sonin.mn
Дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэж энэ салбарын өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн гарц шийдлийн талаар хөндөх болсон. Тэгвэл энэ талаар Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатартай ярилцлаа.
 
-Монгол Улсын эрчим хүчний салбар, чадамжийг тодорхойлж олон улстай харьцуулбал ямар түвшинд байгаа вэ?
 
-Манай улсын эрчим хүчний хэрэглээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад харьцангуй жижиг. Эрчим хүчний салбар зах зээлийн голдрилд ороогүй, хуучин бүтэц зохион байгуулалттай салбар. Энэ нь төрөөс цахилгааны үнэ тарифыг тогтоож хэт оролцдогтой холбоотой. Ихэнх эрчим хүчний үйлдвэр, цахилгаан дамжуулах сүлжээ, компаниуд төрийн эзэмшилд байдаг. Харин бусад сэргээгдэх эрчим хүчний станцууд хувийн хөрөнгө оруулалтаар баригдсан. Манай улсын хэрэглээний нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 орчим хувийг дулааны цахилгаан станцууд, 9.1 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэдэг. Нийт суурилагдсан хүчин чадал одоогоор 1485 МВт. Үүний 18 орчим хувийг нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд эзэлдэг. Манай улсын эрчим хүчний хэрэглээ жилд тав орчим хувийн тогтмол өсөлттэй байдаг ч 2020 онд хоёр хувиар өссөн. Цаашид эрчим хүчний салбар эх үүсвэрийн болон дамжуулах шугамын чадлаа нэмэх, техник технологио сайжруулах, эх үүсвэртээ бүтцийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ 30,40 жилийн настай хуучин цахилгаан станцаа өргөтгөх биш Улаанбаатарын төвлөрлөөс зайдуу, шинэ цахилгаан станцууд барих нь зүйтэй. Ингэхийн тулд станцуудынхаа горим, үзүүлэлтүүдийг өөрчилж дулааны эрчим хүч талдаа анхаарвал эрчим хүчний өртөг зардал бага байх боломжтой гэж хардаг. 
 
-Эрчим хүчний хэрэглээгээ дотооддоо бүрэн үйлдвэрлэх ямар боломж байгаа вэ? 
 
-Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны тайлангаас харахад өнгөрсөн жил 1.7 тэрбум квт.цаг буюу нийт эрчим хүчний 19.3 хувийг импортоор авсан. Тухайлбал, өвлийн ачааллын үед импортоор ихэнхи эрчим хүчийг авдаг. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа нь эрчим хүчний бие даасан байдал. Тэгэхээр манай улс өөрсдөө эрчим хүчээ бүрэн үйлдвэрлэдэг, аль нэг улсаас хараат биш байх нь чухал. Тавантолгойн 450 МВт-ын цахилгаан станц, баруун бүсийн 90 МВт-ын усан цахилгаан станц зэрэг эрчим хүчний салбарт төлөвлөгдсөн эх үүсвэрүүдээ ашиглалтад оруулвал импортыг багасгах, цаашид шинэ эрчим хүчний эх үүсвэрүүд барих, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлвэл эрчим хүчний хараат байдлаас гарах бүрэн боломжтой. Гол нь эдгээр ажлуудыг үр дүнтэй, хурдан шийдэж явуулах шаардлагатай. Манай улс эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангахын тулд энэ салбарыг зах зээлийн гольдролд нь шилжүүлэх хэрэгтэй. 
 
-Манай улс нийт хэрэглээний 90 гаруй хувийг дулааны станцууд буюу нүүрснээс, 9.1 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэдэг гэлээ. Дэлхий даяар нүүрсний хэрэглээг багасгаж сэргээгдэх эрчим хүч, өөр төрлийн эх үүсвэрээс эрчим хүч гаргах эрэлд гарчихсан. Манай улсын хувьд ч бас нүүрснээс өөр ямар эх үүсвэр ашиглах вэ гэдгийг одоо ярих хэрэгтэй байх?
 
-Монгол Улс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэгтэй. Энэ хүрээнд сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх хувь хэмжээгээ тодорхой заасан. Тухайлбал, 2023 онд нийт эрчим хүчний суурилагдсан хэмжээний 20 хувь, 2030 он гэхэд 30 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байхаар тодорхойлсон. Гэхдээ зөвхөн суурилагдсан хүчин чадлын хэмжээгээр тооцох биш үйлдвэрлэлийн хэмжээг нэмэх хэрэгтэй. Одоогийн байдлаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал нь 18.1 хувь байгаа бол бодит үйлдвэрлэл нь 9.1 хувь байна. Үүний 7.9 хувь нар, салхи, 1.2 нь усан станцаас үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил сэргээгдэх эрчим хүчний хуулийг шинэчлэхдээ нийт үйлдвэрлэсэн эрчим хүчний 20 орчим хувийг хадгалдах хуримтлуур бүхий станцууд барих шаардлагатай тусгасан. Дэлхий нийтийн эрчим хүчний чиг хандлага ч тийм байгаа. Мөн алтернатив буюу төрөл бүрийн хийн, устөрөгчийн, шингэрүүлсэн түлш зэрэг дэвшилтэт технологийг ашигласан эх үүсвэрийг нэвтрүүлэх шаардлагатай. 
 
-Монголд байгалийн хий, устөрөгчийг ашиглах боломж, нөхцөл нь бий юу. Нөгөө талаар бусад эх үүсвэрүүдээс үйлдвэрлэсэн эрчим хүчний үнэ өндөр байдаг учраас олон нийт татгалзах хандлага байдаг?
 
-2015 онд нар, салхинаас 1083 ТВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн бол 2020 онд 2435 ТВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдсэнийг харуулж байна. Манай улсад нүүрсний давхаргын метан хийн нөөцтэй учраас метаны хийг олборлож ашиглах боломж бий. Энэ талын судалгаа, шинжилгээ, техник, эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлж ажлууд нь хийгдээд эхэлсэн. Мөн устөрөгчийн түлшийг ялган авах техник, технологийг Монгол Улсад нэвтрүүлэх бүрэн боломжтой. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний хэмжээг нэмэхэд усан станц чухал. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад буй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах ёстой. Аливаа усан станцыг барихад олон нийтийн үл ойлголцол, байгаль орчны сөрөг нөлөөллийн асуудал үүсдэг. Жишээлбэл, Тайшир, Дөргөний усан станцыг барихад ч ийм асуудал үүсэж байсан. Усан цахилгаан станц баригдаад эхний хугацаанд тодорхой хэмжээгээр доод талын усан хангамж багасдаг ч үйл ажиллагаа нь тогтворжихоор хэвийн болдог. Мөн нүүрсний цахилгаан станцын хувийг багасгаж бусад төрлийн эх үүсвэрээ ашиглаад эхэлвэл үүнийг дагаад сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээ нэмэгдэнэ.
 
 
 
Сэргээгдэх эрчим хүчний хэмжээг өсгөхөд ачаалал зохицуулалт хурдан хийдэг станц хэрэгтэй. Нүүрсний станц нь технологиосоо хамаарч суурь горимд тогтвортой зохицуулалттай ажиллах чадвар муу байдаг. Тэгэхээр хэрэглээ бага үед эрчим хүчээ хуримтлуулж шаардлагатай үедээ горимоо зохицуулдаг станцууд манай улсад нэн шаардлагатай.
 
 
 
Сэргээдэх эрчим хүчний үнэ тарифын хувьд бол зах зээлийнхээ зарчмаар буураад явна. Шинэ төрлийн ямар ч эх үүсвэр өөрийн үнэндээ өртөгөө нөхөх зардлуудаа тусгасан байдаг.
 
-Дэлхий дахин хүлэмжийн хийг багасгах, уур амьсгалын дулаарлын эсрэг нүүрсний хэрэглээг багасгаж байгаа. Тэгэхээр эрчим хүчний шинэ чиг хандлага юу байна вэ?
 
-Дэлхийн эрчим хүчний ихэнх хэрэглээг байгалийн хийгээр хангадаг. Энэ нь хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэр. Байгалийн метан хийг шингэн хэлбэрт шилжүүлэн хэрэглэдэг технологи юм. ОХУ, АНУ, Австрали зэрэг байгалийн хий олборлодог том орнууд бий. Үүгээрээ дэлхийн эрчим хүчний хэрэглээг хангадаг. Байгалийн хийн нөөц багассанаас дэлхийн эрчим хүчний хямрал эхэлсэн. Эрчим хүчний дараагийн гол эх үүсвэр нь хатуу түлш буюу нүүрс. Хатуу түлшний хэрэглээ дэлхий даяар харьцангуй өндөр байсан ч уур амьсгалын өөрчлөлт, дулаарлаас хамаараад хэрэглээгээ багасгасан. Дэлхийн нүүрсний нийт хэрэглээний 50.5 хувийг БНХАУ, 11 хувийг Энэтхэг улс хэрэглэдэг. Саяхан зохион байгуулагдсан НҮБ-ын хуралдааны үеэр БНХАУ нүүрсний хэрэглээгээ багасгахаа мэдэгдсэн. Тэгэхээр энэ эрчим хүчний хямралыг давах хамгийн гол эх үүсвэр нь сэргээгдэх эрчим хүч, шинэ эх үүсвэрүүд болоод байна. Дэлхийн томоохон орнууд сүүлийн үед устөрөгчийн түлшийг анхааран судалж эхэлсэн. Бага хэмжээний устөрөгчийн түлшээр их хэмжээний энерги ялгаруулах боломжтой. Энгийн орчноос устөрөгчийг ялгаж авдаг учраас онцлогтой. Устөрөгчийг саарал, цэнхэр, ногоон гэж ялгадаг. Хатуу түлшнээс устөрөгч ялгаж авах технологийг саарал. Үүнийг мөн цэнхэр гэж нэрлэдэг. Цэнхэр устөрөгчийн 10-15 хувьд нүүрсхүчлийн хийн ялгарал байдаг. Тэгэхээр сүүлийн ногоон устөрөгчийн технологи эрчээ авсан. Энэ нь эрчим хүчний цаашдын хандлагыг тодорхойлно гэж үзэж байгаа. 
 
-Ногоон устөрөгчийн талаар тодруулахгүй юу?
 
- Манай орон бол сэргээгдэх эрчим хүчний диваажин гэж ярьдаг. Монголд жилийн 300 орчим хоног нартай байдаг. Ялангуяа, Монголын говь бол сэргээгдэх эрчим хүчний уурхай юм. Тэгэхээр ногоон устөрөгчийг Монголд хөгжүүлэх боломж бүрэн бий. Ногоон устөрөгч гэдэг нь нар, салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан электролизийн урвалаар устөрөгчийг гаргаж авах технологи. Энэ бол цэвэр ногоон технологи юм. Жилд 70 сая тонн устөрөгчийг АНУ болон дэлхийн бусад оронд гарган авч байна. Устөрөгчийг хийг жижиг ахуйн хэрэглээнээс эхлээд хүнд үйлдвэр, зэрэг бүх салбарт ашиглах өргөн хүрээгээр ашиглах боломжтой. Тэгэхээр эрчим хүчний салбарыг орчин үетэйгээ хөл нийлүүлж хөгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, зах зээлийн голдрилд нь оруулж, сэргээгдэх эрчим хүч, шинэ техник, технологиудыг дэмжиж нэвтрүүлэх шаардлагатай. 
 
 
Б.Бямбажаргал
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин