sonin.mn
Харьцангуй цөөн хүн амтай Израиль улс коронавирусний цар тахалд маш хүндээр нэрвэгджээ. Нийтдээ 800 гаруй мянган хүн Ковид-19-ийн халдвар авснаас 6 мянга гаруй хүн нас барсан тул халдварын тархалтыг зогсоохын тулд 3 удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Үүний улмаас эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрчээ. 
Хямралаас нэн даруй гарч, иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд Израилийн эрх баригчид зоримог алхам хийж, 2020 оны 12 дугаар сараас эхлэн бүх нийтийг дархлаажуулах аяныг явуулсны үр дүнд 2 дугаар сарын сүүлч гэхэд хөл хориог аажмаар цуцалж эхэлсэн ба өдгөө тус улс вакцинжуулалтын хурдаар дэлхийд тэргүүлэх болов. Хамгийн сүүлийн мэдээллээр, 9,2 сая хүн амтай Израиль улсын иргэдийн 61,5 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байгаа нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм. Тэгэхээр 14-15-ны өдрүүдэд тэмдэглэх Тусгаар тогтнолын баяраа израильчууд “Коронавирусийг ялсан өдөр” болгохоор төлөвлөсөн бололтой.
 
 
Дархлаажуулалтын аян 12 дугаар сарын 20-нд эхэлсэн бөгөөд эхний ээлжинд халдвар авах эрсдэл өндөртэй 60-аас дээш насныханд вакцин хийж эхэлсэн бол 50-иас дээш насныхан, 16-18 насныхан гэсэн дарааллаар вакцинжуулалтанд хамруулжээ.
 
Ингэхдээ дорх 5 гол зарчмыг баримталсан байна.
 
--Коронавирусний халдвар авсан хүмүүст зөвхөн бүрэн эрүүл болсных нь дараа вакцин хийнэ. Дор хаяж 3 сарын дараа вакцины эхний тунг хийлгэх ёстой.
--Эхний тунг хийлгэсэн хүн Ковид-19-ийн халдвар авсан тохиолдолд бүрэн эрүүл болсных нь дараа хоёрдахь тунг хийнэ.
--Вакцины хоёр тунг хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдолд түүнд дахин вакцин хийхгүй. Тухайн хүн хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэнэ.
--Эсрэг биетийн шинжилгээгээр тухайн хүн өмнө нь халдвар авсан нь тогтоогдвол 3 сарын хугацааг хүлээхгүйгээр нэг тун вакциныг дуртай үедээ хийлгэж болно.
--Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүнээс эсрэг биетийг тодорхойлохын тулд цусны шинжилгээ хийхийг хориглоно. Эсрэг биет их хэмжээгээр байна гэдэг нь вирусний эсрэг найдвартай дархлаа үүссэн гэсэн үг биш.
 
 
Төдий удалгүй 1 дүгээр сард вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн хүмүүст “ногоон паспорт” олгож эхлэв. Уг паспортыг вакцины 2 дахь тунг хийлгэснээс хойш 7 хоногийн дараа олгох ба 6 сарын хугацаанд хүчинтэй. Паспорттай иргэд спорт заал, усанд сэлэх газар, кафе, зоогийн газрууд, театр, кинотеатруудаар чөлөөтэй үйлчлүүлнэ. Мөн зочид буудалд байрлах, спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцохоос гадна рашаан сувилалд явах боломжтой. Израилийн жуулчид Газар Дундын тэнгисийн хөрш орнууд руу аялаад эхэлсэн байна. 3 дугаар сарын 16-наас эхлэн бүх чиглэлд нислэгийг сэргээсний зэрэгцээ Израильд өдөрт 3 мянга хүртэлх тооны зорчигчийг хүлээн авна гэсэн квот тогтоожээ.
Одоогийн байдлаар, өдөрт дунджаар 150-160 мянган хүнд вакцин хийж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яамны мэдээллээр, хоёрдахь тунг хийснээс хойш 2 долоо хоногийн дараа Pfizer/BioNTech вакцины үр дүн нь 95,8 хувьтай байгаа ажээ. Цаашдаа хүн амын 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдсаны дараа “сүргийн дархлаа” үүснэ гэж мэргэжилтнүүд үзэж байна. Харин АНУ-ын зохицуулагч байгууллагаас Pfizer-ийн вакциныг 16-аас доош насныханд хийхгүй байхыг зөвлөжээ.
Израильчууд вакцинжуулалтыг амжилттай явуулж байгаа нь вакцин үйлдвэрлэгч Америкийн Pfizer/BioNTech компанитай онцгой нөхцлөөр байгуулсан гэрээний шууд үр дүн юм. Зарим мэдээллийг үзвэл, Европын Холбооны гишүүн орнуудтай харьцуулахад Израиль улс файзер вакциныг 2 дахин өндөр үнээр худалдах авахаар тохиролцжээ. Тодруулбал, ЕХ-нд 12 еврогоор нийлүүлж буй вакциныг израильчууд 23 еврогоор худалдан авч байгаа учраас Америкийн компани эхний ээлжинд Израильд вакцинаа нийлүүлж байгаа аж. Үүнээс гадна, гэрээнд заасны дагуу вакцинаас үүдэн ямарваа сөрөг нөлөөлөл гарвал хариуцлагыг Израиль улс өөрөө хүлээх ёстой. Гэтэл европчууд хариуцлагыг үйлдвэрлэгч компанид үүрүүлэхийг оролдож байгаа аж. Өөр нэгэн чухал тохиролцоо бол, Израиль улс вакцинжуулалтын явцын талаарх бүхий л мэдээллийг /вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн нас хүйс, өвчлөлийн тоо гэх мэт/ долоо хоног бүр Pfizer компанид өгч байх ёстой.
 
 
 
 
Израилийн эрүүл мэндийн тогтолцоо бүрэн цахимжсан учраас вакцин үйлдвэрлэгч компани асар их мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч байна. Энэ бол тус компанийн хувьд асар үнэ цэнэтэй өгөгдлүүд бөгөөд үүний хариуд Израилийн хүн амын 95 хувьд хүрэлцэх хэмжээний вакциныг давуу нөхцлөөр тасралтгүй нийлүүлэхээр тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, Пфайзер компани асар том туршилтын талбартай болжээ гэсэн үг. 
 
 
 
Үүний дараа Ерөнхий сайд Б.Нетаньяху, Эрүүл мэндийн сайд Й.Эдельштейн нар хамгийн богино хугацаанд вакцинжуулалтыг хийж дуусгана гэдгээ иргэддээ амалсан байна. Вакцин нийлүүлэлтийг хурдавчлахын тулд эрх баригчид цөхрөлтгүйгээр оролджээ. Б.Нетаньяху гэхэд, Pfizer-ийн ерөнхий захирал Альберт Бурла руу 30 удаа, заримдаа бүр шөнө дунд 03 цагийн үед утасдаж, янз бүрийн асуултаар булж байсан гэнэ.
 
 
Вакцинжуулалтад хамрагдах эсэх нь сайн дурын хэрэг боловч иргэдийг вакцинжуулалтын цэгт ирүүлэхийн тулд бүхий л шаардлагатай арга хэмжээг авна гэдгээ эрх баригчид шулуухан мэдэгджээ. Эрүүл мэндийн сайд хэлэхдээ “татгалзаж, хойш сууж байгаа хүмүүс тодорхой үйл ажиллагаа эрхлэх боломжгүй” гэж анхааруулжээ. Өөрөөр хэлбэл, цаашдаа  вакцин хийлгээгүй ажилтнууд ажлаасаа халагдах магадлал өндөр болох нь гэдгийг хүний эрхийг хамгаалагчид, үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд анхааруулж байна. Вакцин тариулаагүй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн актууд батлагдаагүй байгаа учраас ажил олгогчид өөрсдийн дүрэм журмыг тогтоогоод эхэлжээ. Тухайлбал, Иерусалим хот дахь Intel Mobileye компанийн салбар гэхэд, энэ сарын 4-нөөс эхлэн тогтоосон журмын дагуу, вакцин хийлгээгүй ажилтан ажилдаа ирэхдээ сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн шинжилгээний сөрөг хариуг авчрах ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Баримжаа тооцоогоор, компаниудын нийт ажилтны 10 орчим хувь нь вакцин хийлгээгүй байх магадлалтай гэнэ.
 
Вакцинжуулалт амжилттай явагдаж байгаа хэдий ч тариулах хүсэлгүй хүмүүс олон бий. Тодруулбал, Израильд вакцин хийлгэх сонирхолгүй 16-аас дээш насны 650 мянган хүн байна гэдгийг тооцжээ. Тэдний дотор хэт хуучинсаг үзэлтэй /ультраортодокс/ еврейчүүд олон байгаа аж. Тэд коронавирусний халдварт хамгийн ихээр өртсөний учир нь эрх баригчдын авч буй арга хэмжээг эсэргүүцэн зөрүүдэлж, өөрсдийн удирдагчид болох раввинуудын хэлсэн үгийг дагасантай холбоотой. Харин Б.Нетаньяху раввинуудад хандан хуучинсаг үзэлтнүүдэд нөлөөлөхийг уриалсны дараа халдварын тархалт саарч эхэлсэн байна. Ортодокс үзэлтнүүд хуучин загварын “Нокиа” гар утас хэрэглэдэг тул тэдэнд “ногоон паспорт”-ыг цахим хэлбэрээр илгээх боломжгүй, иймээс цаасан дээр хэвлэн өгч байгаа гэнэ.
Сайны хажуугаар саар гэгчээр вакцинжуулалтын аяны явцыг зарим иргэд янз бүрийн өнцгөөс дүгнэж байна. Израильчууд туршилтын туулай боллоо, вакцинжуулалт бол Нетаньяхугийн сонгуулийн кампанит ажлын нэг хэсэг, вакцин хийлгээгүй хүмүүсийг ялгаварлан гадуурхах хандлага бий боллоо гэсэн шүүмжлэлүүд тасрахгүй байгаа юм.
 
 
Б.Адъяахүү