлд ажиллах ёстой. 
 
-Оюутолгой компанийн нэхэмжлэл гаргасан Арбитрын шүүхийн маргааны хувьд, ямар шатанд явж байна вэ?
 
-Татварын маргаантай холбогдуулан хэлэхэд, Арбитрын шүүхэд Оюутолгой компани нэхэмжлэл гаргасан. Үүнд Засгийн газар байр сууриа хамгаална. Учир нь, 2018 онд гарсан 377 тэрбум төгрөгийн татварын акт, 2020 онд гарсан 649 тэрбум төгрөгийн татварын актыг үндэслэлтэй гэж үзэж байгаа. Энэ татварын актын дийлэнх нь Оюутолгой ХХК-ийн төлөх ёстой татвар биш. Харин Рио тинто болон түүний харилцан хамаарал бүхий этгээд, Туркойз Хилл компанийн төлөх ёстой суутган татварын асуудал юм. Бид Рио тинто болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд нэгэнт Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олж байгаа бол түүнд тохирох хэмжээний татвар төлөх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Түүнээс биш Оюутолгой ХХК-ийн төлөх ёсгүй татварыг төл гэж шаардаагүй. Татварын акт үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Арбитрын маргаанд байр сууриа хамгаална. Арбитрын шийдвэр хурдан гарахгүй, энэ маргааныг 2-3 жил үргэлжилнэ. Энэ асуудлаар, 2022 оны наймдугаар сард Арбитрын бүрэлдэхүүний шүүх хуралдаан болно гэсэн хүлээлттэй байна. Шүүх хуралдаан болсны дараа дор хаяж 6-8 сарын дараа Арбитрын шийдвэр гардаг. Гэхдээ заавал үнэтэй Арбитраар маргаанаа шийдүүлэхгүйгээр, өмнө нь энэ асуудлыг шийдэх боломжтой гэж харж байгаа. Засгийн газар Рио тинто, Туркойз Хилл, Оюутолгой компанийг Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу татвараа бүрэн төлөх ёстой гэсэн шаардлага л тавьсан. 
 
-Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө буюу Дубайн гэрээг сайжруулах ёстой гэсэн байр суурийг манай тал илэрхийлсээр байгаа. Энэ талаар Рио тинто компани ямар байр суурьтай байна вэ?
 
-Рио тинто компани саяхныг хүртэл энэ асуудалд цааргалзсан байр суурь суурьтай байсан. Цаад үндэслэл нь их хэмжээний хөрөнгө оруулахад баталгаа хэрэгтэй байсан гэдэг. Дубайн гэрээг яагаад онцлоод байна вэ гэхээр, энэ төлөвлөгөөг анх байгуулах үед Рио тинто амлалт өгч байсан. Тэр нь юу вэ гэхээр, Далд уурхайн хөрөнгө оруулах зардал 5.3 тэрбум ам.доллар бөгөөд олборлолт 2021 оны нэгдүгээр сард эхэлнэ гэж байсан. Гэтэл энэ хугацаа 22 сараар хойшилж, хөрөнгө оруулалтын зардал даруй 30 хувиар нэмэгдээд байна. Өөрөөр хэлбэл, бидний анх төлөвлөгөө байгуулах үеийн төсөөлөл өөрчлөгдсөн. Суурь нөхцөл нь өөрчлөгдсөн гэдэг асуудлаар төлөвлөгөөг эргэж харах шаардлагатай байна. Нөгөө талаар, Далд уурхайтай холбоотой санхүүгийн харийвчилсан тооцоог Рио тинто хөрөнгө оруулагчиддаа мэдээлсэн. Энэ тооцоололд, Монгол Улсад ирэх өгөөж үлэмж хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байна. Рио тинтогийн талаас санхүүгийн тооцоог сайжруулж засах боломжтой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Гэхдээ бидэнд үг хангалттай биш, үйлдлээрээ харуулах ёстой. Оюутолгой төслийг Монгол Улсад үр ашигтай болгосон бодит алхам хийх хэрэгтэй. Үүнийг яриа, хэлэлцээрийн замаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 
 
-Хэлэлцээрийн хамгийн чухал зүйл нь ойлголцох. Ойлголцлын асуудалд хоёр тал ямар байр суурьтай байна вэ?
 
-Ойлголцолд хүрэх бүрэн бололцоотой. Оюутолгой төсөл бол Монгол Улсын ирээдүй, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой маш том төсөл. Оюутолгой төслийн нийт нөөцийн 80 хувийг Далд уурхайгаар олборлоно. Одоо ил уурхайгаар олборлооод, Оюутолгой компани жилийн нэг тэрбум ам.долларын орлоготой байна. Далд уурхай ашиглалтад орсноор, энэ орлого дөрөв дахин нэмэгдэх боломжтой. Дэлхийд олборлолтоороо гурав, дөрөвдүгээрт эрэмблэгдэх хэмжээний том уурхай ашиглалтад орно. Энэ том уурхай Монгол Улсын нутаг дэвсгэрт ажиллаж байгаа бол Монгол Улс болон Монгол Улсын иргэдэд үр өгөөжтэй байх хэрэгтэй гэсэн шаардлагыг л тавьж байгаа. 
 
 
 
Далд уурхай ашиглалтад орохоос өмнө үл ойлголцлоо нэг тийш болгож татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй. Нөгөө талаар, манай талын 34 хувийн ногдол ашиг тодорхой хугацаанд Монгол Улсад ирэх хэрэгтэй байна. Эдгээр асуудлыг хөндөж, яриа хэлэлцээрээр шийдэх боломжтой гэж үзэж байна. Хамгийн гол нь бид ойлголцохдоо, амьдралд хэрэгжүүлэх боломжтой, маш зарчимтай, үндэслэлтэй санал гаргах хэрэгтэй. 
 
 
 
-Хамгийн гол нь эх орны эрх ашиг чухал гэсэн байр суурийг хүн бүр илэрхийлж байгаа. Ажлын багийг шинэчилж олон талын оролцоотой болсон. Олон жил яригдсан энэ асуудал хэзээ бодит үр дүнд хүрэх хүлээлттэй байна вэ?
 
-Оюутолгой төсөлтэй холбоотой ийм хэмжээний яриа, хэлэлцээр өнгөрсөн хугацаанд болж байгаагүй. Ажлын багт УИХ-д суудалтай бүх улс төрийн намын төлөөлөл орсон. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ч төлөөлөл бий. Тиймээс Улс төрийн хувьд нэгдмэл байр суурьтай болсноор хэлэлцээг цаашид үр дүнтэй үргэлжлүүлнэ. Үүнд Монгол Улсын эрх ашиг гэдэг ганцхан байр суурь байх ёстой. Монгол Улсын эрх ашгийг хамгаалж, Монгол Улсын иргэдэд үр өгөөжтэй байх чиглэлд төслийг урагшлуулах хэрэгтэй. 
 
-Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчийн баг ажиллаж байгаа. Энэ багийн үр дүн хэзээ гарах вэ?
 
-Бидний яриа, хэлэлцээрт хамгийн хэрэгтэй байгаа чухал асуудал хүлээгдэж байгаа. Тэр бол Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн асуудлаар хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гарах ёстой. Энэ дүгнэлт энэ оны эхний хагас буюу зургаадугаар сарын сүүл үеэр гарна гэсэн хүлээлттэй байгаа. Тухайн дүгнэлт гарсны дараа Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаарх олон эргэлзээ тайлагдаж, тодорхой тайлбар гарах болов уу гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд, гадаадын хэвлэл, шүүхэд эргэлзээтэй асуудал гарч байгаа. Засгийн газар үүнийг маш сайн судалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах чиглэлд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана. 
 
-Ажлын багийн төлөөлөл нэгдмэл байр суурьтай ажиллаж чадаж байна уу?
 
-Нэгдмэл ойлголттой болохын тулд ажлын багт УИХ-ын гишүүдийг оруулсан, идэвхтэй ажиллаж байна. Бид Монгол Улсын эрх ашгийг хамгаалсан нэгдмэл байр суурьтай байх ёстой. Өөр, өөр ойлголттой байвал Монгол Улсад үр ашиггүй. Тиймээс байр сууриа нэгтгэхээр ажиллаж байна. Ингэснээр бидний яриа, хэлэлцээ үр өгөөжтэй болно.  
 
 
 
С.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг