10-р сарын 8-9-ний өдрүүдэд Хятад, Европын Холбооны худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх зөвлөлдөх механизмын хоёр дахь удаагийн ээлжит хурал Бээжин хотод боллоо. Хоёр тал ажил хэрэгч, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж, дөрвөн үндсэн чиглэлийг хамарсан нийт 16 асуудлаар тохиролцсон байна. Мөн уг механизмын гурав дахь удаагийн ээлжит хурлыг 2027 оны 3-р сард зохион байгуулахаар тохиролцсон байна. Энэ нь Хятад, Европын Холбоо харилцан яриа, зөвшилцлийн замаар санал зөрөлдөөнөө зохицуулж, зөрчил маргаан даамжрахаас үр дүнтэй сэргийлж чадсаныг харуулж байна. Франс Пресс агентлаг зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Хятад, Европын Холбоо худалдаа, хөрөнгө оруулалт, зах зээлд нэвтрэх боломж зэрэг асуудлаар ойлголцолд хүрлээ”, “ харилцаа холбоогоо хадгалахаар тохиролцлоо”, “талуудын болгоомжлолыг намжаалаа” гэж мэдээлсэн байна.
Хятад, Европын Холбоо нь иж бүрэн стратегийн түншүүд бөгөөд хамтын ажиллагаа өрнүүлэх нь хоёрын талын үндсэн чиглэл юм. Гэхдээ сүүлийн жилүүдэд Европын Холбооны хүрээнд ивээх үзэл газар авч, зарим улс төрч Хятадыг “үйлдвэрлэлийн хэт их хүчин чадалтай”, “Хятад, Европын Холбооны худалдаа, эдийн засгийн харилцаа тэнцвэргүй” гэх мэт үндэслэлгүй буруу мэдээлэл тарааж, хоёр талын хэвийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд саад учруулах болсон байна.
Энэ оны 6-р сард Хятад, Европын Холбоо Брюссель хотод худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаарх зөвлөлдөх механизмын анхны хурлаа зохион байгуулсан юм. Тухайн үеэр хоёр тал уг механизмыг байгуулах зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын асуудлаар сайдын түвшний яриа хэлэлцээг бэхжүүлж, хоёр талын харилцааг тогтвортой, илүү тэнцвэртэй болгоход оршино гэдэгт санал нэгдсэн. Механизмын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын тэнцвэр, экспортын хяналт, оюуны өмч, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэл гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр ажиллахаар болсон бөгөөд эдгээр нь хоёр талын гол анхаарал хандуулж буй асуудлуудыг хамарсан байна.
Энэ удаагийн ээлжит хурлаар хоёр тал Хятад, Европын Холбоо худалдааны гол түншүүдийн хувьд тогтвортой, тэнцвэртэй харилцаагаа хадгалах ёстойг дахин нотолж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмын хүрээнд худалдаа, эдийн засгийн салбар дахь санал зөрөлдөөн болон харилцан анхаарал хандуулж буй асуудлуудыг тэнцвэртэй шийдвэрлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг судлах, хоёр талын худалдааг илүү тэнцвэртэй болгож, цаашид хөгжүүлэхээр тохиролцсон байна. Мөн Хятад, Европын Холбооны худалдаа, эдийн засгийн харилцаанд тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэх, зах зээлийн хүлээлтэд нийцүүлэх чиглэлээр нийт 16 асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Хоёр тал дэлхийн эдийн засгийн хоёр томоохон цогц болсны хувьд худалдаа, эдийн засгийн харилцаанд санал зөрөлдөөн гарах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхийн тулд бодит нөхцөл байдлыг тодорхой болгож, шалтгаан, үндсийг нь зөв тогтоох шаардлагатай. Одоогийн байдлаар Европын Холбооны эдийн засагт тулгарч буй хүндрэлүүд нь гол төлөв дотоодын хуримтлагдсан асуудлуудаас үүдэлтэй. Тухайлбал, зохицуулалтын тогтолцоо нь хэт төвөгтэй, нэгдсэн зах зээл нь хэсэгчилсэн байдалтай, эрчим хүчний үнэ өндөр зэрэг асуудал бий. Эдгээр хүндрэл нь Хятадын хөгжлөөс үүдэлтэй гэх мэтээр тайлбарлах нь үндэслэлгүй юм.
Хятад улс хариуцлагатай томоохон улсын хувьд худалдааны ашигтай тэнцлийг зориудаар эрэлхийлдэггүй. Европын зарим улс төрч “үйлдвэрлэлийн хэт их хүчин чадал” гэх асуудлыг дэвэргэхдээ барааны худалдааны алдагдлыг цорын ганц үзүүлэлт болгон авч үзэж, үйлчилгээний худалдаанаас Европын Холбоо ашигтай тэнцэлтэй байдгийг санаатайгаар орхигдуулдаг юм.
Бодит баримтууд Хятад улс Европт тулгарч буй асуудлуудын шалтгаан биш, харин тэдгээрийг шийдвэрлэхэд хамтран ажиллах түнш болохыг харуулж байна. Энэ жил Хятад улсын “15-р таван жилийн төлөвлөгөөгөө”-ний эхлэлийн жил тохиож байна. Энэ хугацаанд гадаад худалдааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, экспорт, импортын тэнцвэртэй хөгжлийг дэмжих, импортлохыг дэмжих технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтыг шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалтад тавих хязгаарлалтыг багасгах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх болно.
Эдгээр арга хэмжээ нь Европын Холбоог оролцуулсан дэлхийн улс орнуудад Хятадын зах зээлд нэвтрэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх илүү өргөн боломж олгох болно. Хятад дахь Европын Холбооны Худалдааны Танхимаас өнгөрсөн 5-р сард гаргасан судалгаагаар, судалгаанд хамрагдсан компаниудын 68 хувь нь Хятад дахь үйл ажиллагаагаа хэвээр хадгалах эсвэл өргөжүүлэх шийдвэр гаргасан байна.
Пүрэв - 10 сарын 15,
2026
Сэтгэгдэл0