
ТОКИО, 2024 оны нэгдүгээр сарын 30 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч Toyota Motor компани 2023 онд автомашины борлуулалтаар бусад автомашин үйлдвэрлэгчдийг дахин ардаа орхилоо. Тус компани чипний хомсдол намжихтай зэрэгцэн үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр автомашины борлуулалтаараа дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлжээ.
Toyota компани өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд хамгийн олон буюу 11.23 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 7.2 хувиар өссөн байна. Үүнд тус группийн жижиг машин үйлдвэрлэгч Daihatsu Motor болон ачааны машин үйлдвэрлэгч Hino Motors-ыйн үйлдвэрлэсэн автомашинууд багтжээ.
Харин Германы Volkswagen компани 2023 онд 9.24 сая автомашин борлуулсан байна. Toyota-гийн хувьд өмнөх дээд үзүүлэлтэд 2019 онд хүрч байсан ба 10.74 сая автомашин борлуулж байв. Тус компани өнгөрсөн онд дэлхий даяар 11.52 сая автомашин үйлдвэрлэсэн нь 8.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ийнхүү өсөхөд Япон, Хойд Америк, Европт эрэлт нэмэгдсэн нь нөлөөлжээ. Toyota дангаараа дэлхий даяар 10.31 сая автомашин борлуулсан нь өмнөх оныхоос 7.7 хувиар өссөн бол үйлдвэрлэл нь 11.1 хувиар өсөж, 10.03 саяд хүрсэн байна. Ингэснээр компанийн эдгээр үзүүлэлт түүхэндээ анх удаа 10 саяын босгыг давжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Япон Германы машин дэлхийд хамгийн шилдэг бусад улсынх зүгээр л хог
Тоёота унавал Толгой өөдрөг явнаа