sonin.mn

БНХАУ-д 2026 оны тавдугаар сарын 2-3-нд “Youth Children Taekwondo Fighting Series-2026” бага нас, өсвөр үе, залуучуудын ангиллын олон төрөлтийн тэмцээн зохион байгуулагдсан юм. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцож долоон алтан медалийн эзэн болсон Орхон аймгийн “Эрдэнэт таеквондо холбоо”-ны тамирчин, Эрдэнэт хотын ерөнхий боловсролын 14 дүгээр дунд сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Цогт-Эрдэнийн Маралжингоог “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин”-оор урьж, ярилцлаа.

 

-Таеквондогийн спортын юу нь илүү татаж, ирээдүйн сонирхлоо болгоход нөлөөлсөн бэ?


-Би Орхон аймгийн Эрдэнэт хотод төрсөн. Багадаа их хөдөлгөөнтэй, үргэлж гүйж тоглодог, шинэ зүйл туршиж үзэх дуртай, нэг газраа тогтож суудаггүй хүүхэд байсан. Тэр зан чанар маань спортод дурлах, өөрийгөө байнга сорих эхлэл болсон гэж боддог. Би таеквондогийн спортоор гурав дахь жилдээ хичээллэж байна. Ер нь багаасаа спортод сонирхолтой байсан. Таеквондо нь зөвхөн биеийн хүч хөгжүүлэхээс гадна сахилга бат, тэсвэр тэвчээрийг давхар төлөвшүүлдэг нь надад их таалагдсан. Тиймээс энэ спортыг сонгож, тууштай хичээллэж эхэлсэн. Одоогоор таеквондогийн спортын дэд мастер цолтой. Миний багш бол Орхон аймгийн “Эрдэнэт таеквондо холбоо”-ны багш, дасгалжуулагч ОУХМ Б.Хосхөлөг.


-Тулаанаас өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу? 


-Таеквондогоор хичээллэхээс өмнө спортын гимнастикаар багагүй хугацаанд хичээллэсэн. Гимнастикийн ОУХМ О.Цэрэндулам багшийн удирдлага дор I-IX анги хүртлээ найман жилийн тасралтгүй уран сайхны болон аэробик гимнастикаар хичээллэсэн. Мөн гурван жилийн хугацаанд латин америк, цэнгээнт бүжгээр хичээллэж байсан.


–Танай гэр бүлд чамаас өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?


-Нэг дүү маань таеквондогоор, дунд дүү маань жүдо бөхөөр хичээллэдэг.

-Таеквондогоос гадна өөр тулааны спортоор давхар хичээллэдэг үү?


-Үгүй ээ. Одоогоор, зөвхөн таеквондогийн спортоороо дагнан хичээллэж байна.


-Таеквондо болон бусад спортоор гаргасан амжилтаасаа хуваалцахгүй юу?


-Хамгийн том амжилтуудаасаа дурдвал, 2018 оны уран сайхны гимнастикийн УАШТ-ий хүрэл медальтай. 2022 оны уран сайхны гимнастикийн УАШТ-ий алтан медальтай. 2025 онд "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарч байсан. Харин таеквондогийн төрөлд Монгол Улсын “Спортын дэд мастер” цолыг 2026 онд хүртэж, таеквондогийн пүмсэгийн төрлөөр УАШТ-ий ганцаарчилсан “freestyle” төрөлд мөнгөн медаль хүртэж байсан.


Мөн 2025-2026 онд “Hangzhou Taekwondo Grand slam Youth league elite championships” тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрлийн алтан медальтай. Тулааны 45 кг-ын жинд мөнгөн медаль авсан. 2024-2025 онд “Hancheng Grand slam” тэмцээний тулааны 46 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн.


БНХАУ-д зохион байгуулагдсан “Youth children taekwondo series tour 2025” тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрөлд алтан медаль, тулааны 47 кг-ын жинд хүрэл медаль авсан. Мөн “Алтан цом 8th teakwondo international super league in 2025” олон улсын таеквондогийн тэмцээний ганцаарчилсан пүмсэ төрөлд алт медаль, тулааны 47 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн. Бусад хоёр төрлөөс нь хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль авч байсан. Сая “2026 Youth children taekwondo series tour” олон төрөлт тэмцээнээс долоон төрөлд өрсөлдөж, долоон алтан медаль авсан.


-Сэтгэлд нь хамгийн тод үлдсэн, дурсамжтай тэмцээн аль нь вэ?


-2025 онд БНХАУ-д зохиогдсон “Hangzhou Taekwondo Grand Slam” их дуулга тэмцээн миний сэтгэлд хамгийн тод, хамгийн сайхан дурсамж болон үлдсэн. Дэлхийн олон орны шилдэг тамирчидтай өрсөлдөж, өөрийн бүх чадвар, авхаалж самбаагаа дайчлан оролцсон тэр мөчүүд үнэхээр үнэ цэнтэй байсан. Ялангуяа ганцаарчилсан пүмсэ төрөлд 1-р байр эзэлж, алтан медаль хүртсэн тэр агшин миний амьдралын мартагдашгүй, бахархалт торгон мөч болсон. Тэр ялалтыг би өөрийн тууштай хичээл зүтгэл, зорилгын биелэл гэж боддог.


-Таеквондогоор хичээллэхийн хамгийн сайхан мэдрэмж нь юунд оршдог вэ?


-Олон хүнд бэлтгэл, олон хэцүү сорилтуудын дараа гаргасан жижиг ахиц бүр, маш их урам өгч, улам их дурлан хичээллэх хүслийг бий болгодог. Мөн ялалт байгуулсан үедээ өөрийн овог нэр болон Монгол Улсынхаа нэрийг дуудуулах нь хамгийн сайхан мэдрэмж байдаг.


-Ямар тамирчдаас үлгэр дуурайлал авдаг вэ?


-Би таеквондогийн “Нүүдэлчин” клубийн тамирчин Л.Бадам эгчээс хамгийн их үлгэр дуурайл авдаг. Анх түүний ярилцлага өгсөн бичлэгийг үзээд энэ спортод илүү их дурлаж, тууштай хичээллэх хүсэл маань улам нэмэгдсэн. Тиймээс би өөрийгөө байнга дайчилж, ирээдүйд түүн шиг чадварлаг, амжилттай тамирчин болохыг зорьж хичээж байна.


-Таеквондогийн тулаан, пүмсэгийн төрлөөс аль нь илүү сонирхолтой вэ?


-Таеквондогийн тулаан болон пүмсэ хоёр төрөлд хоёуланд нь адилхан дуртай. Тулаан нь хурд, мэдрэмж, шийдвэр гаргалт шаарддаг бөгөөд өөрийгөө сорьж, сэтгэл зүйгээ удирдах чадварыг илүү хөгжүүлдэг. Харин пүмсэ нь техник, тэнцвэр, гоо зүйг илэрхийлдэг учраас өөрийгөө илүү нарийн, төгс мэдрэмж гаргах боломжийг олгодог. 


-Чөлөөт цагаараа тулааны спор­тоос гадна өөр юу хийх дуртай вэ?


-Тулааны спортоос гадна га­даад хэл сурах сонирхолтой. Ялан­гуяа англи болон солонгос хэлийг сонирхон судалж, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Ирээдүйн зорилгод минь ч их хэрэгтэй учраас чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх нэг арга гэж үздэг.


 -2026 онд ямар тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байна вэ?


-Энэ онд өөртөө тавьсан хамгийн том зорилго бол таеквондогийн тулааны улсын аварга шалгаруулах тэм­цээнд амжилттай оролцох. Одоо­гоор бэлтгэлээ тууштай хийж, өөрийгөө илүү сайжруулан, өмнөхөөсөө ахисан түвшинд өрсөлдөхийг зорьж байна.


П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин