sonin.mn

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /ANADOLU/. Суданы хойд нутгийн Гедареф хот дахь Этиопын консулын газрыг хаахаар шийдвэрлэснээ Суданы эрх баригчид мэдэгджээ. Консулын газрын ажилтнуудыг 48 цагийн дотор тус улсыг орхин гарахыг шаардсан байна.

Суданы Al-Zawiya Net цахим хуудсанд бичсэнээр, Этиопын тал Ассоса хот дахь Суданы консулын газрыг хаах шийдвэр гаргасны хариуд дээрх арга хэмжээ авчээ.




Зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжиж байна хэмээн хоёр тал бие биенээ буруутгах болсноор харилцаа нь хурцадсан байна. Мягмар гарагт Суданы арми мэдэгдэхдээ, Этиопын нутгаас орж ирээд Цэнхэр Нил мужийн дээгүүр нисэж байсан нисгэгчгүй онгоцыг агаарын довтолгооноос хамгаалах хүчин буудаж унагажээ.



Өмнө нь, Шуурхай хариу ажиллагааны хүчний /RSF/ дронууд Суданы иргэний дэд бүтэц рүү дайрсан хэмээн Суданы тал Этиопыг буруутгаж байсан бөгөөд энэ талаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Африкийн холбооны Энх тайван, аюулгүй байдлын зөвлөлд гомдол гаргасан байна. Хариуд нь, Тыграй бүс нутаг дахь босогчдыг дэмжиж байна гэж Этиопын тал Суданыг буруутгажээ. Түүнээс гадна, хил орчмын Эль-Фашаг районтай холбоотой нутаг дэвсгэрийн маргаан олон жилийн өмнө үүссэн бөгөөд Судан, Этиопын армиудын хооронд мөргөлдөөн болж байсан юм.




Гедареф хот дахь Этиопын консулын газар 2015 оны 6 дугаар сард нээгдсэн бөгөөд хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүний наймаа зэрэг аюулгүй байдлын асуудлуудыг шийдвэрлэх зорилготой юм.



2023 оны дөрөвдүгээр сард Суданы засгийн газрын арми ба Шуурхай хариу ажиллагааны хүчний хооронд мөргөлдөөн дэгдсэнээр хоёр улсын хооронд дипломат сөргөлдөөн дахин үүссэн байна.  



Б.Адъяахүү