Налгар намрын өдрүүд ард үлдэж цав цагаахан өвөл асуй. Хөл доор хөглөрөх шаргал навчис, анхны цасаар сэмхэн хучигдлаа. Хүн бүхний сэтгэлд гэгээ нэмж ирсэн анхны цасны мэндийг уншигчиддаа хүргэж байна.
Анхны гэхэд буруудахгүй цас бидэнд өнөөдөр танд уур амьсгалаа бэлэглэе, удахгүй тачигнана шүү гэх шиг уудам талыг цэмцийлгэн цавцайна.
Энэ өглөө хэдийгээр бүүдгэр, жиндүү байсан ч анхны цасыг хүн бүхний сэтгэлд гэгээ татна. Хөгшин залуугүй цас, цас хэмээн уулга алдаж цаанаа л нэг хөнгөн баярт автах нь туйлын аз жаргалтай харагдана. Яагаад ч юм энэ үед бид өвөлд бэлэн үү гэх бодролд автав.
Ийн бодролдоо автах зуурт хэдэн зуун оюутныг өнтэй өвөлжүүлэх 1000 оюутны байр барина хэмээн цээжээ дэлдэж байсан МОХ болон УИХ-ын хэдэн гишүүдийн яриа санаанд харвав.
Дээд эрдэмд шамдах залуусын дийлэнх нь хөдөө орон нутгаас их хотыг зорих залуус байдаг ч өдгөө эдгээр залуусын хувьд дотуур байрны бараа харна гэдэг өдрийн од болсон гэхэд хилсдэхгүй биз.
МОХ-ын санаачлагаар 1000 оюутны байр барих нь цагаа олсон гэдэг ч тэсгэм өвөл айлчилсан өнөө үед тэнгэрт суунагласан байр тусыг эс олов.
Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 100 орчим их дээд сургуульд 160 гаруй мянган оюутан суралцаж буй бөгөөд жил бүр хөдөө орон нутгаас 30-35 мянган оюутан ирж, 43 оюутны дотуур байранд ар өврийн элдэв арга сүвэгчлэн ганц умгар өрөөнд суудаг аж.
Нэгдүгээр курсийн оюутнууд ногоон гэрлээр шууд л дотуур байранд ордог. Харин үлдсэн оюутнуудын хувьд азын сугалаа сугалахтай л адил. Гэвч сугалаанд аз таарсан нэгнийг тийм ч таатай орчин угтахгүй.
Умгар, зэвхий даасан хүйтэн өрөө, хэдэн жилийн тэртээх төмөр ор, халцарч муудсан модон шал, салхи сийгсэн цонх. Гэтэл өнөөдөр дотуур байрны энэ тоо хаанаа ч хүрдэггүй бөгөөд дотуур байранд орж чадаагүй залуус тэнгэрт хадсан байранд хажуу айлын дарамтанд амьдрахаас өөр аргагүйд хүрдэг.
Энэ асуудал дээр төрөөс дорвитой арга хэмжээ авахыг би лав үзсэнгүй. Удтал дуншиж, ганц байр барихаар болсон ч өнөөх улсын комисс гэгч нь аваагүйгээс төдийгөөс өдийг хүрсэн байх нь хачирхалтай. Угтаа бол бэлэн болсон барилгыг шалгах ёстой бүх асуудлыг шалгаж, толгой хорогдох оронгүй хэдэн оюутнуудаа эртхэн сууцтай болговол хожим нь үрээ өгөх цэцэгтэй адил баймаар.
Учир мэдэх нэгний өгүүлж буйгаар барилгын компанийн зүгээс ямар ч асуудалгүй барилга барьсан боловч БШУЯ-ы барилга захиалагчийн алба болон тус байрны захирлаар томилогдсон гэх н.Болормаа нар улсын комиссоор оруулах ажлыг удааж буй гэх юм, сайд аа. Энэ асуудалд анхаарал хандуулахгүй бол хэдэн оюутнууд маань осгох нь.
Угтаа бол тус байрыг улсын комисс өнгөрсөн есдүгээр сард хүлээж авах ёстой байсан ч учир битүүлэгээр улсын комиссын сураг тасарсан байх нь анхаарал татаад болдоггүй. Асуудлыг тэргүүнд шийдвэрлэж, зохицуулж хариуцах ёстой БШЯ-ы барилга захиалагчийн алба гараа хүлүүлж, амаа үдүүлсэн мэт таг дүлий суух нь асуудал хөндөхөд хүргэв.
Сийрүүлбэл, уг байрыг СЭЗДС-ийн дотуур байрны ойролцоо, МУБИС-ийн II болон ЭМШУИС-ийн I байрны дунд 500 оюутны багтаамжтай хоёр дотуур байрыг “Хөхий хан”, “Хөвсгөл геологи” ХХК барьсан аж. Эл мянган оюутны байр нь давхар бүртээ долоо өрөөтэй. Өрөө бүр нь дотроо хоёр тасалгаатай учир давхартаа 14 өрөө бүхий юм. Нэг өрөөнд том жижгийнх хэмжээнээс хамаараад хоёроос дөрвөн оюутан суух боломжтой байхаар төлөвлөсөн аж.
Хоёр өрөө дундаа нэг ариун цэврийн өрөө, душ болон гал тогоотой байх гэхчилэн олон давуу талтай. Өдгөө тус байр будаг нь ханхалсан шинэ өргөөндөө оюутнуудаа хүлээн авахаар бэлэн болсон бөгөөд МОХ-ын зүгээс шаардлагатай бүх зүйлийг хангасан ч оюутнуудаа хүлээн авч чадахгүйд хүрчээ.
Учир мэдэх нэгний өгүүлж буйгаар байрны асуудлыг “гацаанд оруулагч” нь тус байрны захирлаар БШУЯ-ы томилогдсон н.Болормаа гэгч ажлаа хийхгүй цалгардуулснаас болж буйг онцлов.
Угтаа бол тус байрны асуудлаар МОХ-ын зүгээс арга хэмжээ авахыг удаа дараа шахаж, шаардаж, хэвлэлд хүртэл хандсан ч утсаа авахгүй зугтаж, дорвитой шийдвэр гаргаагүй өдийг хүрчээ.
Манай сонины уншигчийн бидэнд өгсөн мэдээллээр тус захирал Ховд аймгийн Мөст суманд цэцэрлэгийн багшаар ажилладаг байжээ. Тийм дээ ч тэр үү, байрны асуудлыг анхаарч үздэггүй бололтой. Бичигч миний бие уншигчиддаа үнэн бодит мэдээлэл хүргэхээр зэхэж, тус байрны захиралтай холбогдох гэсэн боловч утсаар тийм хүн байдаггүй гээд шууд таслав. Барилга захиалагчийн албанынхан ч хариу эс өгөв.
Албаныхны хэлж буйгаар халуун дулаан, цэвэр бохир усны төсвийг БШУЯ-ы Барилга захиалагчийн албанынхан зохицуулчихвал 900 гаруй оюутан залуус дулаахан өвөлжих болно гэв.
БШУЯ-ы сайд аа, МОХ-ы зүгээс оюутнуудаа бүртгэх, хувиарлалт хийх ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэх юм. Тэгэхээр энэ мэт асуудлыг шийдчихвэл 900 гаруй оюутнууд өндөр үнэтэй байранд хажуу айлын дарамт, байрны төлбөр, унааны зардалд илүү зарлага гаргах шаардлага гарахгүй шүү дээ, сайд аа.
Энэ асуудлыг анхааралдаа авч нэн тэргүүнд шийдэхгүй бол болдоггүйдэг шүү, яамнынхаан.
Ж.Эрдэнэчимэг
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Хөлдөөд осгоод үхэхгүй юу? Өнгийн Ардчилсан нийгэмд хэн яаж үхэх нь ер хамаагүй болсныг мэдэх үү?