sonin.mn

2026 оны Дэлхийн интернэтийн бага хурлын Үжэний дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 4-нд гурав дахь өдрөө үргэлжилж, энэ үеэр Хятадын цахим орон зайн судалгааны хүрээлэнгээс боловсруулсан “Хятадын интернэтийн хөгжлийн тайлан 2026”, “Дэлхийн интернэтийн хөгжлийн тайлан 2026” хэмээх хоёр хөх номыг олон нийтэд танилцууллаа.

“Хятадын интернэтийн хөгжлийн тайлан 2026”-д тус улсын цахим технологи, инновацын салбар эрчимтэй хөгжиж, хиймэл оюун ухаан эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болж байгааг онцолжээ. Ялангуяа бие даан даалгавар гүйцэтгэх чадвартай хиймэл оюун ухааны агент болон бодит орчинтой харилцан үйлчилдэг биет хиймэл оюун ухааны технологийн хөгжил хурдацтай тэлж байгааг тэмдэглэсэн байна.


Тайланд дурдсанаар, 2025 онд Хятадын аж ахуйн нэгжүүдэд зориулсан хиймэл оюун ухааны агентын зах зээлийн хэмжээ 21.2 тэрбум юаньд хүрсэн бол биет орчинтой харилцан үйлчилдэг хиймэл оюун ухааны зах зээл 915 тэрбум орчим юаниар хэмжигджээ. Энэ нь хиймэл оюун ухааны технологи зөвхөн цахим үйлчилгээний хүрээнд бус, үйлдвэрлэл болон бодит эдийн засгийн салбаруудад өргөн нэвтэрч байгааг харуулж байна.


Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар Хятадад үүсгэгч хиймэл оюун ухааны 924 үйлчилгээ холбогдох бүртгэлийн шаардлагыг хангаж, энэ технологид суурилсан 573 хэрэглээний программ болон функц бүртгэгдсэн байна.


Хиймэл оюун ухааны хэрэглээний өсөлтийг илтгэх өөр нэг үзүүлэлт нь өгөгдөл боловсруулах хэмжээ юм. Тухайлбал, 2026 оны гуравдугаар сард Хятадад өдөрт дунджаар боловсруулсан токены хэмжээ 140 их наядад хүрч, хоёрхон жилийн хугацаанд мянга гаруй дахин нэмэгджээ. Токен гэдэг нь хиймэл оюун ухааны систем мэдээлэл боловсруулахдаа ашигладаг текст болон бусад өгөгдлийн үндсэн нэгж юм.


Тайланд Хятад улс цахим орон зайн олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, дэлхийн интернэтийн засаглал, технологийн хөгжлийн чиг хандлагад оролцох оролцоогоо нэмэгдүүлж байгааг мөн онцолсон байна.


Харин “Дэлхийн интернэтийн хөгжлийн тайлан 2026”-д технологийн шинэ хувьсгал, аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт эрчимжиж, дэлхийн хиймэл оюун ухааны хөгжил тоон өсөлтөөс чанарын шинэ шатанд шилжиж байгааг тэмдэглэжээ.


Тодруулбал, хиймэл оюун ухаан зөвхөн мэдээлэл боловсруулах, текст болон дүрс бүтээх хэрэглээнээс хальж, бодит орчинд ажиллах, үйлдвэрлэлийн үйл явцыг автоматжуулах, шинжлэх ухааны судалгааг хурдасгах чиглэлд улам өргөн нэвтэрч байна.

Ийнхүү 2026 оны Дэлхийн интернэтийн бага хурлаар танилцуулсан хоёр тайлан нь хиймэл оюун ухаан, цахим технологийн хөгжил дэлхийн эдийн засаг, үйлдвэрлэл, шинжлэх ухааны салбарт томоохон өөрчлөлт авчирч байгааг онцоллоо.


Г.Бямба