sonin.mn

Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол болох гурван сая гаруй төгрөг, хүүхдийг долоон нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16 сая нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн байна. 


Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.


Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3.6 сая төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэжээ. Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.


"СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫН ТӨЛБӨРИЙГ ТАВДУГААР ЗЭРЭГЛЭЛЭЭР ТОДОРХОЙЛОХ ЖИШИГТЭЙ БОЛСОН"


Дээрх хэргийн кейстэй холбогдуулан өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос хууль зүйн хүрээнд зөвлөгөө мэдээлэл авсан юм. Тэрээр "Эрүүгийн хуулийн тустай ангийн 27.10 дугаар зүйл буюу Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зорчих гэмт хэрэг" гэж заасан байдаг бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч хедөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.


Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Энэ төрлийн гэмт хэрэг нь болгоомжгүй байдлын улмаас үйлдэгддэг. Тухайн гэмт хэрэгт хандах сэтгэхүйн хандлага нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн хурдны зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрүүлж байгаа нь хууль бус болохыг мэдэж байгаа ч энэ үйлдлийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг гаргахгүй байж чадна гэдэгтээ найдаж хурд хэтрүүлэн осол гаргадаг.


Мөн хүний анхаарал болгоомж алдагдах буюу жолоо барихдаа өөр зүйлд анхаарал сарниулах, тээврийн хэрэгслийн хурдийг зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрүүлэх, архи согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бэлдмэл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох нь тухайн гэмт хэрэг гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.


Мөн чанаргүй авто замын барилга байгууламж, тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал ч тухайн гэмт хэргийн гаралтад нөлөөлөх боломжтой. Өгөгдсөн кейсын хувьд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө болсон тохиолдол гэж харж байна. Учир нь 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ний өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох болсон. Ингэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 84 төрлийн /зарим төрлийн гэмт хэрэгт сэтгэл санааны хохирол тооцогддоггүй/гэмт хэрэгт сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжтой болсон.


Харин үүнээс өмнө эдийн бус гэм хорийг арилгахтай холбоотой хуулийн зохицуулалт байсан ч түүнийг хэрэгжүүлэхэд хуулийн хэрэглээ болон шүүхийн практик тогтоогүй байсан. Иймээс тэр бүр сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож олгодоггүй байсан.


Сэтгэл санааны хохирлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээмэл доорх 84 дөрлийн гэмт хэрэгт холбоотой ажиллагаа хийж байгаа бол шүүх шинжилгээний хуульд заасны дагуу тусгай мэргэжлийн шинжээч сэтгэцэд учирсан хор уршгийг хөнгөнөөс хүнд рүү 1-5 дугаар зэрэгт хуваасан ангиллаар тодорхойлдог. Шүүхээс тухайн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг үндэслэн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлээс хамаарч хохирогчид сэтгэл санааны хохирлыг мөнгөн дүнгээр тооцож олгодог. Харин хүний амь нас эрсэдсэнтэй холбоотой сэтгэл санааны хохирлын төлбөрийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэглэлээс үл хамаарч хамгийн хүнд буюу тавдугаар зэрэглэлээр тодорхойлох жишигтэй болсон" гэв.




Чулуунхүү БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин