sonin.mn

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-ын Гадаад харилцаа, худалдааны сайд нарын 37 дугаар уулзалт арваннэгдүгээр сарын 3-нд Бээжин хотноо цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Уулзалтыг Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Худалдааны сайд Ван Вэньтао нар хамтран даргалав.


Уулзалтын үеэр Ван И хэлсэн үгэндээ, БНХАУ-ын дарга Ши Жиньпин АПЕК-ийн үндсэн зорилго болох эдийн засгийн өсөлтийг дэмжих, ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зарчмыг тууштай баримтлахын чухлыг онцолсныг тэмдэглэв.


Түүнчлэн нээлттэй хөгжлийн үр өгөөжийг харилцан хуваалцаж, хамтын ажиллагаагаар дамжуулан харилцан ашигтай үр дүнд хүрэх, хүртээмжтэй, тэгш оролцоонд суурилсан эдийн засгийн даяаршлыг урагшлуулах, Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын нийгэмлэгийг цогцлоох шаардлагатайг онцоллоо. Эдгээр үзэл санаа нь олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж буй энэ үед бүс нутгийн хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлж байгааг Ван И тэмдэглэсэн байна.


Хятад улс АПЕК-ийн гишүүн эдийн засгуудтай хамтран бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бодит үр дүнд хүрэхийн төлөө ажиллахад бэлэн байгааг тэрбээр илэрхийлээд, дараах дөрвөн чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх санал дэвшүүлэв.


Нэгдүгээрт, эв нэгдлийг бэхжүүлж, хамтын нийгэмлэгийн үзэл санааг бодит ажил хэрэг болгох. Гишүүн эдийн засгууд харилцан хүндэтгэл, итгэлцэлд тулгуурлан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн нийтлэг ашиг сонирхлыг эрхэмлэх шаардлагатайг онцлов.


Хоёрдугаарт, нээлттэй эдийн засгийг дэмжиж, бүс нутгийн интеграцын эрч хүчийг хадгалах. Дэлхийн худалдааны байгууллагад суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт урсгалыг дэмжих замаар Ази, Номхон далайн нээлттэй эдийн засгийн орчныг бэхжүүлэхийг уриаллаа.


Гуравдугаарт, инновац, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэрийг бий болгох. Бүс нутгийн цахим болон ухаалаг шилжилтийг түргэтгэж, технологийн дэвшилд тулгуурласан хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар эдийн засгийн шинэ боломжуудыг нээх шаардлагатайг тэмдэглэв.


Дөрөвдүгээрт, тогтвортой хөгжлийн төлөөх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх. Хөгжлийн үр өгөөжийг нийтэд хүртээмжтэй байлгах, ногоон болон нүүрстөрөгчийн ялгарал багатай эдийн засгийг дэмжихийн зэрэгцээ эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг хангахад хамтын хүчин чармайлт гаргахыг санал болголоо.


Ван И Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнууд эв нэгдэл, нээлттэй байдал, инновац, тогтвортой хөгжлийг эрхэмлэн хамтран ажилласнаар бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийтлэг хөгжил цэцэглэлтэд хүрэх боломжтойг онцолсон байна.


Г.Бямба