sonin.mn

"Бизнес, хөгжил" булангийн энэ удаагийн дугаарт Эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлэгч “BIB Discovery Energy” компанийн ерөнхий захирал С.Болорбайгалийг урьж ярилцав.

 

- BIPV /Building-Integrated Photovoltaics/ технологи нь эрчим хүчний хараат бус бие даасан хэрэглээний шийдлийг Монголд нутагшуулж, эрчим хүчний хэмнэлт хийх түүнчлэн ногоон амьдралын хэв маягийг ойлгуулахыг зорьж байгаа гэсэн. Үүнээс яриагаа хэлэх үү?


-“BIB Discovery Energy” ХХК байгуулагдсан цагаасаа Монгол Улсын ногоон хөгжлийн бодлоготой уялдан, сэргээгдэх эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлэх зорилт тавьж ажиллаж ирсэн.


Өнөөдөр бидний хэрэгжүүлж буй BIPV (Building-Integrated Photovoltaics) шийдлүүд нь зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх төдийгүй, шинэ ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэх суурь болж байна.


Өөрөөр хэлбэл, барилгын материалд суурилагдсан нарны цахилгаан үүсгүүрийг Монголын зах зээлд нутагшуулж, архитектурын цогц шийдэл болгож байгаагаараа онцлогтой. Энэ хүрээнд ногоон барилга байгууламжийн шийдлээрээ Монголын барилгын салбарт ногоон хувьсгалыг түүчээлнэ. Үүний хүрээнд, орон сууц, хаус, хүлэмж, оффисын барилгуудад BIPV технологи нэвтрүүлснээр ногоон барилгын баталгаажуулалтын шинэ тогтолцоог бий болгож байгаа гэсэн үг. Мөн олон улсын жишигт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй барилгын төсөл хэрэгжүүлэх ажлуудыг гүйцэтгэж байна. Энэ үйл ажиллагаа нь зөвхөн эрчим хүчний хэмнэлт төдийгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж, ирээдүйн зах зээлийн шинэ жишгийг тодорхойлох зорилготой. Шинэ технологийг нутагшуулахын тулд “Ногоон отог” эко тосгон, “Great Khan-Green Villa” хотхон зэрэг бодит төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.Эдгээр санаачилгууд нь эрчим хүчний бие даасан байдлыг бий болгож, ирээдүйн амьдралын шинэ хэв маягийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм.


Тухайлбал, BIPV технологийг зөвхөн нэг байшин бус цогцолбор байдлаар нутагшуулахаар кластер тосгон буюу “Ногоон отог” төслийг эхлүүлээд байна. Төслийн хүрээнд 20-50 өрхийг бие даасан BIPV сэргээгдэх эрчим хүчтэй эко тосгон болгох юм.


Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын загвар байшин, гэр хороолол,зусланд бие даасан цахилгаан, дулаантай байшингуудын төслийг эхлүүлээд байна. Эдгээр нь Монголд бие даасан эрчим хүчний хэрэглээг бодит жишээгээр харуулж буй туршилтын болон загвар төсөл юм. Мэдээж манай компанийн үндсэн үйл ажиллагаа BIPV бүтээгдэхүүн нийлүүлэлт, борлуулалт. Барилгын гадна хананд бүрэн суулгасан шилэн фасадын материал нь тунгалаг болон өнгөт шилээр хийгдсэн тул цахилгаан үйлдвэрлэхийн зэрэгцээ архитектурын гоо зүйг нэмэгдүүлж хотын төвийн өндөр барилга, оффис, худалдааны төвүүдэд тохиромжтой байдгаараа онцлогтой. Мөн энгийн дээврийн материалыг орлох BIPV шил нь барилгын дээвэр болон цахилгаан үүсгүүрийн үүргийг зэрэг гүйцэтгэнэ.Түүнчлэн усны хамгаалалт, дулаан тусгаарлалтыг бүрэн хангаж, орон сууц болон хаусны зах зээлд онцгой давуу талтай. Тодруулбал, тунгалаг BIPV шилэн цонх нь нарны гэрлийг шүүж, шингээгээд цахилгаан, дулаан болгон хувиргадаг. Ингэж эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ дотор орчны гэрэлтүүлэг, дулаан дамжуулалтыг зохицуулдаг ухаалаг шийдэл бүхий цогц материал.


Мөн хүлэмжийн дээвэр болон хананд BIPV хавтан ашигласнаар ургамлын өсөлтөд шаардлагатай гэрлийн спектр (spectrum) буюу задралыг нэвтрүүлж, үлдсэн гэгээгээр цахилгаан болгон хувиргаж дулаан үйлдвэрлэдэг.


Энэ нь ялангуяа хөдөө аж ахуйн салбарт эрчим хүчний зардлыг бууруулах, бие даасан ногоон үйлдвэрлэлийг бий болгоход чухал ач холбогдолтой.Түүнчлэн ландшафт ба гадна тохижилт байгууламжийн шийдэл нь цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоолын сүүдрэвч, явган хүний зам, гадна талбайн чимэглэлд суурилуулж болно. Ингэснээр, эрчим хүч үйлдвэрлэхийн зэрэгцээ хотын орчны дизайн,тохижилтыг нэмэгдүүлж, ухаалаг хотын нэг хэсэг болж өгөх зэрэг олон талын ач холбогдолтой технологи.


- Нэг өрх хэдэн BIPV хавтангаар асуудлаа шийдэх боломжтой вэ?


-Орон сууцны нэг айл 4к/ватт орчим эрчим хүч хэрэглэдэг бол хувийн байшин, орон сууцтай айл түүнээс хоёр дахин их эрчим хүч хэрэглэдэг гэж тооцвол нэг айлд 10 орчим шилэн хавтан байхад өөрийнхөө эрчим хүчийг бие даан шийднэ гэсэн үг. Мөн илүү гарсан эрчим хүчээ хуримтлууртаа хуримтлуулаад бусдад түгээх ч боломжтой.


Түүнчлэн орон сууцны гадна фасад, дулаалгад ашиглахын зэрэгцээ 25 давхар орон сууцыг уг материалаар дулаалахад өдөртөө 2.5 м/Ватт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, дулаалгын шилэн/120x160/ хавтан нэг к/ватт эрчим хүч үйлдвэрлэдэг.


Ер нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн хийг бууруулахад бүх төрлийн барилгын фасад, дээврийг зөвхөн архитектурын элемент бус эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглаж цэвэр эрчим хүчээр цахилгааны хэрэглээгээ шийдэх боломжтой. Энгийн фасад, цонхны үнээс хоёр дахин өндөр үнэтэй хэдий ч шинээр ногоон орон сууцаа энэ технологийн хавтангаар барих тохиолдолд 70 орчим хувийн хэмнэлт хийнэ гэсэн үг. Учир нь та цахилгаан, дулаанд мөнгө зарцуулахгүй.


-Манайд танайх шиг ногоон барилгын стандартыг нэвтрүүлж буй хэчнээн компани байна вэ? 


-Ногоон барилгыг хөгжүүлж захиалгаар нийлүүлж буй 40 орчим компани бий. Иргэдийн хүсэлтийг Долоон буудалд байрлах Амины орон сууц инновац хөгжлийн төвөөр дамжуулан захиалга авах нэгдсэн цэг үүсгэхээр ажиллаж байна. Цэг дээр ирсэн захиалгыг нэгтгэж үйлдвэрээсээ материалаа татна. Хятадын баруун урд эрэгт орших Чиндүн хэмээх нарны тусгал багатай хотод үйлдвэр байрладаг. Учир нь VII үеийн технологи энэ хотоос эхтэй. Уг хотод нарны гэрэл маш бага тусдаг. Уг технологийг нээсэн эрдэмтдийн шинжлэх ухааны тооцоолол, томьёогоор бол цахилгаан, дулаан үйлдвэрлэх үзүүлэлт нь маш доогуур юм билээ. Харин Монгол Улсад уг технологийг нэвтрүүлснээр нарны гэрлийн тусгал илч ихтэй учраас тэдний тооцооллыг өндөр болгож буй тухай ярьж байгаа. Бид монгол гэр болон үүдний “тамбар” зэрэгт уг технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.


-Ер нь ногоон технологиор барилга байшин барихад зардал өндөр учраас тэр бүр нэвтрүүлэхэд хүндрэлтэй. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бол?


-BIPV хавтан технологи нь гэр хорооллын утааг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, шинэ эко-хотуудын суурь дэд бүтэц болж өгч байна. Хот байгуулалтын төслүүд (“Ногоон отог”) нь “Ногоон барилга, дэд бүтэц” ангилалд багтаж, ногоон зээл, хөрөнгө оруулалт татах үндэс болж байна. Ингэснээр бид зөвхөн бизнесийн хувьд амжилттай байхын сацуу Монгол Улсын албан ёсны бодлогын баримт бичгүүдтэй уялдсан, ногоон хөрөнгө оруулалтад итгэл төрүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард бид анх энэ технологио танилцуулж улмаар ногоон санхүүжилтийг хэрхэн шийдэх талаар ярьж байсан. Үүнээс хойш ногоон зээлийн хүүг 15.6 хувиас нэг оронтой тоо руу оруулж жилийн 8-9 хувийн хүүтэй болгох шийдвэрийг гаргахад нөлөөлж ажилласан. Тухайн үед Монгол Улсад энэ технологи нэвтэрч эхлээгүй. Өртөг өндөр байсан.Тиймээс холбогдох салбар яам, бусад төрийн байгууллага, банк, санхүүгийн байгууллагад хандсан.


Мөн хууль эрх зүйн хүрээнд нөлөөлж ажилласнаар өнгөрсөн долоодугаар сарын 03- нд Монгол банк шийдвэрээ гаргаж Монгол Улсад ногоон зээлийн хүү 8-9 хувь байхаар тогтсон. Тэгэхээр бид технологиор дамжуулан санхүүжилт, ногоон зээлийн хүүг бууруулж ажилласан нь бидний амжилт.


Энэ хүрээнд бид ногоон зээлийн эх үүсвэртэй Хөгжлийн банк, Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын корпорацуудтай гэрээ хийсэн. Ингэснээр манай BIPV технологийг ашиглах бол ногоон зээл саадгүй гарах боломжтой болсон гэсэн үг. Энэ шийдвэр гарснаар барилгын компаниуд болон өрх бүр өөрийнхөө газар, хашаандаа барих барилга, амины сууцаа цэвэр эрчмээр шийдэх боломжийг олгож байна. Өөрөөр хэлбэл, манай BIPV бүтээгдэхүүн, төслүүд нь “Цэвэр эрчим хүч” ангиллын шаардлагад бүрэн нийцсэн Евро стандарт –“TUV Nord” ногоон гэрчилгээтэй. Карбон кредитийн тооцоо, арилжаа нь “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ” ангилалд хамаардаг гэдгээрээ Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Ногоон таксономи” нь ногоон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн чиглэлийг тодорхойлсон үндсэн баримт бичигтэй уялдсан.


-Энэ технологи Хятадаас өөр улсад бий юу?


- Уг технологи АНУ-д 1980- аад оноос эхтэй. Гэхдээ газрын ховор элемент болох хүнд металл ашиглагдсан учраас нууцын зэрэгтэй. Зөвхөн Батлан хамгаалах салбарт ашиглаж байсан байна. Харин Хятадын инженерүүд АНУ-д суралцсанаар ийнхүү өөрийн оронд нэвтрүүлсэн юм билээ. Гэхдээ Хятадууд хүний биед болон байгаль орчинд ямар ч сөрөг нөлөөгүй байх өргөн хэрэглээнд нэвтрүүлэх хөгжүүлэлтийг хийсэн.



Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин