sonin.mn

Оршуулгын тухай нийтийн өргөдөл санаачлагч иргэн Д.Гансаруул заналхийлэлд өртөж байгаа асуудлаар Цагдаагийн Ерөнхий Газарт гомдол гаргажээ. Тэрээр энэ тухайгаа: "Өнгөрсөн баасан гарагт оршуулгын тухай хуультай болох иргэдийн өргөдлийг УИХ-аар хэлэлцсэн. Тодруулбал, Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг парламентын чуулганаар хэлэлцэх үеэр би УИХ-ын дарга болон гишүүдийн асуултад хариулсан. Миний хэлсэн үгийн бичлэг тухайн өдрийн оройноос цахим орчинд тархаж эхэлсэн.


Үүнээс хойш намайг заналхийлсэн, “шатаана”, “үнс болгоно” гэх мэт агуулгатай маш олон сэтгэгдэл, нийтлэл цахим орчинд гарч байна. Энэ талаар хуульчидтайгаа зөвлөлдөхөд “Яагаад ийм олон хоног хүлээж байгаа юм бэ? Цагдаагийн ерөнхий газарт яаралтай гомдол гарга” гэж зөвлөсөн. Тиймээс би өнөөдөр ЦЕГ-т албан ёсоор гомдлоо гаргаад ирлээ. Миний гомдлыг яаралтай шийдвэрлэж, холбогдох албан тушаалтанд хуваарилна гэдгийг хэлсэн.



Жанат гэх хүн намайг байнга цахим орчинд дурдаж, хаягийг минь тэмдэглэн, “Баян-Өлгийд ирээд чандарлуул” гэх мэт сэтгэгдэл бичиж байна. Энэ хүний талаар судалж үзэхэд УИХ-ын гишүүн С.Зулпхарын ойрын хамаатан, үеэл нь гэх мэдээлэл ирсэн.



Үүнийг би албан ёсоор тогтоогоогүй учраас цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байна. Эдгээр үйлдлийн цаана улс төрийн зорилго байгаа юм биш биз гэсэн хардлага ч надад төрж байгаа.


Намайг заналхийлсэн сэтгэгдлүүдэд “Чамайг бид шатааж, үнс болгоно” гэж бичсэн байна. Яагаад амьд хүнийг шатааж, үнс болгох тухай ярьж байгаа юм бэ? “Бид” гэж олон тоогоор ярьж байгаа нь ямар учиртай юм бэ? Бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар намайг айлган сүрдүүлж, амь насанд минь заналхийлж байгаа юм биш биз гэсэн болгоомжлол төрж байна. Үүнийг цагдаагийн байгууллагаар шалгуулахыг хүсэж байгаа.



Тэд “Үхэгсэд бидний хувьд үнэ цэнтэй. Хогийг шатаадаг болохоос үнэ цэнтэй зүйлээ хэзээ ч шатаахгүй” гэж тайлбарлаж байна. Тэгвэл нас барсан хүн үнэ цэнтэй юм бол амьд хүнийг шатааж болно гэсэн үг үү?



Саяхан Ховд аймагт 10 настай охиныг шатааж, амь насыг нь хохироосон гэх аймшигт хэргийн талаар мэдээлэл гарсан. Тэр хэрэгтэй холбогдуулан би маш их эмзэглэж байна. Одоо намайг дараагийн хохирогч болгох гэж байгаа юм уу? Намайг чиглэсэн эдгээр заналхийлэл бодит аюул учруулах эсэхийг хууль хяналтын байгууллага зайлшгүй тогтоох ёстой.


Эдгээр сэтгэгдлийн дунд эмэгтэй хүний бичсэн зүйл ч байна. Тэр сэтгэгдлийг уншаад би төдийгүй олон ээж, эмэгтэйчүүд сэтгэл санааны хувьд маш их цочирдсон. Эмэгтэй хүний амнаас ийм аймшигтай үг гарч болно гэж үү хэмээн үнэхээр гайхсан.


Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ бол Гансаруул гэдэг хувь хүний ганцаараа санаачилсан асуудал биш. Би 100 мянган иргэний итгэл, дэмжлэгийг хүлээж, тэдний саналыг нэгтгэн УИХ-д хүргүүлсэн өргөдөл санаачлагч иргэн. Өөрөөр хэлбэл, ард иргэдийнхээ хүсэлтийг парламентын түвшинд хүргэж, хууль эрх зүйн зохицуулалт бий болгохын төлөө ажиллаж байгаа хүн.


Гэтэл над руу чиглэсэн айлган сүрдүүлэлт, заналхийлэл долоо хоногийн турш тасралтгүй үргэлжилж байна. Иймд цагдаагийн байгууллага болон төрийн гурван өндөрлөг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна.


Мөн УИХ-ын дарга болон Өргөдлийн байнгын хороонд албан ёсоор хандахаар өргөдлөө бэлтгэсэн.


Цахим орчинд намайг заналхийлж буй хаягуудыг судлахад зарим нь мэдээллээ хаасан боловч бодит хүмүүсийн хаяг байх магадлалтай байна. Мөн монгол нэр ашигласан хуурамч, бот шинжтэй хаягууд ч ажиглагдаж байгаа. Баян-Өлгий аймгийн болон бусад иргэдээс эдгээр хүмүүсийн талаар мэдээлэл ирүүлж, хэнтэй хамааралтай, ямар хүмүүс болохыг хэлж байна. Иргэдээс ирүүлсэн мэдээлэл, утасны дугаар болон бусад баримтыг мөрдөн шалгах ажиллагаа явуулах албан тушаалтанд дамжуулж өгөхөд бэлэн байна.


Бидний санаачилсан өргөдөл одоо хууль боловсруулах ажлын хэсэг байгуулах шатанд шилжиж байна. Яг энэ үед намайг ингэж заналхийлж байгаа нь хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх, байр сууринаасаа ухраах гэсэн оролдлого юм биш биз гэж хардаж байна.


УИХ-ын даргад хандаж нэг хүсэлт тавимаар байна. Би энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт оролцох хүсэлтэй байна. 100 мянган иргэний саналыг нэгтгэж, парламентын түвшинд хүргэсэн өргөдөл санаачлагчийн хувьд хуулийн төсөл боловсруулах үйл явцад оролцох боломж олгож өгнө үү.


Хэрэв нөхцөл байдал цаашид хүндэрч, заналхийлэл үргэлжилбэл Хүний эрхийн Үндэсний Комисст хандах болно.


Иргэдийнхээ санал, хүсэлтийг УИХ-д уламжилж, хууль санаачлах үйл явцад оролцож байгаа хүнийг ингэж айлган сүрдүүлж болохгүй. Энэ бол зөвхөн миний хувийн аюулгүй байдлын асуудал биш. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн өргөдөл, гомдол гаргах, үзэл бодлоо илэрхийлэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхтэй холбоотой ноцтой асуудал юм.


100 мянган иргэний итгэлийг төлөөлөн өргөдөл гаргасныхаа төлөө би айдас, заналхийлэл дунд амьдрах ёсгүй. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг яаралтай шалгаж, миний болон гэр бүлийнхний аюулгүй байдлыг хангаж өгнө үү." гэв.


У.Ану