sonin.mn


МҮОХ-ны дэргэдэх салбар комиссуудын үйл ажиллагаа идэвхжиж буйтай холбоотойгоор И-спорт, тулааны болон оюуны спортын комисс анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгууллаа.

Тус комисс нь зөвлөмж гаргах, мэргэшсэн оролцоог хангах, хяналт хэрэгжилтийг дэмжих, мөн тухайн чиглэлүүдийг хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд МҮОХ-ны гишүүд болон мэргэжлийн холбоодын төлөөллөөс бүрдсэн байна.


И-спорт, тулааны болон оюуны спортын комиссын даргаар МҮОХ-ны гишүүн, Монголын Таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч С.Ган-Эрдэнэ ажиллах юм. 


Хуралдаанаар:

• И-спортын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга сонсож, 

• 2026 оны 11–12 дугаар сард Саудын Арабын Рияд хотноо зохион байгуулагдах Танхимын болон тулааны спортын наадмын талаарх мэдээлэл танилцуулж, 


• Цаашид И-спортыг бодлогын түвшинд хэрхэн хүлээн зөвшөөрөх, хөгжүүлэх талаар санал солилцлоо. 


Энэ үеэр Монголын электрон спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга А. Амаржаргал И-спортын хөгжлийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Хуралдааны дүнд И-спортын хөгжлийг дэмжих, холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашид бодлогын түвшинд судалж, үе шаттайгаар хүлээн зөвшөөрөх чиглэл баримтлах нь зүйтэй гэж үзлээ.

Цаашид тус комисс нь И-спорт, тулааны болон оюуны спортын хөгжлийг дэмжих, бодлогын орчныг бүрдүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах юм.