sonin.mn
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгээтэй хүүхэд хамгааллын бодлого, түүнийг тойрсон асуудлууд, гэр бүлийн боловсролын талаар ярилцлаа. 
 
Байгууллагынхаа үйл ажиллагааны үндсэн чиглэлийн талаар тодорхой ойлголт өгнө үү? 
 
-Манайх Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм. Өмнө нь Хүүхдийн төлөө хэмээх нэртэй, зөвхөн хүүхдийн асуудал хариуцдаг байлаа. Харин 2016 оноос хойш Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болж өөрчлөгдсөн. Үндсэндээ Монгол Улсын нийт иргэдийн 2 сая орчим нь хүүхэд, залуус байдаг. Тийм болохоор манай байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ төдий чинээ нэмэгдсэн гэсэн үг. 21 аймаг, 9 дүүрэгт салбартай. Хүүхэд, гэр бүл, залуусын гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Миний хувьд залуусын бодлогыг хариуцан ажилладаг болохоор танд энэ талын мэдээллийг түлхүү өгөх байх. Ойрын хугацаанд хэрэгжүүлж байгаа томоохон ажил гэвэл залуусын асуудал хариуцсан төвүүдийг нийслэл, бүх аймагт байгуулж, тэдгээрээр дамжуулан залууст төрөл бүрийн боловсрол олгож байна. 
 
Яг ямар хүнийг залуу хүн гэж ойлгох вэ?
 
-Хуульд 15-34 насны хүнийг залуу хүн гэж тодорхойлсон байдаг нь дотроо өсвөр нас, оюутан нас, идэр нас гэж ангилагддаг.
 
Байгууллага бүр эцэг эхийн зөвлөлтэй байх ёстой юу?
 
-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тогтоолоор Хүүхэд хамгааллын баримт бичгийг 2018 онд баталсан. Тус тогтоолд төр, хувийн хэвшлийн байгууллагуудад Эцэг эхийн зөвлөл байгуулж ажиллах тухай нарийн зааж өгч хуульчилсан. Мөн 2018 онд Залуучуудын хөгжлийг дэмжих хууль батлагдсан. Ер нь манай байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг энэ мэт эрх зүйн орчноор сайтар хангаж өгч байгаад бид баяртай явдаг. Ерөөс улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн, шоронд байгаа ялтан ч тэр ээж аав юм. Энэ үүднээс хүүхдээ аз жаргалтай байлгах нь хэн бүхний үүрэг гэдгийг санаасай. 
Байгууллагын хувьд Эцэг эхийн зөвлөл нь ажлаа тодорхой болгох хэрэгтэй. Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа хүмүүс ар гэртээ анхаарал хандуулж чадаж байна уу, өөрсдөө ч мэдэлгүй хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлээд байгаа юм биш биз гэх мэтчилэн олон талаас нь хамт олноо анхаарч, тэдэнд зөвлөн тусалж, манайхтай холбоотой ажиллах нь чухал юм гэдгийг энд сануулж хэлье. 
 
Тэгэхээр танай байгууллагаар дамжуулаад тийм асуудалтай байгаа хүмүүст зөвлөгөө өгч болох нь ээ?
 
-Тийм, гэхдээ би бодож явдаг нэг зүйлээ хэлье. Иргэн хүн өөрөө хүүхдээ хүчирхийлэхгүй бол, гэр бүлийн амьдралаа зөв төлөвлөөд сурчихвал энэ олон хүүхэд гудамжинд гарахгүй. Иргэн хүн өөрөө хариуцлагатай, гэр бүлийн боловсролтой, хүүхдээ хүчирхийлэлгүй гэр бүлд элэг бүтэн өсгөөд эхэлбэл улс оронд хүүхдийн эрх ингэж их зөрчигдөхгүй. Түүнээс биш төрийн байгууллага бүгдийг шийднэ гэдэг ойлголтоосоо бид салах хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа, 2015 онд бид Ерөнхий боловсролын сургуулиудын орчимд эцэг эхийн эргүүл гэдгийг санаачлаад ажилласан. Энэ санаачилгын үр дүнд ямар олон хүүхдийг зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлснийг та дотроо тунгаан бодоод үз. Төрөөс ямар нэгэн төсөв, зохицуулалт шаардахгүй нийгэмд үр дүнгээ өгч болдог зүйл байна аа гэдгийг харуулж чадсан. 
 
Иргэн хүн бүр хүүхдийн эрхийг хамгаалах талд энэ мэтээр санаачилгатай ханддаг байх нь чухал юм байна ...
 
-Тэгэлгүй яах вэ, гэр бүл нь төвшин сайхан байгаа ээж, аавуудын ажлын үр бүтээмж өндөр байдаг гэдгийг байгууллагын удирдлагууд ойлгох хэрэгтэй. Хүүхэд хамгааллын бодлогогүйгээс хүүхдийн амь насанд хүрсэн жишээ дурдъя. Цэцэрлэгийн эрхлэгч ажилтнаа загнаад хурдан ирэхийг шаардаж л дээ. Гэтэл тухайн ажилтныг ажилдаа ирсний дараа хүүхэд нь гэртэйгээ цуг шатчихсан тохиолдол гарсан. Хэрвээ тэр байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой байсан бол ийм зүйл гарахгүй байсан. Тэр байгууллагын дарга энэ хүн хүүхдээ орхиод ирдэг, тийм болохоор ийм асуудалтай ажилтнуудынхаа хүүхдийг нь хардаг өрөөтэй болгоё, ядаж л хүүхдийн булан тохижуулаад өгчихсөн бол нэг ч гэсэн гэр бүл өнөөдөр хүүхэдтэйгээ элэг бүтэн байх байлаа. 
 
Байгууллага бүр Эцэг эхийн зөвлөлтэй байна гэсэнтэй адил байгууллага бүр хүүхэд хамгаалах бодлоготой байна гэж хуульчилбал зөв юм байна ...
 
-Улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүх шатны дарга, түшмэл, иргэд үүнд анхаарлаа хандуулбал хүүхэд хамгааллын аюулгүй байдлыг бүрдүүлсэн улс болж чадна. Барилга барьж байгаа бол хүүхэд унахаас сэргийлж цонхны ямар хаалт хийх вэ гэж бодож байгаа захирал, инженерээс хүүхэд хамгааллын бодлого эхэлнэ. Ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдох Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн үндэсний чуулганыг угтаад бид бүх салбарт нэгдсэн хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийлээ. Байгууллагууд үүнд идэвхтэй оролцож, чухал санал, санаачилга гаргасанд талархаж байна. 
 
Өнөөдөр ихэнх залуус гэрлэлтээ Гэрлэх ёслолын ордонд хийж чадахгүй байна. Тэгвэл хуримыг нь үнэ төлбөргүй хийгээд өгье л дөө. Бүр гэрлэж байгаа залуу хосдоо ирээдүйд маргалдлаа гэхэд хэрхэн буулт хийх, нөхөр, эхнэр ямар байх ёстой юм гэдгээс эхлээд бүгдийг нь “А-Я” хүртэл нь заагаад өгчихье.
 
Нэг жишээ байна, би хэзээ ч ор хураахгүй, аяга угаахгүй гэж нөхөр нь эхнэртэйгээ маргалдсаар байгаад салж шүүхээр орсон жишээ байна. Гэтэл гэр бүл болохоосоо өмнө чи эхнэртээ тусалж байгаарай, эмэгтэй хүний ажил, хүүхдээ асарна гэдэг ямар хүнд, тэгээд нэр хүндтэй ажил болохыг ойлгоорой гээд тэр хүнд гэр бүлийн боловсрол олгочихсон бол ингэхгүй байсан. Тийм учраас иргэн бүр гэр бүлийн боловсрол гэдгийг чухалд тооцооч ээ. Хүүхдийнхээ хажууд архи ууж, тамхи татаж байгаа бол ирээдүйд хүүхэд чинь мөн л хүүхдийнхээ хажууд тэгнэ гэсэн үг. Үүнийг битгий хийгээч ээ гэж бид хүсэж байна. Хүүхэд бол цагаан цаас, таны толь юм шүү. Мөн хүүхдийнхээ хажууд битгий маргалдаач ээ. Монголчууд эртнээс гэрээсээ хүүхдүүдээ гаргаж байгаад эсвэл хол очиж байгаад маргалддаг байсан уламжлалтай. Энэ дэлхий дээр маргалддаггүй гэр бүл гэж байхгүй. Энэ маргалдааныг хоорондоо сайн ярилцаад хүүхдийнхээ төлөө шийдвэр гаргаж чадах ухамсартай байх ёстой. Хүн бүр л ийм байвал заавал хүүхэд хамгааллын бодлого, хууль байх шаардлагагүй.
 
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар Батлан хамгаалах салбартай хэрхэн хамтран ажиллах вэ?
 
-Бид ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалтай хамтран ажиллах гэрээтэй. Гэрээний хүрээнд нэлээд ажил хийсэн байна. Цаашдаа цэргийн гэрээт алба, хугацаат цэргийн албанд хамрагдаж байгаа залуус болон сонсогчдод гэр бүлийн боловсрол олгоё гэж төлөвлөсөн. Залууст ирээдүйн хадам ээж, аавтайгаа асуудал гарсан тохиолдолд яаж ойлголцох, хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх гээд олон талын сэдвийг хөндсөн асуудлаар ярилцаж, тэдэнд энэ талын мэдлэг өгмөөр байна. 
 
Өнөөдөр танай салбарын удирдлагууд салбартаа ажиллаж байгаа алба хаагчдын хүүхдүүдийнх нь хэдэн хувь нь хөгжлийн бэрхшээлтэй байгааг мэдэж байгаа юу, хэдэн хүүхэд нь гэртээ цоожлогдоод үлдэж байгааг мэдэж байгаа юу, хэдэн хүүхэд нь цэцэрлэг, сургуульгүйгээс болоод хичээл нь завсардаж байгааг мэдэж байгаа юу.
 
Салбарын удирдлагууд ийм зүйлд анхаарах ёстой. Бид ч үүнийг танай салбарын удирдлагуудад байнга уриалж байна. Мөрдэст албанд зүтгэж байгаа хүмүүс ар гэртээ сэтгэл хоёрдолгүйгээр ажлаа хийж чадвал төдий чинээгээрээ Зэвсэгт хүчин хөгжинө, урагш ахина гэж боддог. Гэр бүл нь ч тэр, өөрөө ч тэр жаргалтай байх тийм орчныг бүрдүүлэх хэрэгтэй. 
 
Яагаад Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн бүр хуримын ёслолоо үнэгүй хийлгэдэг байж болохгүй гэж. Үүнийг салбарын бодлого болгоод сайд дарга нараараа дамжуулан хуульчлуулж болно.
 
Та бүхэн Эцэг эхийн зөвлөлөөрөө дамжуулаад БХЯ, ЗХЖШ-таа энэ хүсэлтээ уламжил. Хэрвээ албан ёсоор ийм хүсэлтээ өгвөл манай байгууллага ч хамтран ажиллаж, үнэ төлбөргүйгээр залуу офицер, ахлагч нарын гэрлэх ёслолыг зохион байгуулж өгч болно. Тэгээд ёслолоо архигүй, тамхигүй хийж, залуу үедээ үүнийгээ нийгмийн уриалга болгоод явж яагаад болохгүй гэж. Үүний анхдагч нь цэргийн алба хаагчид та бүхэн байж болно. 
 
Цэргийн алба хаагчид удаан хугацаагаар хилийн чанадад үүрэг гүйцэтгэдэг. Энэ хугацаанд хосууд бие биедээ итгэл алдрах, хардах сэрдэх, бүр салах ч тохиолдол элбэг байна. Үүнээс бид өөрсдийгөө хэрхэн сэргийлэх вэ?
 
-Гэр бүлийн итгэлцлээ нэмэгдүүлэхийн тулд хосууд бие биедээ санаа тавих хэрэгтэй. Мөн анги, байгууллагын сэтгэл зүйчид энд чухал үүрэгтэй. Ажиллагаанд явах гэж байгаа хүмүүстэйгээ уулзаж, гэр бүлийн үл ойлголцол бий болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн даван туулах талд нь мэргэжлийн зөвлөгөө өгөөд явбал ийм асуудал гарах нь багасна. Эцэг эхийн зөвлөл ч үүнд нь дэмжлэг үзүүлж, удирдлага, захирагч дарга нараа энэ талын ажил, арга хэмжээ чухал гэдгийг ойлгуулж байвал сайн. Бүр ажиллагаанд явсан аавуудыг цуглуулаад явах гэж байгаа алба хаагчидтай уулзуулж, тэдний туршлага сургамжийг сонсгож ч болно шүү дээ. Бүсгүйчүүд нь ч уулзаад ярилцаж болно. Салбар бүр гэр бүлийн асуудалдаа идэвхтэй ханддаг сэтгэл зүйтэй болчихвол монголын нийгэм эрүүлжинэ гэж боддог. 
 
Гэр бүлийн асуудалд орсон хүмүүс танайд хандъя гэвэл нээлттэй юу?
 
-Ер нь зөвлөгөө авъя гэвэл тухайн иргэнд гурван үндсэн боломж байна. Хүүхэдтэй холбоотой зөвлөгөөг 108 утсаар байнга өгч байна. Гэр бүлийн зөвлөгөөг мөн утсаар авч болно. Цахим сэтгэл зүйн зөвлөгөөг бид фэйсбүүк хуудсаараа дамжуулан өгч байна. Шаардлагатай бол эвлэрүүлэн зуучлах, шүүхийн шатнаас өмнөх үйлчилгээг манайхаас авч болно. Мөн хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлдэг. 
 
Та ярианыхаа эхэнд “Үл хайхрах хүчирхийлэл” гэдэг нэр ашигласан. Энэ тухай тайлбарлахгүй юу?
 
-Нэг л их өглөө цүнхээ үүрээд ажил руугаа яарсан хүн, орой ирээд л хоол идээд утсаа оролдож байгаад унтаад өгдөг бол та өнөөдөр өөрийгөө үл хайхрах хүчирхийлэл үйлдэгч гэж бодох хэрэгтэй. Тийм болохоор л гэр бүлийн боловсрол чухал гээд байгаа юм. 
 
Залуу гэр бүлүүд маргаанаас хэрхэн зайлсхийх вэ?
 
-Та бүхэн бод доо, хэчнээн тэрбумтан байлаа ч гэр бүл нь аз жаргалгүй байвал хэрэг алга. Түүний оронд гэр бүлтэйгээ, халуун ам бүлээрээ ширхэг талх хуваагаад идэж байгаа нь сэтгэлийн асар том аз жаргал юм. Гэтэл гэр бүл нь маргаанаар дүүрэн байхад хамгийн тансаг рестораны хоол захиалж идлээ ч тэр хоол ямар ч амтгүй. Залуу гэр бүлүүд ярилцах нь чухал. Гэхдээ ярилцаж байна гээд хэрэлдээд байж болохгүй.
 
Маргаантай асуудлуудаа дэс дараатайгаар авч үзэж, нэгдсэн ойлголтод хүрээд явах нь чухал байдаг. Аливаа асуудлыг дарамт болоод хэзээ ч тайлагдахгүй код болохоос нь өмнө ярилцаад бие биеэ ойлгох нь чухал юм шүү. 
 
Та бид үнэндээ принтерээр хэвлэдэг мөнгө хэмээх цаасны төлөө амьдраагүй. Өнөөдөр өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, түүнээсээ аз жаргалыг мэдрэх нь хамгийн сайхан. Амьдралд хэчнээн хэцүү зүйл тохиолдлоо ч гэсэн үр хүүхэдтэйгээ элэг бүтэн оройн хоолоо идэх нь хамгийн том аз жаргал байдаг гэдгийг нэг удаа ч болов та бүхэн эргэцүүлэн бодож, амьдралд талархаж сураарай. 
 
Гэр бүлээ аз жаргалтай болгодог боловсролтой хүн бол нийгмийн хамгийн өндөр боловсролтой хүн. Ханьдаа долоо хоногт нэг удаа сюрприз бариад үз л дээ.
 
Эсвэл захиа бичээд өглөө ажил руугаа явсан ч болно. Зайрмаг ч болтугай авч очоод хайртай шүү гээд тэвэр л дээ. Энэ бол гэр бүлийн боловсролтой хүнээс гардаг үйлдэл юм шүү. Түүнээс биш би чадахаараа хичээж байна, би мөнгө олж байна, би чамайг хайрлаж байна гэж яривал та өөрийгөө ямар ч гэр бүлийн боловсролгүй юм байна гэж бодоорой. 
 
Төгсгөлийн асуултыг танд үлдээе ...
 
-Нийгэмд ялангуяа сошиал сувгуудаар хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, нийгмийн жигшүүрт гэмт хэргүүдийг ямар ч цензургүй мэдээлж байна. Бага насны хүүхдийг тэгж, ингэж хүчирхийллээ гэдэг мэдээг өөр нэгэн гэмт хэрэгтэн нь хараад тийм хэрэг хийх сэдэл төрж байна. Энэ бол бодох л асуудал шүү. Уул нь тийм мэдээ бэлтгэж байгаа сэтгүүлч ч гэсэн ээж юм шүү дээ. Ийм асуудалд мэдрэмжтэй хандаж байгаасай гэж боддог. 
Нөгөөтэйгөөр, бид гэр бүлийн бүх асуудалд орж чадахгүй. Бид гэр бүлдээ зарцуулах цагаа бусдын гэр бүлийн сайн сайхны төлөө зарцуулж яваа жирийн нэгэн төрийн алба хаагчид. Бид айл бүрийн хаалганы үүдэнд очоод гэр бүлийн боловсрол олгоод байх боломжгүй. Тийм болохоор та өөртөө, хүүхдийнхээ төлөө гэж бодоод энэ талын боловсролыг олж авах нь чухал юм шүү. Нийгмийн ажил бол урт хугацааны даоаа үр дүн нь гардаг онцлогтой. Бид хоёрын ярилцлагын үр дүн ч мөн адил. Зуу зуун залуус, цэргийн алба хаагчид энэ ярилцлагыг уншаад гэр бүл ямар чухал зүйл вэ гэдгийг ойлгоосой, үүнийг л би хүсэж байна. 
 
 
Ахмад М.Мөнхзориг
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин